Насаараа ганц бие явсан Норвегийн зураач Эдвард Мүнк зурсан зургуудаа үр хүүхэд шигээ санадаг байв. Амьдралынхаа сүүлчийн 27 жилийг Осло хотын гаднахан байх эдлэн газартаа орь ганцаархнаа өнгөрөөсөн тэрбээр бүтэн жарны өмнө зурсан зургуудаа хүртэл ханандаа өлгөдөг байжээ. Түүнийг 1944 онд 80 настайдаа өөд болоход албаны хүмүүс байшингийнх нь хоёрдугаар давхрын цоожтой өрөөнүүдээс жаазалсан 1008 зураг, 4443 хар зураг, модон болон чулуун 15 мянган бар, 500- гаад сийлбэр, тоолохын аргагүй, магад хэдэн зуун мянгад хүрэх гэрэл зураг олсон гэдэг. Тэдгээр нь бүгд Мүнкийн өөрийнх нь бүтээл байж. Гэтэл одоо түүнийг шинэ цагийн дүрслэх урлагийн анхдагч гэхээсээ ганц л зургаар дурсан санадаг нь тоогүй. Мүнкийн “Хашгираан” бол модерн уран зургийн бэлгэ тэмдэг, энэ цагийн “Мона Лиза” гэдэгтэй маргах хүн цөөн байх. Леонардо да Винчи нууцлаг авхайн хөргөөрөө Сэргэн мандалтын үеийн ёсорхог, амарлингуйн дүр төрхийг бүтээсэн бол Мүнк эр, эм нь үл мэдэгдэх, гонзгой нүүртэй, айж цочирдсондоо амаа ангайж, нүд нь бүлтрэх шахсан, орчин тойрондоо ууссан “амьтан”-аар шинэ цагийнхны сэтгэлийн зовнил, үл мэдэхүйгээс айх далд түгшүүрийг гаргасан гэлтэй байдаг.
Тэрбээр уг зургаа зурахаас олон жилийн өмнө хоёр найзтайгаа салхилж явахдаа түүнийг олж харжээ. Хожим дурсан бичсэнээс нь үзвэл тэр үдэш тэнгэрийн хаяа гэнэт л цусан улаан өнгөтэй болж, зэрэгцэж явсан нөхдийнх нь царай шаргалтаад явчихаж. “Тэгэхэд жаргаж байгаа нар байгалийн өмнөөс хашгирах шиг болж, тэр нь миний чихэнд эцэс төгсгөлгүй мэт цуурайлж байлаа” гэж Мүнк бичсэн байна. Энэхүү алдартай зургаа Мүнк тосон будгаар хоёр удаа хуулбарлан зурж, өнгийн цэрдээр модон хавтан дээр мөн хоёр ч удаа буулгасан байдаг. Тосон будгаар зурсан хоёр “Хашгираан”- ы нэг нь Норвегийн Үндэсний галерейд, нөгөө нь Осло хотод байх Мүнкийн музейд бий. “Мүнкийн зургуудаар олон хүн ашиг олдог. Даанч түүнийг уран зургийн наймаачид, урлагийн шүүмжлэгчдээс өөр хүмүүс бараг мэддэггүй. Орчин цагийн зураачдаас хамгийн их танигдсан атлаа, бас огт танигдаагүй зураач бол Мүнк юм” гэж түүний намтрыг бичсэн Сью Придуагийн хэлсэн нь үнэний ортой. Мүнкийг таних хамгийн эхний бөгөөд чухал алхам бол мэдээж зургуудыг нь “унших” юм. Түүний бүтээлүүдээс үхэл хагацал үзэж, өвдөж шаналсан, эмгэнэлт хувь тавилан туулсан хүн харагдана.
