Зураачийн амьдралаа Б.Номин ийн тодорхойлсон юм. Тэрбээр зураач нөхөр Б.Баатарзоригийнхоо хамт “Алтай” хотхонд урлантай аж. Ор, ширээ сандал, нохой, компьютер гээд л айл гэрт байдаг бүхэн энд харагдав. Тэд өнгөрсөн жил урландаа нүүж иржээ. “Зургаа гэртээ зурахаар хүүхдийн хүмүүжилд нөлөөлж магадгүй. Ямар сайндаа та хоёр ажилдаа явдаггүй юм уу” гэж хүү маань гайхаж асуух вэ дээ” хэмээн Б.Баатарзориг хэлсэн. Дуу цөөтэй Б.Номингийн амнаас үг унагах тун хэцүү. Ярилцлага өгөх дургүй тэрбээр биднийг телевизийнх биш болохоор л уулзахыг зөвшөөрсөн гэсэн. Ази номхон далайн триенналь, Итали, БНСУ, Швейцарь, Япон тэргүүтэй олон улсын үзэсгэлэнд Б.Номин бүтээлээрээ оролцож байсан юм билээ.
-Танд хэзээнээс зураач болох зөн төрсөн бэ?
-Хүүхэд бүр хөл, хэлд орсныхоо дараа харандаа цаастай нөхөрлөж, юу ч хамаагүй сараачиж эхлэхээсээ л уран бүтээлч болдог. Тэгэхээр хүн бүр эхэндээ зураач болохыг хүсдэг юм болов уу. Би бусад хүүхдийн адил зурах дуртай байсан ч мэргэжлээ сонгохдоо уран зургийг нэгдүгээрт тавиагүй. Аав, ээжийнхээ хүслээр л 2000 онд Дүрслэх урлагийн дээд сургуулийн монгол зургийн ангид орсон минь миний амьдралыг өөрчилсөн хамгийн зөв сонголт байжээ.
-Зураачийн амьдрал төсөөлснөөс хэр өөр байна вэ?
-Зураач болно гэж анхнаасаа бодоогүй болохоор ингэж, тэгж амьдрах болов уу гэж сонирхож, төсөөлж байгаагүй. Одоо өөрийгөө өөр ажил хийдгээр төсөөлж ч чаддаггүй. 2005 онд сургуулиа төгссөнөөс хойш чөлөөт уран бүтээлч болсон. Цаашдаа ч энэ хэвээрээ амьдрах байх. Яг энэ замаар явахад үнэхээр аз жаргалтай, гайхалтай, сонирхолтой. Бусад мэргэжлийн хүмүүст бидний амьдрал хэзээ ч ойлгож чадахааргүй, хэтэрхий эрх чөлөөтэй санагддаг юм шиг байна лээ. Ажилгүй өдөр байдаггүй хэрнээ ажилтай өдөргүй амьдрал л гэж хэлмээр байна.
-Өнөөдрийн Номинг юу бүтээж, бүрэлдүүлсэн бэ?
-Юу гэж хариулахаа сайн мэдэхгүй юм. Цаг хугацаа л байх.
-“Энэ Номингийн бүтээл байна” гэж надад лав шууд танигддаг. Бүтээлээр нь зурсан эзнийг хэн гэдгийг мэднэ гэдэг сайн хэрэг үү эсвэл муу юу?
-Миний бүтээлүүдээс намайг харж байвал тэр сайн. Галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг, өдөр бүр тэс өөр хүн шиг сэтгэж зураад байвал утгагүй. Уран бүтээлчид олон жил өөрийгөө олох эрэл хайгуул хийж, “За ийм л зүйл зурж байж миний доторх жинхэнэ би гарч байна” гэдэг.
-Өөрийгөө давтаж байна гэсэн үг биш үү?
-Давтахаасаа өмнө янз бүрээр туршсан байж таараа. Үргэлж нэгэн хэвийн юм хийгээд, уйтгартай байвал хааяахан галзуу хүн шиг загнах бас сонирхолтой.
-Зурах үед зураачийн сэтгэлзүйд өрнөдөг үйл явдлын тухайд?
-Дуртайгаа хийж байгаа учир үнэхээр ханамжтай. Сургуулиа төгсөөд дөнгөж зурж эхэлж байхдаа “Нөгөө онгод гээч нь хэзээ орох юм бол доо гэж хүлээх нь холгүй, жижиг зүйлсэд сатаарч, ерөөсөө төвлөрч чаддаггүй байлаа. Харин одоо юу ч болж байсан зургаа л зурж тайвширдаг, бараг л нэгэн төрлийн бясалгал болсон. Гэхдээ би бясалгал хийж үзээгүй л дээ. Хүмүүсийн хэлдгээр үнэхээр их тайвширч, сэтгэлийн амар амгалан олдгоороо зурах нь бясалгахтай ижил байх. Сургуулиа төгссөнөөс хойш 10 жил өнгөрчээ. Энэ нь хүний амьдралд маш богино, хурдан өнгөрдөг цаг боловч уран бүтээлчийн хувьд үнэхээр урт хугацаа юм билээ. Төгссөнийхөө дараахан зурсан зургуудаа одоо бодохоор зарим нь инээдтэй.
-Таныг юу хөглөдөг вэ?
-Би онгод энэ тэрд итгэдэггүй. Үнэхээр дурлаж, сэтгэлээ зориулсан бүтээлээс л үр дүн гарна. Бид энэ дэлхийд амьдарч байгаа юм хойно бүх л зүйл хүнийг ямар нэгэн хэмжээгээр өдөөдөг байх.
-Тэгвэл юу таныг өдөөж, сонирхол татаж байна вэ?
