Тайваньд болсон “Аrt revolution Тaipei 2015” олон улсын урлагийн үзэсгэлэн яармагт монгол зураач С.Заяасайхан урилгаар оролцож, бүтээлүүд нь олны анхаарлыг нэлээд татсан байна. Түүний нэг зургийг Тайванийн нэртэй бизнесмэн худалдан авсан аж. Энэ талаар тодруулахаар түүнтэй цахим шуудангаар холбогдлоо. Дашрамд дуулгахад, энэ үзэсгэлэн яармагт Монголоос оролцсон анхны хүн нь С.Заяасайхан болсон байна.
-Тайваньд болдог уг арга хэмжээ олон улсад их нэр хүндтэй гэж сонссон. Энэ удаа хэчнээн орноос уран бүтээлчид оролцов?
-2010 оноос уламжлал болгон зохион байгуулж буй эл үзэсгэлэн яармагт энэ удаа 30 орны зураач, барималч зэрэг 400 гаруй уран бүтээлч оролцож, бүтээлүүдээ дэлгэсэн. Энэ сарын 8-11-нд болсон арга хэмжээг ойролцоогоор 40.000 хүн үзсэн судалгаа байна. ОХУ-ын Буриад улсын барималч, нөгөөх алдарт Даши Намдаков болон залуу уран бүтээлч Зоригто Доржиев нар оролцсон. Ерөнхийдөө уран зургийн бүтээл давамгайлсан байна лээ.
-Заяасайхан хэчнээн зургаа үзэсгэлэнд дэлгэсэн бэ. Нэг нь их өндөр үнээр зарагдсан гэсэн үү?
-Би 11 бүтээлээ дэлгэснээс дуудлага худалдаагаар нэлээд нь зарагдсан. 2013 онд зурсан “Хаадын хаан” бүтээлийг минь тайвань бизнесмэн зургаан сая тайвань доллар буюу 190.000 ам.доллар (380 гаруй сая төгрөг)-аар авсан. Энэ зургийг минь мэргэжилтнүүд нэлээд сонирхож байсан.
Э.ХАНА