Мүнк ч гэсэн өөрөө “Амьдралаас айх, өвчнөө мэдрэх нь надад чухал. Энэ бүх айдас, уй гуниггүй бол би залуургүй хөлөг шиг болно. Зовлон бол энэ биеийн минь нэг хэсэг, миний бүтээл туурвил. Шаналахаа байчихвал би бүтээхээ болино” гэж тунхагласан байдаг. Түүний хувьд гадаад ертөнцийн бодит байдлыг зурж дүрслэх нь зураачийн ажил биш, харин дотоод мэдрэхүй, эмзэглэлээ буулгах нь зураачийн үүрэг төдийгүй, хувь заяа байлаа. Осло, Стокгольм, Лондоны төв галерей дахь Мүнкийн зургуудаас үнэхээр ч зөвхөн тэр өөрөө л харагддаг юм. Зураач гэхэд ч хэтийдсэн жинхэнэ нарциссист хүн гэвэл Мүнк байв. Тиймээс ч ямар ч зураачаас илүү зургуудаараа намтраа бичиж үлдээжээ. Натуризмыг шүтэгч, Норвегийн зураач Кристиан Крогийн удирдлага дор анх зурж эхэлсэн ч Мүнк сэтгэл санааны байдлаа элдэв маяг, нууц өгүүлэмж, далд бэлгэдэлгүйгээр шуудхан буулгах аргыг өөртөө хэвшүүлсэн байна. Энэ тухайгаа “Бийрээ аваад л би модель руугаа харахаа больдог. Харж байгаа зүйлээ биш, харж мэдэрсэн зүйлээ л зурахыг хүсдэг” гэж бичсэн юм. Хэвшмэл арга барилаас ийнхүү татгалзахад нь Парист анх харсан Гоген, ван Гог нарын зургууд түүнд нөлөөлжээ.
Дүрслэх урлагийн академи болоод Салон гэгддэг, тухайн цагийн Парисын зураачдын албан ёсны үзэсгэлэнгийн аль алинд нь хүлээн зөвшөөрөгдөөгүй энэ хоёр зураач энгийн дүрслэл, хүчтэй сэтгэгдэл төрүүлэхүйц хурц тод өнгөөрөө Мүнкийг татсан байна. Ингээд эцгээсээ зөрөн байж технологийн сургуулиа орхиж, дүрслэх урлагийн дээд сургуульд суралцаж байсан Мүнк өөрийнх нь зурсан ханыг “Ногоон сүүдэртэй байна” гэж шүүмжилсэн франц багшынхаасаа 1890 оны эхээр гарч яваад, дахин академик боловсрол эзэмших гэж шамдсангүй. Модон бар дээр зурах арга барилаас нь түүний энэхүү бие даасан, хараат бус байх гэсэн хүсэл тод харагддаг. Модон дээр зурахдаа ганц л өнгө ашиглах бөгөөд будгаа энд тэнд цоохортуулж орхих нь модны шаргал өнгийг тодруулж, модон барыг он удаан жил хадгалсан байгалийн бүтээгдэхүүн шиг харагдуулна. Мүнкийн эл барлах арга XX зууны эхэн үеийн Германы экспрессионистууд, түүний дотор Эрснт Людвиг Кирчнер, Август Маке нарт ихэд нөлөөлсөн байна. Гэхдээ Мүнк бусдад нөлөө үзүүлж, үлгэр болохуйц багш, ахмад уран бүтээлч гэгдэхээс үргэлж зайлсхийдэг байжээ.
Мүнк нас дээр гарсан хойноо ч ахмад настан, хуучны хүн гэж хэлүүлэх дургүй байлаа. Шинэ цагийн сэхээтэн, орчин үеийн уран бүтээлч гэгдэхийг илүүд үзэж, шинэлэг зүйл туршиж үзэхээс огт эмээж байсангүй. Урланд нь зочилсон хүмүүс түүнийг салхи, бороотойд хүртэл зургуудаа гадаа ил тавьдаг байсныг гайхан тэмдэглэсэн байдаг. Нэг хэсэг Мүнкийг зургаа дуусгадаггүй, үргэлж дутуу бүтээл, хар зураг гаргадаг гэж шүүмжилдэг байж. Харин түүний хүсэл чухамдаа энэ байжээ. Зургуудаа элэгдсэн мэт харагдуулж, дүр дүрслэлүүдийг нь бүдгэрүүлэн, зовлон туулсан мэт сэтгэгдэл төрүүлэх гэхдээ тэднийгээ гадаа тавьж, гандуулдаг байж. Бүх зүйл нь бэлэн зэхээтэй, тансаг орчинд суугаад зураг зурдаг хүмүүсийн бүтээл шиг өөгүй, гялалзсан зүйл бүтээхийг Мүнк хүссэнгүй. “Нүдний өмнө байгаа сандлыг биш, сандал дээр сууж байгаад явсан хүний, эсвэл тэр ор хоосныг хараад шимширч буй хүний сэтгэлийг мэдрүүлэх нь л чухал юм” гэж тэр бичжээ. Мүнкийн анхны дурсамж сандалтай холбоотой. Үхлүүт байсан ээжийгээ одоогийн Осло буюу тухайн үеийн Кристиания хот дахь гэрийнхээ цонхоор гадагш харж, тариалангийн талбай ширтэж байсныг тэр үргэлж санадаг байв. Сүрьеэгээр бурхан болсон ээж нь тэгэхэд өрөөнийхөө булан дахь хуучин муу модон сандал дээр сууж байж. Эдвард хүүг таван настай байхад буюу 1868 онд ээж нь өөд болсон байна.
