Хаврын намуухан нэгэн үдэш тусгай заллагатай хүмүүсийн тоонд багтан “Ариун хаврын тахилга” үзэхээр “Улаанбаатар” чуулга руу очлоо. Уригдан ирсэн зочдын байдал, тоглолтын өмнө ба дараах үзэгчдийн сэтгэхүй, орчин нөхцөлийг ажихад аядуу намуун хэрнээ уулзалдаагүй удсан байж болох урлаг соёлын зүтгэлтнүүд биесээ харан баясаж нүүрэндээ инээмсэглэл тодруулах нь яах аргагүй шинэ уран бүтээлийн нээлтийн баяр гэдгийг илтгэнэ. Энэхүү гайхамшигтай бүтээлийг Монголын тайзнаа “амилуулахад” бид бүхний хэзээний танил, урлагт ээлтэй “Төгөлдөр сан” (хатагтай Х.Отгонтуяа) ерөнхий ивээн тэтгэгчээр оролцож, Монголын урлагийн зөвлөл хамтран зохион байгуулагчаар ажилласан ажээ. Тэртээ 100 жилийн өмнө багагүй шуугиан дагуулан гарч ирсэн хөгжмийн зохиолч И.Стравинскийн “Весна священная” хэмээх бүтээлийг өнөө цаг дор бид бүхэн шүүн хэлэлцвэл “саваагүй нохой саранд хуцах”-ын үлгэр болох биз.
Гэсэн ч И.Стравинский гэх энэхүү эрхэм хөгжмийн зохиолч нь уран бүтээлийнхээ эхэн үед л өрнө дахиныг байлдан дагуулсан төдийгүй, өнөөгийн бидний ярьдгаар бол “XX зууны хөгжмийн урлагийн загалмайлсан эцэг” хэмээн мэргэжлийнхний хүрээнд авгайлуулах болсон байна. Орос оронд төрж, хөгжмийн зохиолч болсон хэрнээ хожмоо Швейцарь, Америкийн иргэншил авч байсан И.Стравинскийг орос, америкийн гэхээсээ илүү “космополитик” хөгжмийн зохиолч (даяаршил гэдэгтэй ойролцоо) гэж судлаачид дүгнэсэн байдаг юм. Энэ бүхнээс үзвэл И.Стравинский нь уран бүтээлчийн хувьд XX зууны хөгжмийн урлагийн голлох чиг хандлагыг тодорхойлж өгсөн бол орон зайн хувьд хил хязгаараас үл хамаарах эрх чөлөөт уран бүтээлч байсан.
Харин монголчууд бидний хувьд И.Стравинскийн энэхүү алдарт бүтээлийг тайзнаа гаргаж тавьсан нь анхных биш Монголын үндэсний хөгжмийн бүрэлдэхүүнд хөрвүүлэн тоглосон гэдгээрээ сонин содон сонсогдож байлаа. Хөгжмийн залуу зохиолч Х.Алтангэрэл үнэхээр авьяас чадал заан байж И.Стравинскийн “Весна священная” гэдэг хөгжмийг 20 гаруй хүний бүрэлдэхүүнд зориулан “Ариун хаврын тахилга” болгон хөрвүүлсэн нь гайхалтай, эрсдэлтэй ч сонин. Энэ бол нэгдүгээрт манай залуу хөгжмийн зохиолчийн чадал чансааг, хоёрдугаарт үндэсний хөгжмийн маань боломж бололцоог нээн харуулж байгаа хэрэг юм.
Зүй нь И.Стравинскийд бага мэт санагдаад байсан симфони найрал хөгжмийн бүрэлдэхүүнийг (дунджаар 120 хүн) хөгжмийн зохиолч Х.Алтангэрэл маань зоригтойгоор, үндэснийхээ 25 хөгжимчнөөр сольсонд л гайхамшиг нь байгаа юм. Эндээс 25=120 гэсэн харьцуулалт буюу дорно ба өрнийн гэх тэнцвэргүй “тулаан” анзаарагдана. Дахиад л “Улаанбаатар” чуулгынхаа хэдэн хөгжимчдийг өрөвдмөөр байсан ч тэднээрээ бахархах хэрэгтэй гэж бодогдлоо. И.Стравинскийн “Весна священная” хэмээх зохиолын хөгжим ямар билээ, нот гэж юу байдаг билээ гэдгийг нь мэддэг учраас л үүнийг бичээд байгаа хэрэг шүү дээ. Мөн энд хөгжимчдийг нэгтгэж, эвлүүлж, нэгэн цул болгон дуугаргаж чадсан удирдаач урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүүгийн хөдөлмөр, ур чадварыг дурсах нь зүйн хэрэг.
