Венецийн биеннальд нээгдлээ Италийн Венец хот энэ өдрүүдэд орчин үеийн урлагийн төв болж байна. Усан дээр орших уг хотын түүхийг Марко Поло, багт наадам, сонгодог урлаг тэргүүтэн нь бүтээдэг бол хоёр жил тутмын Венецийн биенналь орчин цагийнх нь нэрийн хуудас болжээ. Энэ жилийн 56 дахь удаагийн биенналийн нэг онцлог нь Монгол Улс анх удаа оролцож буй явдал.
Өдгөө дэлхийн 88 орны 1000 орчим уран бүтээлч оролцож буй уг биеннальд улс бүр хамгийн шилдгээ шалгаруулан илгээдэг. Тийм учраас Венецийн биенналь гагц дүрслэх урлагийн хэмжүүр болох бус, тухайн орны нүүр царай, илэрхийлэл болдгоороо үнэ цэнэтэй. Уран бүтээлч Т.Энхболд, Х.Үнэн-Энх нарын үзэсгэлэнгээс бүрдсэн Монголын павильон өнгөрсөн пүрэв гаригт Палаззо Морад албан ёсоор нээгдсэн бол биенналь олон нийтэд энэ сарын 9-нөөс эхлэн үүдээ дэлгэсэн бөгөөд ирэх арваннэгдүгээр сар хүртэл үргэлжлэх юм. Монголын павильоны куратороор Калифорнийн их сургуулийн профессор Ц.Уранчимэг ажилласан бол төслийн ерөнхий ивээн тэтгэгчээр Нийслэлийн ЗДТГ, албан ёсны түншээр Ром дахь Монголын ЭСЯ ажиллаа.
Нээлтэд Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл, Монгол Улсаас Итали улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ш.Одонбаатар, ЭСЯ-ны гуравдугаар нарийн бичгийн дарга Орхонтуул болон бусад зочид, төлөөлөгч оролцсон юм.
Түүнчлэн Монголын павилионыг нээх төслийг санаачлагч, хариуцан ажилласан Монголын орчин үеийн урлагийн холбооны тэргүүн Б.Гантуяа, төслийн зөвлөх Дэвид Росс, урлаг судлаач, профессор Ч.Болдбаатар, “Хөх нар” төвийн тэргүүн Ё.Далх-Очир нээлтэд оролцсон юм.
Монголын павилион хоёр уран бүтээлчийн “Other home” үзэсгэлэнгээс гадна Венец хотын гудамж талбай, цэцэрлэгт хүрээлэнд Т.Энхболдын толилуулж буй монгол гэртэй перформансаас бүрдэж буй. Монголын зүгээс толилуулсан Эдгээр үзэсгэлэн нүүдэлчдийн соёл, ухаанаас улбаатай Монголын орчин үеийн урлагийг харуулахаас гадна даяаршсан ертөнц дэх гэр орон хэмээх ойлголтыг авч үзсэнийг онцлууштай.