-Өглөө босоод ажилдаа явна, тэгээд харьдаг, яг л нэг юмаа давтдаг сууршимал нийгмийн биш, харин баригдсан зүйлгүй хөдөөний амьдрал, онгон байгальд дуртай ч тэнд би идээшихгүй. Сүнс, хойд нас гэх мэт тайлагдашгүй нууцууд их сонирхолтой. Тэдгээрийг эргэцүүлж, өөрийнхөөрөө ямар нэгэн хариулт олохыг хичээдэг. Нэг талаар би залхуу хүн бололтой. Шинжлэх ухаанаар батлагдсан зүйлсийн хариулт нь тэртээ тэргүй олдчихсон тул бодож толгойгоо гашилгадаггүй. Буддын шашинд бэлгийн харьцаанд орохыг нүгэл гэдэг. Тэгтэл энэ үйлээс шалтгаалж хүүхэд төрдөг. Ингээд бодохоор хүн болж төрөх нүгэл юм уу. Уг нь хүн болж төрнө гэдэг зүүний сүвэгч дээр ширхэг шар будаа тогтохтой адил их хувь заяа гэдэг. Хоорондоо зөрчилдөөд байгаа биз.
-Та яг одоо юу зурж сууна вэ?
-Саарал, ногоон өнгөтэй хоёр араг яс. Дүртэтдагва хэмээх бурхан юм л даа. Түүний бэлгэдлийг орчин үеийн нийгмийн байдалтай холбосон. Энэ бурхан өөрийнхөө биеийг гаргуунд нь гаргаж, махаараа бусдыг хооллодог домогтой. Тэгэхээр бусад бурхнаас илүүтэй өөрийгөө золиосолж байгаа биз. Саарал араг ясаар хотыг, ногооноор байгалийг илэрхийлсэн. Бид хот, хөдөөгийн аль нэгийг нь л сонгох боломжгүй. Нэгэнт ийм амьдралтай нүүр тулж буй хойно хооронд нь зохицуулахаас өөр аргагүй.
-Нийгэмд бухимдалтай асуудал олон бий. Уран бүтээлчид үүнд хэрхэн хандах ёстой вэ?
-Зохиолчид үүний талаар бичиж, дуучид дуулаад л ер нь уран бүтээлчид тухайн амьдарч буй нийгмийнхээ болж бүтэхгүйг бүтээлдээ тусгадаг. Би ч зурагтаа аливаа асуудлын талаар хөндөхийг зорьдог. Харин урлаг, тэр дундаа дүрслэх урлагийн тухай монголчуудын ойлголт үнэхээр муу. Тийм ч учраас нийгэмд хандсан уран бүтээл хэчнээн их хийгээд ч ойлгох нь тодорхой хүрээнд л эргэлддэг. Хүн ам цөөтэй, иргэдийн урлагийн боловсрол муу, нийгмийн хөгжил тааруухнаас болж урлаг олон нийтэд нөлөөлж чадахгүй байна.
-Уран бүтээлчид хүмүүний сэтгэлд хүрэхийн тулд ямар замаар явах ёстой вэ?
-Заавал бусдын сэтгэлд хүргэнэ гэж би бодож зурдаггүй. Зүгээр л хүссэнээ сэтгэлээсээ хийдэг.
-Таны зургийн гол дүр яагаад ихэнхдээ эмэгтэй байдаг вэ?
-“Та хариулахгүй ч байж болно” нэвтрүүлгийнхний тавимаар асуулт байна даа... Би өөрөө эмэгтэй болохоор бүсгүй хүнээр төлөөлүүлж бодол санаагаа илэрхийлж байгаа байх.
-Таныхаар эмэгтэй хүн ямар байх ёстой вэ?
-Энэ дэлхийд эр, эм гэсэн хоёрхон хүйсийн өгөгдөл байдаг ч хүн бүрийн амьдрах арга өөр. Тэгэхээр эмэгтэй хүн эмэгтэй хүн шиг л байх хэрэгтэй.
-Өрхийн тэргүүн, эзэгтэй хоёул зураач байхын давуу болон бэрхшээлтэй тал юу вэ?
-Заавал ийм, тийм бэрхшээл бий гэж хэлмээргүй байна. Байхгүй гэхэд буруудахгүй. Амьдралаа холбож үргэлж хамт байгаа тул хардаг, сонсдог нь адилхан. Гэхдээ өөр өөр ертөнцтэй, уран бүтээлийн хувьд бараг л 99 хувь тусдаа хүмүүс.
-Зураач өөрийнхөө бүтээлийг хуулбарлаж зурах буруу юу?
-Хоёр талтай. Сайн, муу гэж дүгнэлээ гээд шийдэгдчихгүй л дээ. Хэдхэн зургаа хуулбарлаж зураад л байвал тэр зураач хөгжихгүй. Гэхдээ ажил хөдөлмөр, сэтгэлээ шингээж зурснаа янз бүрийн хэмжээгээр хэвлэж хувилж зарах жишиг олон улсад бий. Уран зурагт дурладаг ч худалдан авах чадваргүй хүмүүст энэ нь боломж олгодог. Ингэснээр урлагийг олон хүнд сурталчилж, тэр чинээгээр уран бүтээлчийн нэр хүнд өснө. Нөгөөтэйгүүр тухайн бүтээлийг хэн нэгэн мөнгө цохиж худалдан авна. Тэгтэл дараа нь өөр газар яг адилхан уран зураг байвал муухай шүү дээ. Гэхдээ тоног төхөөрөмжөөр биш гараараа бүтээж буй учир хэчнээн сайн хуулбарлаж зурлаа гээд яг ижилхэн болохгүй.
Б.ДӨЛ