Жүжигчин Г.Ундармаа өнөөдөр сэтгүүлчидтэй уулзаж, уран бүтээл, хандивын ажлын талаараа танилцууллаа. Тэрбээр “Итгэлийн танхим” сайн үйлсийн ажлын хүрээнд Улсын Клиникийн Нэгдүгээр амаржих газрын хүлээлгийн танхим, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв зэрэгт нийт 200 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар тохижилт, засвар хийж өгчээ.
Уг хөрөнгө оруулалтын 14 хувийг жүжигчин бүсгүй өөрөөсөө гаргасан юм байна. Харин бусад хөрөнгийг хамтран ажилладаг хувь хүн, байгууллага хамт олон, найз нөхөд, гэр бүл, өөрийнх нь ажлыг дэмждэг сайхан сэтгэлт хүмүүсээс гаргасан гэдгээ онцолсон юм. Тэрбээр энэ удаад сэтгүүлч Л. Мөнхбаясгалантай хамтран ХСҮТЭ-ийн хүлээн авах танхимыг өргөтгөхөөр зураг төслийн ажлаа эхэлжээ.
Г.Ундармаа “Би сэтгүүлч Л. Мөнхбаясгалангийн нийтлэлийг уншаад энэ удаагийн төсөлдөө хамтран ажиллахаар болсон. Бид ХСҮТЭ-ийн хүлээлгийн заалыг 140 мкв өргөтгөл хийж өгөхөөр болсон. Уг ажилд хавдрын эмнэлгийн хоёр эмч хамтран ажиллахаар боллоо. Бидний гол зорилго бол эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн үйлчилгээнд тав тухтай, эмх цэгцтэй, соёлтой, эрүүл орчинг бий болгоход оршиж байгаа. Хайртай дотны хэн нэгнээ эдгэнэ, эрүүл болно гэсэн итгэлийн хүлээлтээр эмнэлгийн хүлээлгийн танхимд өнжин хонож буй иргэн бүхний төлөө чин сэтгэлээсээ энэ ажлыг хийж эхэлсэн. Би зар сурталчилгаанд тоглосон мөнгөө “Итгэлийн танхим”-даа хандивладаг. Сүүлийн үед энд тэнд лекц уншиж мөнгө олдог болоод байгаа. Эндээс олсон мөнгөө ч бас сайн дурын ажилдаа хандивлаж байгаа юм” хэмээн ярилаа.
Мөн тэрээр хандивын аянаас гадна өөрийн уран бүтээлээ ч мартсангүй, “Ю-Фильм” студийн бүтээл Single ladies инээдмийн киноныхоо хоёрдугаар ангийг хийж эхлэхээр төлөвлөсөн бөгөөд энэ удаагийн ангид мөн л жүжигчин Туяа, Дөлгөөн, Ундармаа нар тоглож өмнөх ангид найз залуутай, нөхөртэй болсон бүсгүйчүүд дахин ганц бие болж байгаа тухай өгүүлнэ.