Цаг хугацааны эргэлтэд баларч, бүдгэрэлгүй мөнхөрч чадах намтар түүхээ бичих хувь хүн бүхэнд заяадаггүй. Тэгвэл Очирын Цэвэгжав авьяас билгээрээ Монголын дүрслэх урлагийн түүхэнд өөрийгөө алтан үсгээр мөнхөлж чадсан бахархалт хүн. Түүний бүтээлүүдээс Монгол үнэртдэг. “Азарганы ноцолдоон”, “Бухын мөргөлдөөн”, “Гүүн зэлэн дээр”, “Түмний эх”, “Эмнэг сургагч” гэхчлэн түүний туурвил бүрт монгол эд, эс байдаг нь бахархам.
Зураг урлалын газар буюу Монголын дүрслэх урлагийн байгууллагын тулгын чулууг тавилцсан, ХХ зууны манлай зураач, ийм нэгэн хүндэт эрхмийг “Өнөөдөр” сонин онцлон дурсаж байна. Монголын гарамгай зураач тэрбээр бүтээхийн төлөө үргэлж шинэ рүү тэмүүлдэг, басхүү сониуч нэгэн байжээ. Гэхдээ цаг үеэсээ түрүүлэн сэтгэснийхээ төлөө О.Цэвэгжав Намын Төв Хорооноос донго хүртэж явсан түүхтэй.
Түүний охин Дагиймаатай ярилцаж, аавынх нь тухай сайхан дурсамжуудаас хуваалцлаа.
-Цэвэгжав гэдэг хүн ямар уран бүтээлч байсныг түмэн олон мэднэ. Тэгэхээр бүтээлээ хийгээд “дуншиж” суугаа аавынхаа төрхийг Та дүрсэлбэл сонин байх болов уу.
-Зурахаараа “Беламор канал” тамхиа зууж аваад нам сууна шүү дээ. Ер нь аав маань үг цөөтэй, элдэв зангүй, ёстой л эр хүн байсан. Их уужуу тайван, дандаа л инээж явна. Биднийг загнаж, хашгирч байсныг нь мэдэхгүй юм. Бид аав, ээжээсээ долуул. Гэрээ буулгаад, орилж хашгираад, ноцолдоод бөөн юм болж байхад аав зураад л сууж байна. Долоон хүүхдийн чимээ шуугиан ямар байх вэ. Дээрээс нь Дорнодоос аавын хамаатны дөрөв, таван хүүхэд хотод оюутан болоод ирчихсэн. Манайд л байна. Одоогийнх шиг дотуур байр, хөлсний сууц гэх юмгүй учраас тэр үед хөдөөнөөс ирсэн оюутнууд хамаатан садныдаа л амьдардаг байсан. Дээрээс нь ах нарын маань ангийнхан, аавын шавь нар гээд хөл толгой нь олдохгүй орж, гарч бужигналдана. Тэгээд эмээ, аав, ээж гээд бүгдээрээ гурван өрөө байранд шүү дээ. Нэг өрөөнд тэр чигтээ аавын зураг, бийр, харандаа, цаас. Тосон будаг үнэртсэн л айл байлаа. Аав маань 1915 онд Онон голын сав газарт Шаазгайт хэмээх нутагт төрсөн юм билээ. Нэг настай байхад нь аав, ээж нь Дорнодын Баяндун суманд нүүж иржээ. Сумынхаа сургуульд 1926 онд ороод, 1931 онд төгсөж багш болсон. 44 жил сурган хүмүүжүүлэх ажилд зүтгэж байгаад 1975 онд 60 насандаа өөд болсон доо. Үүгээр юу хэлэх гээд байна гэхээр аав минь ердөө дөрөвдүгээр ангийн боловсролтой ч, авьяас билгээрээ өөрийгөө гаргаж чадсан хүн. 1943 онд Зураг урлалын газрыг байгуулсан долоон хүний нэг шүү дээ. Соёл урлаг, утга зохиолын шилдэг бүтээл, шинжлэх ухааны гарамгай нээлт, бүтээл туурвисан хүмүүст олгохоор баталсан Маршал Чойбалсангийн нэрэмжит шагналыг хүртсэн анхны 10 хүний нэг. 1945 онд “Дайнаас буцаж ирсэн нь” бүтээлийг нь үнэлэн Чойбалсангийн нэрэмжит шагнал хүртээсэн. Ердөө хоёр жилийн дараа 1947 онд “Гурван баатар” зургаараа мөн л Төрийн шагнал хүртсэн.
