Соёлын тэргүүний ажилтан, дуучин Б.Цогтдэлгэрийг “Соёл-Эрдэнэ”-ийн гэж тодотгодог. Тухайн үеийн уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн дэргэдэх “Кумо” хамтлагаас гараагаа авч, Монголын рок поп урлагийн түүхийг бичилцэж явсан тэрбээр “Соёл-Эрдэнэ” хамтлаг байгуулагдсаны 45 жилийн ойд зориулан энэ сарын 21-нд “Сэтгэлийн аяс” бие даасан тоглолтоо толилуулах нь. Монголын залуучуудыг нэгэн үе байлдан дагуулж байсан тус хамтлагийнхныг манай “Битлз” гэх нь бий. Өдгөө ч бидний сэтгэлийг татсан хэвээр буй олон сайхан бүтээл чухамхүү энэ л хамтлагийнх. Тэгвэл “Соёл-Эрдэнэ”-ийн отгон дуучин Б.Цогтдэлгэр тэртээх дал, наяад онд хөвсөлзүүлж байсан тэдгээр дуу, аялгуугаар хүмүүсийг дайлах гэж байна. “Түүнд би хайртай байсан”, “Хайрлая” зэрэг хит дуунуудаас бүрдсэн тоглолтод “Бэнд лорд” хамтлаг, цөөхүүл хөгжмийн “Академи” чуулга болон сонгодог, поп урлагийн шилдгүүд оролцох юм байна. “Гранд хилл” зочид буудлын концертын танхимд ганц удаа болох тоглолтын тасалбар 50 мянган төгрөг гэсэн.