Монголын урлагийн зөвлөл /МУЗ/ -өөс Хууль зүйн яамны дэмжлэгтэйгээр гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, энэ талаарх олон нийтийн ойлголтыг дээшлүүлэх, урлагийн хувь хүний болон нийгмийн хөгжилд үзүүлэх хувь нэмрийг дээшлүүлэх зорилготой “Үл үйлд” медиа төслийг хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд “Урлаг ба Гэр бүлийн хүчирхийлэл" хэлэлцүүлгийг "Улаан гэр" галерейд өнөөдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт гэр бүлийн хүчирхийллийн эсрэг, түүнээс урьдчилан сэргийлэх, олон нийтийн ойлголт, хандлагад нөлөөлөхийг зорьж уран бүтээлээ туурвисан залуу уран бүтээлчид болон энэ чиглэлээр ажилладаг мэргэжлийн байгууллагын төлөөлөл оролцон санал бодлоо солилцов.
Хэлэлцүүлэгт оролцогчид, “Урлаг бол аливаа асуудлыг хүн ба нийгэмд хүргэх хамгийн ойр арга хэлбэр. Олон улсад урлагаар дамжуулан нийгмийн тодорхой асуудлыг шүүмжилж, илчилж, олны анхаарлыг татаж, уриалан дууддаг туршлага их байдаг. Үүний нэгэн адил өнөөдөр Монголын нийгмийн тулгамдсан асуудлын нэг болох гэр бүлийн хүчирхийллийг уран бүтээлчид бид дуу хоолойгоор илэрхийлэхийг зорьсон ” гэв.
Тэд өнөөдөр бидний амьдралд хэвшил, нүдэнд дасал болтлоо анзаарагдахаа больсон гэр бүлийн хүчирхийллийг өөрсдөөсөө эхлэн үл зөвшөөрч, үл тэвчиж, улмаар олон нийтээрээ хүчирхийллийг үл үйлдэхэд өөрсдийн дуу хоолойгоо хүргэхийг уриалав.
Хэлэлцүүлгийн үеэр гэр бүлийн хүчирхийллийн эсрэг бүтээл болох найруулагч Ш.Ихбаярын “Гадар тойрог”, Б.Чингүүний “Гэр бүлийн хөрөг” видео бүтээлийг толилуулсан юм.