“Гүүн зэлэн дээр дуншиж” буй О.Цэвэгжав
-О.Цэвэгжав зурахаасаа өмнө асар их судалгаа хийж, бодож бясалгаж, зургаа “хүлхэж, зажилж, долоож, үнэрлэж” мэдэрдэг байсан гэж зураачид дурссан байдаг юм билээ. Ер нь зураач болон барималчид хүн, амьтны анатомийг эмчээс дутахгүй мэддэг нь бүтээлүүдээс харагддаг.
-Үнэхээр судлаач байсан. Жишээ нь, “Азарганы ноцолдоон”-оо зурах гэж 15 жил болсон шүү дээ. Зүгээр л зурчихгүй. Маш олон янзаар зурж байж эцсийн бүтээлээ гаргасан. Хоёр азаргаа баримлын шавраар хийгээд, “ноцолдуулж” байгаад зурна. Азарганыхаа араг ясыг эхэлж зураад, тэгээд “ноцолдуулсан” нэг хувилбар бий. Азаргаа цээж, бөгсөөр нь тус тусад нь зурсан. Энэ маягаар тухайн амьтны анатомийн бүтцийг гаргаж, маш нарийн судалсан. Маш олон хувилбараар, нэгбүрчлэн, хэсэгчлэн зурсан. Зөвхөн энэ зургийг ч биш, бүх л бүтээлээ тэгж хийдэг байсан юм. “Бухын мөргөлдөөн”-ий объектуудыг бүгдийг тусад нь янз бүрээр зурсны дараа нэгдсэн бүтээл нь гарсан юм. Хөдөлгөөнийг ингэж л гаргахгүй бол бодитой болдоггүй юм байна л даа. Миний ээж Монголын анхны эмэгтэй барималч Дамдины Дамдимаа шүү дээ. Ээж минь бурхан болоод хоёр жил болж байна. Ээж уран бүтээлч хүн байсан учраас аавын бүтээл, эскиз зураг гээд энд байгаа бүгдийг цэгцэлж, хадгалж, бидэнд үлдээсэн.
-Таны ах дүү нараас олон уран бүтээлч төрсөн. Харин ач, зээ нарын дундаас өвөө, эмээгийнхээ шийрийг хатаахаар хүүхэд гарав уу?
-Миний дүү Дашиймаа хүүхэлдэйн киноны зураач байсан. (Тэрбээр ердөө 37 насалсан ч “Эрх цагаан ишиг”, “Гацуурхан”, “Азар, Базар, Тазар”, “Сайн жаал” зэрэг бүтээлээрээ түмэн олонд танигдаж чадсан нэгэн). Түүний хүү Д.Очир уран барималч болохоор Австрийн Венийн их сургуульд сурч байна. Тэр ирээдүйд цахиур хагална шүү. Бидний дундаас дөрөв нь зураач болсон. Аав маань бүгдийг нь яаж зураач болгох вэ гээд намайг Хөгжим бүжгийн дунд сургуулийн төгөлдөр хуурын ангид оруулсан юм. Аав биднийг урлагт дурлуулахад асар их нөлөөлсөн. Урлагийн хүн асар тэвчээртэй байхыг, эхэлсэн ажлаа төгс дуустал нь хийх ёстойг, аливаад шамдан сурахыг өөрөө үлгэрлэн сургасан даа. Бид хэд аавд даалгавраа шалгуулна аа. Жаахан л дутуу дулимаг бол амнаас нь үг гарахгүй дээ. Яс хийсэн цагт л “Болсон” гэж хэлнэ.
Зураг урлалын газрын зураачид нэг өрөөнд бөөнөөрөө уран бүтээлээ хийдэг байжээ. Зураг дээр зураач Д.Чойдог (Төрийн шагналт)
О.Цэвэгжавыг зурж, наана нь Ү.Ядамсүрэн (Төрийн шагналт) бүтээлээ туурвиж буй нь
-Ирэх зургадугаар сард аавынхаа уран бүтээлээр үзэсгэлэн гаргахаар бэлтгэж байгаа гэсэн. Хэчнээн бүтээлийг нь дэлгэх вэ?