Түүнтэй хамт эгч, гурван дүү нь мөн өнчирч үлджээ. Эмч мэргэжилтэй, чин сүжигтэй эцэг Кристиан нь хүүхдүүдийнхээ боловсрол, хүмүүжилд ихэд анхаарсан ч тэдэнтэйгээ ойр дотно байсангүй. Нагац эгч Карен нь Мүнкийнхэнтэй хамт амьдрах гэж ирсэн ч Эдвард хүүгийн хувьд хамгийн ойр хүн нь түүний эгч Софи байлаа. Хайртай эгч нь ээжээсээ хойш есөн жилийн дараа 15 настайдаа мөн л сүрьеэгээр нас барсан нь Мүнкийг насан туршид нь дагах уй гашууд автуулжээ. Амьсгал хураахаасаа өмнө эгч нь орноосоо өндийж, сандал дээр суухыг хүссэн гэдэг. Мүнк мөнөөх сандлыг өөд болтлоо унтлагын өрөөндөө байлгасан нь өдгөө Осло дахь Мүнкийн музейд бий. Үхэл хагацлаас гадна өөрийнх нь өвчин эмгэг түүнд нэрмээс болж байв. Мүнк гэрийнхнийхээ адил сүрьеэ тусаж, хүнд өвдсөн ч золоор амьд үлджээ. Гэхдээ олон жил шаналсан агаад жаахан байхад аманд нь үргэлж цус амтагддаг байсан гэдэг. Цөхрөнгөө барсан аав нь Эдвард хүүгээ удаан зовж тарчлалгүй, аль болох хурдан нөгөө ертөнц рүү яваасай гэж залбирдаг байж. 1895 онд бүтээсэн, Мүнкийн хамгийн сайн хөргүүдийн нэг “Өөрийн хөрөг” хэмээх чулуун бар дээр чухам тэр үеийг харуулсан байдаг. Үл ялиг гилжийсэн толгой, хар өнгө дундаас гойд ялгарч үзэгдэх, хувраг хүнийх шиг цамцны цагаан зах, цагаан туузан дээрх эв хавгүй бичиг, дор нь байх сарвууны яс зэрэг нь Мүнкийг үхэлд хэчнээн ойр байсныг илтгэнэ. Өөрийнх нь хэлснээр Мүнк хүн төрөлхтний хамгийн заналт дайсан болох сүрьеэ, солиорол хоёрыг цугт нь өвлөж төржээ.
“Өвчин, солиорол, үхэл гурав яг л сахиусан тэнгэрүүд шиг төрсөн цагаас минь намайг дагаж байна” гэж тэр бичсэн нь бий. Үл дуусах зовлонгийнх нь үргэлжлэл болж Мүнкийн эцэг, охин дүү хоёр сэтгэцийн өвчин тусаж, дүү нь насаараа галзуугийн эмнэлэгт хэвтсэн бол эрэгтэй дүү нь 30-хан настайдаа уушгины үрэвслээр гэнэт нас баржээ. Ганц дүү охин нь л түүний адил урт насалсан бөгөөд ах шигээ гэр бүлтэй болоогүй байна. Эдвардын содон авьяас бага залууд нь танигджээ. Ааш зангийн хувьд ч, урлан бүтээх тал дээр ч түүн шиг хурц, хурдтай зураач цаг үед нь байсангүй. 1881- 1882 онд буюу 18-хан настайдаа зурсан гурван ч хөрөг дээрээ залуу зураач хараахан орхиж гээгээгүй байсан хээнцэр, ихэмсэг байдлаа шулуун хамар, шөвгөр эрүү, жимбэгэр уруулаараа төлөөлүүлж, түүнийгээ ихэд уран нарийн, сонгодог барилаар дүрсэлсэн байна.
