Зөвхөн эрчүүдийн нөхөн үржихүйн эрхтэнд бүрэлдэн боловсордог байсан эр бэлгийн эсийг анх удаа лабораторийн аргаар ургуулан гарган авсан тухайгаа Францын эрдэмтэд мэдээлжээ. Эл ололт нь үргүйдлийн улмаас шаналж байсан эрчүүдийн асуудлыг шийдвэрлэх гарцыг нээж буйгаараа чухал ач холбогдолтой юм.
Эрдэмтдийн өгүүлснээр Лион хот дахь хувийн компанийн лабораторид хуруу шилэнд эр бэлгийн эсийг ургуулан гаргаж авсан байна. Энэ талаар Каллистем лабораторийн эрхлэгч Изабель Куок “Хуруу шилэнд ургуулсан эсийг эм бэлгийн эстэй нийлүүлж үр тогтоогоод байгаа. Үр дүн нь ойролцоогоор 72 цагийн дараа гардаг. Бидний эл ололт мянган хүн тутам арав тохиолддог үргүйдлийн асуудлыг шийдвэрлэх арга болно” гэжээ.
Судалгааны багийнхан ирэх сарын 23-нд нээлтийнхээ зохиогчийн эрхийг авсны дараа судалгааны өгүүллээ шинжлэх ухааны сэтгүүлд нийтлэх аж. Эр бэлгийн эс ургуулах судалгааны ажлыг анагаах ухааны салбарт нэвтрүүлтэл хоёр жил шаардлагатай бөгөөд Каллистем лаборатори жилд 50 000 өвчтөнд үйлчлэх хүчин чадалтай гэнэ.
У.ЧИНГҮҮН