-О.Цэвэгжавын мэндэлсний 100 жилийн ойд зориулан олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн. Ээж минь аавын энэ ойг тэмдэглэнэ гэж их ярьдаг байлаа. Үзэсгэлэнд одоогийн байдлаар гэрт байгаа 120- иод бүтээлийг тавихаар эхнээс нь жаазлуулаад янзалж байна. Үүн дээр цуглуулагчдын гарт байгаа бүтээлүүдийг нь оролцуулахаар ярьж байгаа. Тэгээд галерейн сан дахь зургуудыг тавина. Үүнээс гадна аав маань харандаагаар зурсан 200 орчим хөрөг бий. Эдгээрээс нь багтаана.
-Цэвэгжав гуайн “Гүүн зэлэн дээр” хэмээх сайхан бүтээл нь нөгөөх айхтар явдлын үеэр шатсан гэсэн үү?
-Галерейн сан хөмрөгт байсан хэд хэдэн бүтээлийн эх хувилбар шатсан гэсэн. Тэдгээрийн дунд аавын “Гүүн зэлэн дээр” байсан гэж хэлээд хоосон жааз л үзүүлсэн шүү дээ. Үнэхээр шатсан уу, яасан мэдэхгүй байна. Бас Ядамсүрэн гуайн “Өвгөн хуурч” мөн шатсан гэсэн.
-Уран зургийн галерей О.Цэвэгжавын үзэсгэлэн зохион байгуулахад хэр тусалж байгаа бол. Ер нь улсаас тодорхой төсөв баталж, алдартай ахмад уран бүтээлчдийн тэгш ойг тэмдэглэдэг. Энэ жил харин энэ тал дээр дуугарахгүй байх шиг.
-Уран зургийн галерейд үзэсгэлэн зохион байгуулахад түрээс төлдөг гэсэн. Галерейн дарга Батбаяр гэдэг залууд би үзэсгэлэн гаргах талаараа дуулгахад “Оны өмнө мэдэгдэх ёстой байсан. Манайх ачаалалтай байгаа учраас тэр үзэсгэлэнг чинь гаргаж чадахгүй. Ямар ч сайд дарга ирсэн бай, хамаагүй чадахгүй” гэсэн. Тэгэхээр нь би “Энэ галерейн сан хөмрөгт аавын минь 30-аад уран бүтээл бий. Та нар Цэвэгжав гэдэг хүний зургаар мөнгө олдог байж ингэж болохгүй. Би жил бүр үзэсгэлэн зохион байгуулна гээгүй. Энэ жил мэндэлснийх нь 100 жилийн ой тохиож байгаа учраас ингэж явна” гэсэн. Хэрэв тэр галерей зөвшөөрөхгүй гээд өөр газар руу явна гэхээр улсын сан хөмрөгт байгаа олон том зургийг хааш нь зөөх вэ. Тээвэрлэх явцад гэмтэж, урагдвал яах вэ гэхчлэн асуудлууд ургана. Хэн хариуцах юм бэ. Уг нь Уран зургийн галерей бол тэр залуугийнх биш, улсынх шүү дээ. О.Цэвэгжавын 100 жилийн ойн үзэсгэлэнг сонирхох хүн олон байгаа. Тэр галерейд л орлого орно шүү дээ. Нөгөөтэйгүүр ийм үзэсгэлэн зохион байгууллаа гээд бахархах ёстой байтал татгалзаад байгаад нь би гайхсан. Уг нь энэ байгууллагын тулгын чулууг тавьсан, Төрийн хошой шагналт зураачийн үзэсгэлэнг санаачлан, зохион байгуулах газар бол угтаа Уран зургийн галерей байх учиртай. Гэтэл ийм нэг явдал болоод байна даа. Би БСШУ-ы дэд сайд Б.Тулгад хүсэлт тавьсан байгаа.
О.Цэвэгжавын охин, хүүхэлдэйн киноны зураач Дашиймаа аавынхаа хөргийг зурсан нь энэ
-“Азарганы ноцолдоон”-ыг хэн өөрийнх өөрөө сайн зурах вэ” сэдэвт уралдааны дүн хэзээ гарах билээ?