Харин үүнээс тавхан жилийн дараа зурсан илүү том хөрөг нь импрессионист аястайн дээр санаандгүй эрээчиж орхисон мэт харагдана. Үс, хүзүү хоолой нь бараг үл үзэгдэм агаад харцаа буруулсан нь итгэлээ алдаж, цөхөрснийг илтгэнэ. Сайн харвал нүд нь олон шөнө нойргүй хоносныг, мөн архинд орсныг нь илчлэн улаа бутрах ажээ. Сургалтын төлбөрийг нь төлөх гэж ядаж байхад хүү нь Кристианиягийн хамгийн болж бүтэхгүй хүмүүс гэгдсэн зохиолч, зураачидтай нөхөрлөх болсонд эцэг Мүнкийн урам хугарч байв. Хүүгийнхээ хүсэл, сонирхлыг тэр хэзээ ч ойлгож байсангүй. Эдвардад ч мөн ижил бэрхшээл байлаа. “Надад юу хэрэгтэйг аав ойлгохгүй. Түүнд юу үнэтэйг би мэдэхгүй” гэж тэр бичиж байж. Гэхдээ эцэг шигээ шүтлэгтэй байгаагүй ч юм бүхэнд өөрийгөө буруутгадаг, эмзэг, бүрэгдүү зангаараа Эдвард аавтайгаа адилхан байлаа. Мөнөөх бүтэлгүй нөхдийнхөө талаар Мүнк “Тэд бурхантай хамт ёс суртахуунаа хүртэл гээжээ. Харин би айдсаасаа чөлөөлөгдөж чадахгүй нь” гэж бичиж байв. Эдвард 1885 оны зун 21 настайдаа анх удаа бүсгүй хүнтэй ойртжээ.
Түүний анхны хайрт нь холын нэг хамаатных нь эхнэр Милли Толоу гэдэг эмэгтэй байлаа. Амраг хос Аасгардстранд хэмээх загасчдын суурингийн ойролцоо ойн цоорхойд уулздаг байж. Мүнк Миллид ухаангүй дурлаж, түүний төлөө юу ч хийхэд бэлэн байсан бол хоёр жилийн дараа бүсгүйг өөрөөс нь салахаар шийдэхэд галзуурахаа дөхжээ. Энэхүү учрал түүнийг уран бүтээлчийнх нь хувьд эгнэгт өөрчилж, гуньж гутарсан эр хүн, хүчирхэг эмэгтэй хоёр түүний байнгын сэдэв болов. “Цус сорогч” (1893-94) хэмээх бүтээлд нь улаан хүрэн үстэй эмэгтэй цөхөрч гүйцсэн амраг хайртынхаа шилэн хүзүү рүү хурц соёогоо зоосон мэт харагдана. Бүсгүйн урт үс эрэгтэйн дээрээс хортой ургамал шиг унжсан байна. “Үнс” (1894) нэртэй өөр нэг зураг дээр энгэрийн товч нь тайлагдаж, улаан бэлхэвч нь ил гарсан, цагаан даашинзтай эмэгтэй толгой дээрээ гараа тавьж, яльгүй гэдийнгээ үзэгчдийн өөдөөс эгцлэн ширтэх бол хажууд нь зовж шаналсан залуу эр толгойгоо түшин сууна.