Үндэсний хөгжимд найруулсан И.Стравинскийн хөгжимд тааруулан бүжиг дэглээч Д.Энхгэрэл өөрийнхөө өвөрмөц дэглэлтээр тамгалсан “архаика” бүжгийг тайзнаа тавилаа. Магадгүй үүнийг л, ийм л бүжгийг И.Стравинский тухайн үедээ хүссэн байж болох юм. Харин бүжгийн найруулгын тал дээр анзаарахад зохиолын өрнүүлэг (драматург), явц нэгэн хэвийн буюу гадаадаар бол “монотонный” гэдэгтэй утга дүйхээр байсан нь үзэгчийн хувьд таагүй санагдаж байсныг нуух юу билээ. Санаа. Нэг. “Весна священная” гэдэг нь монголоор бол “Ариун хавар” гэх боловч одоо орчуулсан байгаагаараа И.Стравинскийн зорьсон, өгсөн нэр, агуулга биш болж байгаа юм. И.Стравинский зохиолдоо “Весна священная” гэдэг нэр өгснөөс бус “тахилга” гэдэг үгийг оноож хэрэглээгүй. Энэ үгийг орчуулгын нэрэнд хэрэглэснээрээ зохиолын санааг хэт задгайруулчихлаа.
Тахилгадаа гол нь бус, “ариун хавар” гэдэгт л гол сүнс нь байсныг бодолцох хэрэгтэй юм. Бид ч юмыг монголчлох, дэгсдүүлэхдээ сайн шүү...Мөн энэ бүтээлд ямар нэгэн Хүннүгийн гэх бүжиг байхгүй гэдгийг, байх ч учиргүй гэдгийг зарим нэг хүмүүс бодмоор. Хоёр. Цөөхүүлээ ч гэсэн энэ том бүтээлийг хөгжимдөж чадсан уран бүтээлчид болох авьяаслаг хөгжмийн зохиолч, бүжиг дэглээч байна, чадварлаг хөгжимчид, бүжигчид, найрал хөгжмийн удирдаач нь байхад заавал И.Стравинскийг (хэдийгээр тэр агуу ч гэлээ) хэрэг нь юу байсан юм бол хэмээсэн бяцхан атаа төрж байлаа. Харин үнэхээр монголчуудад И.Стравинский хэрэгтэй байгаа бол ДБЭТ, Улсын филармонийн симфони найрал хөгжмүүд жинхэнэ утгаар нь хөгжимдвөл сонсогчдод таатай байх биз.
Гурав. Үндэсний, монгол уран бүтээл гэж нэлээд хүчтэй ярьж буй цаг үед хөгжмийн зохиолч Х.Алтангэрэл, бүжиг дэглээч Д.Энхгэрэл болон бусад уран бүтээлч хамтраад хадны зураг болон нүүдэлчин ахуйгаас санаа авч байгаад (хэрвээ “архаизм” хэрэгтэй бол шүү...) үндэсний гэж болох шинэ уран бүтээл хийхэд болохгүй гэх газаргүй мэт. Дөрөв. Монгол Улсын нийслэлд сонгодог урлагийн театр байна, Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга, Төмөр замчдын дуу бүжгийн чуулга, “Түмэн эх” чуулга бий. Харин өнөөдөр Монголын соёл урлагийг олон улсад сурталчилаад гайхуулаад байгаа, монголчууд өөрсдийн маань сонсох дуртай байдаг “этно” буюу үндэсний, язгуур чиглэлийн уран бүтээл, нэмэх нь орчин үеийн хөгжил дэвшлийг шингээсэн electro musicтэй 5D гэдэг шиг хөгжмийн театр дутагдаад байгаа мэт санагдана. Энэ бол тус чуулгын уран бүтээлд шинэ өнгө аяс оруулж болох санаа юм. “Өөдлөх айл үүднээсээ” гэдэг дээ. Улаанбаатар чуулгын байр өнгө засаж, шинэ уран бүтээл хийж буйд баяртай байна. Дараа дахин шинэ сонин, сайхан уран бүтээл хийж үзэгч дүүрэн байхыг хүсье.
С.ЭНХБУЛАГ /Урлаг судлаач/