-СУИС-ийн оюутнуудын дунд ийм уралдаан зарласныг энэ сарын 10-нд (өнөөдөр) дүгнэнэ. Мөн тус сургуульд Очирын Цэвэгжавын нэрэмжит урлан байгуулна. Энэ сарын 15- нд хийх нээлтийн ёслолоор оюутнуудын зурсан “Азарганы ноцолдоон” зургуудыг байрлуулахаар төлөвлөсөн. Тэгээд зургадугаар сарын 5-15-нд эрдэм шинжилгээний хурал, үзэсгэлэн зохион байгуулна.
-Цэвэгжав гуай нэг зургаасаа болоод хэлмэгдсэн гэдэг?
-1968 онд “Эхийн цагаан сэтгэл” гэсэн абстракт уран бүтээл хийгээд балрах шахсан. Бодит зүйл зурдаг ахмад хүн ингэж болохгүй. Залуучуудыг барууны хийсвэр урлагт уруу татлаа гэж шүүмжлүүлээд, намаасаа хөөгдөх шахсан юм. Энэ зураг нь одоо Уран зургийн галерейн санд байгаа. Тэр үед хийсвэр зураг зурсан гээд зураач Баярыг 45 хоног хөдөө мал маллуулахаар хөөсөн байдаг. Чехэд сурдаг байсан залуу зураач Балдандорж авангард зургаасаа болж хоёр жил сургуульдаа явж чадалгүй, өнжсөн. Энэ мэтээр донгодуулсан хүн олон. Урлан бүтээж туурвих шинэ санааг нь дарж байсан нь харамсалтай. Тэгээгүй бол ямар ч гайхалтай бүтээлүүд төрөх байсан юм. Аав “Эхийн цагаан сэтгэл”-ээ орон доороо нуудаг байсан. Тэгээд Балдандорж шавьдаа “Чи бид хоёр эсэргүүний үед бол буудуулах байж. Харин ч гайгүй, ингээд өнгөрсөн нь их юм” гэж зоригжуулсан гэдэг. Тэр үед Ж.Самбуу гуай Намын Төв Хорооны хурлаар аавыг “Нөхөр Цэвэгжав нь залуучуудыг уруу татан, төөрөгдүүлж байна. Будаг нийлүүлдэг хавтгай модон дээрх будгийг хусаад арилгаж болно. Харин толгой доторх буруу үзлийг хэрхэн арилгах билээ” гэж шүүмжилсэн юм билээ. Харин шавь нар “Манай багш зоригтой” гэж урамшуулж байсан.
Түүний уран бүтээлийн туурвил, арга барилын талаар урлаг судлаач доктор, профессор Ц.Эрдэнэцог, Л.Батчулуун нар хэрхэн дүгнэснийг товчлон, түүвэрлэн хүргэе.
“Өнгөрсөн зуун жил бол Монголын дүрслэх урлагийн хувьд нарийн ээдрээтэй тэмцэл, уран сайхны сэтгэлгээнийхээ төлөө сайн, муу хэлүүлж явсан үе. Нэг ёсондоо тэмцлийн үе байсан. О.Цэвэгжав МАХН-ын Төв Хорооны 28 дугаар тогтоолд нэр заагдаж, хөрөнгөтний урлагийн ангал руу хальтирсан хэмээн зэмлүүлж явсан. Түүнийг Монголын урлагт шинэ урсгал оруулж ирсэн хэмээн хүлээн зөвшөөрөхүйц уран бүтээлч. Уран зургийн лабораторид нь орж үзвээс гол болон туслах дүрийг шүтэлцүүлэн боловсруулахын эрдэмд төгс боловсорсон нь мэдрэгддэг. Тэрбээр амьдралынхаа турш таван зуу гаруй таталбар, судалбар, зураасан зургийн бүтээл хийжээ. Үүний дотор шог зураг, номын зураг ч бий. Тэгэхээр энэ хүн зөвхөн уран зурагт биш, бусад төрөлд ч авьяас билгийн очтой байсан. Амьтан дүрслэлийн урлах ухааны хувьд О.Цэвэгжав үеийнхнийхээ хүрээгүй өндөр түвшинд хүрч чадсан.