Миллигээс салж, Кристианияд анхны бие даасан үзэсгэлэнгээ гаргасныхаа дараа Мүнк Парисыг зорилоо. Тэнд байхад, 1889 оны арваннэгдүгээр сард нэг танил нь түүнд гэрээс нь ирсэн захидлыг хүргэж өгчээ. Базаахгүй мэдээ ирснийг гадарласан Мүнк нөхдөөсөө холдож, олны хөлөөс зайдуу зоогийн газарт очоод захидлыг задалтал эцэг нь цус харваж, бурхан болсныг дуулгасан байв. Аавтайгаа ойр дотно байгаагүй ч эцгийнх нь үхэл түүнийг гүн цочролд оруулжээ. Үхэл хагацал үзэж, санхүүгийн хүнд нөхцөлд орсон гэр бүлийн өрхийн тэргүүн болсноо, аавыгаа амьсгал хураахад дэргэд нь байж чадаагүй гэмээ ухаармагцаа Мүнк архинд толгойгоо мэдүүлэхээ болив. Өөрийнх нь бичсэнээр бурхан түүнийг үхэлтэй дахин нүүрэлдүүлэхдээ “чанга гэгч нь алгадаад авахаа мартсангүй”. Мүнк жил гаруйн дараа эцгийнхээ дурсгалд зориулан зураг зурсан байдаг. 1890 оны “Хурмастын шөнө” зураг Парисын төвд байх байрыг нь харуулжээ. Өрөөнд Мүнктэй хамт байр түрээслэн амьдарч байсан Данийн яруу найрагч Эмануэль Голдстин байх агаад түүнийг бортгон малгайтай нь ихэд сүүдэртүүлж зурсан нь Мүнкийн сэтгэлийн зовнилыг харуулна.
Цонхоор тусах сарны гэрэл шалан дээр загалмай адил дүрс үүсгэсэн байх нь Мүнк эцгийнхээ гүн сүсэг бишрэлийг хүндэтгэсэн хэрэг байлаа. Мүнк аавыгаа өөд болсны дараа завсар чөлөөгүй зурах болов. Парис, Берлиний хооронд ажиллаж, хожим “Амьдралын хөвөө” хэмээн нэрлэгдсэн 20 гаруй цуврал зургаа тэрбээр энэ үед зуржээ. “Амьдралын хөвөө”-нд зурсан “Хардалт”, “Цөхрөл”, “Өвчтөний өрөө”, “Хашгираан”, “Уйтгар” зэрэг зургаа Мүнк 1902 онд Берлин хотод бие даасан үзэсгэлэн болгон дэлгэсэн байна. Тэр үед зураачийн сэтгэл санаа ямархуу байсныг зургуудынх нь нэрээс харж болно. “Амьдралын хөвөө” шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч, Мүнк тун ч хурдан алдаршив. Шүүмжлэгчид түүнийг “Умардын эрс шулуун аясыг Европын дүрслэх урлагт авчирлаа”, “Уран зурагт хаврын урь орууллаа” гэхчилэн ам уралдан магтаж байв. 1898 онд Кристиания дахь гэртээ түр амрахаар очихдоо Мүнк хожим өөрийнх нь тодорхойлсноор “хамгийн харгис эмэгтэй”-тэй учирсан байна.
Тулла Ларсен хэмээх тэр бүсгүй Кристианиягийн нэртэй дарс үйлдвэрлэгч хөрөнгө чинээтэй гэр бүлийн ганц охин байж. Харин 30 дөхсөн атлаа гэрлээгүй байлаа. Мүнкийн урланд ажиллаж байсан нэг танилтайгаа уулзахаар очихдоо Тулла зураачтай танилцжээ. Бүсгүй бүрэг ичимхий зураачийг өөрийн болгохоор эргүүлдэж эхлэв. Өдрийн тэмдэглэлээс нь харахад Мүнк түүнд дуртай дургүй бууж өгсөн шиг байдаг. Хартай, түрэмгий, басхүү уран зургийн нүдтэй, түүгээрээ түрий барих гэсэн Туллагаас салах гэхдээ Мүнк эхлээд Берлин рүү зугтаж, дараа нь бүтэн жил Европоор хэрэн бэдэрсэн байна. Гэсэн ч бүсгүй түүнийг явсан газар бүрт нь дагаж, хаа ч нуугдсан олчихдог байж. Энэхүү хачирхалтай харилцаагаа Мүнк 1899-1900 онд зурсан “Амьдралын бүжиг”-тээ дүрсэлсэн байна. Зургийн голд Мүнк улаан даашинзтай эмэгтэйтэй, магадгүй анхны хайрт Миллитэйгээ бүжиглэнэ. Харин хоёр талд нь Тулла хар, цагаан өнгийн даашинзтай, хоёр өөр дүрээр зогсоно. Цаана нь бүжих хосууд хайр дурлалдаа умбан жаргалтай харагдах бол тэгж бүжиглэх зориг залуу эрд дутжээ. Тулла Мүнктэй гэрлэхийг хүсэж байлаа.
