Казахстан улсын анхны Ерөнхийлөгч, үндэсний удирдагч Нурсултан Назарбаевын сүүлийн жилүүдэд хэвлүүлсэн өгүүлэл, илтгэл бусад номоос нь онч үгс зэргийг түүвэрлэн хураангуйлсан “Цаг үе бодрол” ном уншигчдын гарт очлоо. Эл бүтээлийг доктор, профессор, “элэгний” хэмээн алдаршсан гавьяат эмч М.Шагдарсүрэн орчуулж, Бүгд найрамдах Казахстан улсын ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр хэвлүүлсэн байна.
30 гаруй ном орчуулж байсан туршлагатай тэрбээр энэ удаа уг бүтээлийнхээ орчуулгыг манай анхны Ерөнхийлөгч П.Очирбат болон дуун хөрвүүлэгч Г.Улаан, сэтгүүлч До.Цэнджав, бригадын генерал Д.Ганбаатар нарын олон хүнд үзүүлж, зөвлөгөө авсан юм билээ. 14 бүлэгтэй эл номд эх орон, тусгаар тогтнол, ард түмэн, төр, нийгэм, тогтвортой байдал, шашин, хөгжил дэвшил, уламжлал, ардчилал зэрэг өргөн сэдвээр бодрол ухаарал өгсөн олон сайхан мэргэн үг багтаасан нь өнөө цагт, ялангуяа залуучуудад тун сургамжтай, өгөөжтэй лекц мэт санагдлаа.
Жишээ нь, “Хэрэв улс оронд тогтвортой байдал үгүй бол юу ч үгүй болно. Өнөөгийн түвэгтэй нөхцөлд тусгаар тогтнол, тогтвортой аюулгүй байдлаа хангах нь улс орны амьдрах чадварын хамгийн гол хүчин зүйл мөн” гэж хэлсэн Н.Назарбаевын энэ үг бидэнд ч хамаатай мэт.
Э.ХАНА