Тэрбээр байгалиас заяасан хосгүй билэг авьяасаа бүтээлч хөдөлмөртэйгөө нэгтгэж чадсанаар ийм бахдам амжилтад хүрсэн” хэмээн дүгнэсэн бол О.Цэвэгжав гэж ямархан сурган хүмүүжүүлэгч, ямар хүн байсныг Хөгжим бүжгийн дунд сургуулийн зургийн ангийг 1969 онд төгссөн уран бүтээлчид ийнхүү дурсаж байна. “Багшийн маань уран бүтээлүүд Ази тив болон дэлхийн дүрслэх урлагийн санд тодорхой байр суурь эзэлснийг гадаад, дотоодын урлаг судлаачид зүй ёсоор хүлээн зөвшөөрдөг. Энэ бол уран бүтээлийнх нь цар хүрээг харуулсан үнэлгээ. Багш маань уран бүтээлийн нүсэр ажлынхаа хажуугаар Монголын дүрслэх урлагийн ирээдүйн боловсон хүчнүүдийг бэлтгэсэн гавьяатай.
Монголын бүх уран бүтээлчийг О.Цэвэгжавын шавь гэхэд буруудахгүй байх. Учир нь түүний шавь нар мөн л олон салаалсан байгаа. Багш маань хичээлээ заагаад л болчихгүй. Яг л бидний аав шиг, ах шиг байж, сэтгэлээрээ нэгддэг байсан юм. Хэрийн юманд дуугардаггүй, тайван багшийнхаа тэвчээрийг бид их бардаг байж дээ.
“Дайнаас буцаж ирсэн нь” 1945 он
Гэсэн ч загнахгүй, учирлаад, ухуулаад л байна. Хүүхдүүдийг аргадаж, сэнхрүүлж, духан дээр үнсээд л “Дахиж ингэж болохгүй” гээд өнгөрдөгсөн. Нэг удаа баруун аймгууд руу томилолтоор явсан багш маань шуудангийн машины тэвшин дээр сууж л дээ. Зам зуурт нь бороо орж, машин онхолдож, дөрвөн дугуй нь дээш харчихсан, багшийн толгой тэвшний гадна гарчихсан байсан гэсэн. Машиныг жаахан л эвгүй хөдөлгөвөл тэвшний самбар хүзүүг нь таслахад бэлэн байсан гэнэ. Ийм байдалтай гурав хоносон гэж байгаа. Тэр ослын талаар бид сонирхож, тухайн үед юу бодож байсныг нь асуухад “Үр хүүхэд, эхнэр, хэдэн шавь нараа бодсон. Гэхдээ хамгийн харамсаж байсан нь “Азарганы ноцолдоон”-оо дуусгаж чадсангүй дээ гэж бодогдоод байсан” гэж билээ. Энэ бол түүнийг ямар уран бүтээлч вэ гэдгийг харуулах том жишээ. Манай багш тийм л төгс төгөлдөр хүн “АЗАРГАНЫ НОЦОЛДООН”-ы О.Цэвэгжавын зээ хүү Очир Венийн их сургуульд уран барималчаар сурч буй нь энэ гэр бүлийн гуравдахь үеийн уран бүтээлч юм. 1945, 1947 онд О.Цэвэгжав “Дайнаас буцаж ирсэн нь”, “Гурван баатар” бүтээлээрээ Төрийн шагнал хүртжээ. Түүний 30- аад уран бүтээл улсын сан хөмрөгт хадгалагдаж буй. нэгддэг байсан юм. Хэрийн юманд дуугардаггүй, тайван багшийнхаа тэвчээрийг бид их бардаг байж дээ. Гэсэн ч загнахгүй, учирлаад, ухуулаад л байна. Хүүхдүүдийг аргадаж, сэнхрүүлж, духан дээр байлаа” хэмээн дурссан юм.
Үнэхээр О.Цэвэгжав бүтээлийнхээ төлөө ийнхүү амьдарч байсан учраас аавынхаа нэрнээс гадна “Азарганы ноцолдоон”- ы хэмээх давхар овогтой болсон юм болов уу.
Ж..ЭРДЭНЭ