Аасгардстранд дахь Мүнкийн зуслангийн байшинд Тулла сүйт бүсгүйн даашинз, зүүсгэл сэлтийг хадгалдаг хуучны шүүгээ хүртэл авчирч тавьжээ. Хэдийгээр “үнсэх нь хүртэл үхсэн хүнийх шиг санагддаг” гэж бичиж байсан ч Мүнк аргагүйн эрхэнд Туллад гэрлэх санал тавив. Харин бүсгүйг гэр бүл болоход шаардлагатай бичиг баримтуудыг бүрдүүлж, зураачийн хойноос Германд очиход сүйт хархүү нь өнөөх бичгүүдийг гээчихжээ. Магадгүй зориуд хаясан ч байж мэдэх юм. Гэсэн ч Тулла бууж өгсөнгүй. Францад бичиг баримт шаардахгүй тул Ниццад очиж гэрлэхээр Мүнкийг ятгаж дөнгөлөө. Харин Мүнк Францад очмогцоо хил даван Итали руу зугтаж, тэндээсээ Берлинийг зорин дээрх “Амьдралын хөвөө” үзэсгэлэнгээ гаргасан байна. 1902 оны зун Мүнк Аасгардстранд руу буцлаа. Ганцаардаж, мөнхийн уй гунигтаа хүлэгдсэн тэрбээр дахиад л ууж эхлэв. Гэтэл жил гаруй сураггүй байсан Тулла эргэж ирэх нь тэр. Мүнк түүнээс бас л зугтаж, уулзахаас татгалзсан ч найзууд нь бүсгүйг амиа хорлохоор завдаж байгаа гэсэн тул арга буюу бууж өгчээ. Чухам юу болсон нь тодорхойгүй ч Мүнк Туллатай уулзчихаад ирэхдээ зүүн гар луугаа буудуулж, нэг хуруугаа алдчихсан байлаа.
Энэ явдлын дараа тэр өөрийгөө загалмайд хадагдсан байгаагаар зурсан байдаг. Харин хэдхэн сарын дараа Туллаг өөр нэгэн зураачтай гэрлэснийг дуулаад Мүнк ихэд уурлаж бухимдсан байна. “Өөрийгөө би дэмий зовоожээ. Тэр намайг хуурсан байна” гэж бичихдээ Мүнк түүнд хайртайгаа ухаарсан уу, эсвэл одоо л нэг эрх чөлөөтэй боллоо гэж бодсон уу, мэдэх аргагүй юм. Гэр бүлтэй болоход хамгийн дөхөж очсон явдал нь мартагдаж, архи сархад уух нь бүр ч нэмэгдсэн дараагийн хэдэн жилдээ Мүнк хамгийн онцгой бүтээлүүдийнх нь тоонд орох нэлээд олон зургийг, түүний дотор Францын хувьсгалын баатар Маратын зураг, “Өөрийн шил дарстай хөрөг” зэрэг бүтээлээ зуржээ. 1906 онд зурсан тэрхүү хөрөг дээрээ Мүнк өөрийгөө зоогийн газарт ганцаараа сууж байгаагаар, ард нь хоёр зөөгч түүнийг явуулахын түүс болон зогсоогоор зурсан байна. Эцгээ өөд болсныг анх дуулсан, хотын зах дахь тэр нэгэн зоогийн газрыг энэ зурагтаа тэрбээр буулгасан болов уу. 1908 онд Данийн нийслэлд байхдаа Мүнк гэнэт ухаан алджээ. “Хурмастын шөнө”-өө зурахад хамт байсан найрагч анд Эмануэль нь түүнийг асарч сувилан, тэнхрүүлсэн байна. Мүнк уухаа больж, сэтгэл санаагаа тайтгаруулж аваад урландаа очихыг хүсэж байлаа.
