ХАХНХЯ-наас 2014 оныг "Гэр бүлийн хөгжлийн дэмжих жил" болгон зарлан гэр бүлд чиглэсэн олон үйл ажиллагаа хэрэгжүүлжээ. Үүний нэг нь МҮОНТ-тэй хамтран "Хоймор өнжих нар" олон ангит уран сайхны кино бүтээжээ.
Гэр бүлийн бат бэх харилцаа, үнэ цэнэ чухам юунд оршиж байгаа болон гэр бүлийн амьдралын эргэн тойронд тохиолдож буй бэрхшээлийг хэрхэн зөв зохицуулж, аз жаргалтай гэр бүлийг бий болгох боломжийн талаар өгүүлэх энэхүү киноны албан ёсны нээлт өнөөдөр боллоо. Киноны зохиолыг Д.Энхболд бичиж, МҮОНТ-ийн найруулагч Л.Ариунжаргал найруулжээ. Дэлгэцийн шинэ бүтээлээс гэр бүлийн амьдралд тохиолдож буй жаргал, зовлон, хүүхдийн хүмүүжил, хөршийн харилцаа, ахмад буурлууд, анд нөхдийн холбоо гээд бидний эргэн тойронд оршин буй, өдөр тутам тулгардаг амьдралын үнэнийг харахаас гадна залуу гэр бүлд сургамж, үлгэр дууриал болохуйц уран бүтээл болсон гэдгийг уран бүтээлчид онцолж байна.
Нийт 50 анги үргэлжлэх тус киног бүх насныхан үзэх боломжтой бөгөөд өнөөдрөөс эхлэн Даваа-Баасан гарагт МҮОНТ-ээр гарч үзэгчдийн хүртээл болох юм.