Гэхдээ урт замынхаа ердөө дунд нь байсан ч 1909 оноос хойш тэр бараг зурсангүй. Гэртээ бүгж, олон зүйл бүтээхээр төлөвлөсөн ч “Урьдын солиорол минь үгүй болжээ” гэж бичсэн байна. Урлагийн түүхчид үүнтэй санал нийлдэг. Түүнийг хамаг гол бүтээлээ 1909 оноос өмнө зурсан гэж судлаачид үздэг бөгөөд амьдралынхаа сүүлчийн 40 жилд зурсан бүтээлүүд бүх зургийнх нь ердөө тавны нэг хувийг эзэлнэ. Мүнк 1909 онд эх нутагтаа буцлаа. Ослогийн их сургуулийнхан түүнийг хана, таазан дээрээ зураг зуруулахаар урьжээ. Түүний бүтээлүүд одоо ч тус сургуулийн адар, туургыг чимэглэн байгаа бөгөөд тэдгээр нь Мүнкийн зургуудыг эх хувилбараар нь тод томруунаар ойртож харах цор ганц боломж олгодог юм. Тэдгээр зургаас Мүнкийн хожуу үеийн тайтгарал, юмсыг гэрэл гэгээтэй талаас нь харах гэсэн оролдлого мэдрэгддэг. Дөнгөж тусгаар тогтноод байсан норвегичууд Хенрик Ибсенийг үндэсний зохиолч, Эдвард Григийг үндэсний хөгжмийн зохиолч гэж үзэж байсныхаа адилаар Мүнкийг ардын зураач хэмээн хүндэтгэх болов. Энэхүү алдар хүнд нь хөрөнгө мөнгө авчирсан ч угийн бүрэгдүү зураачийг ихэд тавгүйтүүлж, ганцаардуулжээ.
Олны нүднээс холдох гэхдээ Мүнк 1916 онд Осло хотын гаднахан дөрвөн га талбайтай эдлэн газар худалдаж авсан нь гурван зургийнх нь дайны л үнэтэй байлаа. Тухайн үедээ “Ганцаараа байж бүтээж туурвих хэрэгтэй байна” гэж тайлбарласан ч Мүнк нөгөө талаар ухаан санаагаа эрүүл байлгахын тулд өөрийгөө тусгаарлажээ. Гэрийнхэн шигээ сэтгэцийн өвчтэй болох вий, эрүүл ухаанаа алдах вий гэхээс тэр айж байж. 1920-иод оны эхээр Мүнк өдрийн тэмдэглэлдээ “Амьдралын минь сүүлийн хагас ердөө эгц зогсохын төлөөх тэмцэл байх болно” гэж бичсэн байна. Эдлэн газартаа Мүнк байгалийн зураг зурах дуртай байлаа. Хөнгөн барилаар, тод өнгө ашиглан зурж байсан зургуудынх нь дунд “Амьдралын хөвөө”- нд нь багтсан зургуудын шинэ хувилбарууд ч байв.
Гэр бүлийнхээ үлдэж хоцорсон гишүүдийг тэр үлэмж хэмжээний мөнгөөр тэтгэж байсан ч тэдэнтэйгээ уулзахгүй байхаар шийджээ. Нас дээр гарсан хойноо, амьдралынхаа сүүлчийн 20-иод жилд тэр өөрийгөө гадаад ертөнцөөс бүрэн тусгаарлаж, бийртэй гэхээсээ үзэг, цаастай илүү нөхөрлөн туулж өнгөрүүлсэн амьдралаа, хувь зураачийн үзэл бодол, айсуй цагийн талаарх эргэцүүллээ тэмдэглэн үлдээсэн байна. Энэ үед зурсан цөөн хэдэн зурагт нь өөрийгөө зурсан хөргүүд онцгой байр эзэлнэ. Тэдний нэг “Цаг, ор хоёрын дунд” хэмээх хөргөө нас барахаасаа хэдхэн жилийн өмнө 1940-1942 оны хооронд зуржээ. Зураг дээр “Амьдралын бүжиг”-т тамирдаж ядарсан хөгшин эр хуучин модон цаг, жижиг төмөр ор хоёрынхоо дунд их зай эзлэн байгаадаа, эсвэл удаан амьдарсандаа өршөөл эрэх мэт зогсоно. Ар дахь ханан дээр нь түүний “хүүхдүүд” харагдах бөгөөд тэднийхээ төлөө яг л ачлалт сайн эцэг эх шиг бүх амьдралаа зориулснаа Мүнк энэхүү сүүлчийн хөргөөрөө илэрхийлсэн шиг байдаг.
Г.ЛХАГВА