“Зайлж л байхгүй юу. Ухаарсан цагтаа эргэж ирээрэй. Би төрөхдөө үхэж байсан ч ээж ээ гэж дуудахгүй” хэмээн бие давхар бүсгүйн хэлсэн үг зүрх рүү ёгхийлгэх шиг болов. Гадаад руу сургуульд суралцахаар явсан бүсгүй хар арьст залуугаас хүүхэдтэй болоод ирэхэд ирээдүйд нь санаа зовсон ээж нь “Чамаас юу л гарах бол доо” хэмээн хатуурхахад охиных нь мөчөөрхсөн үг тэр. Үнэндээ бид ч гэсэн хагацашгүй нөхөр, хамгийн үнэ цэнэтэй хүндээ мартагдашгүй муу үгийг сэтгэл хөдлөл гэгч хоосон хийрхэлд хөтлөгдөөд зүрх рүү нь шивж л орхидог. Тэгсэн хэрнээ гэм нь урдаа, гэмшил нь хойноо... Ээждээ хэлснийг нь сонссон аав Базар нь “Надад алдар нэр, албан тушаал үр хүүхэд, хань ижил цөм байна. Аав, ээжээс минь бусад бүх юм байна. Харин аав нь жаргалтай байна уу. Эхийгээ амьд байхад нь хэлсэн буруу үг, буруу үйлдэл цөм ял болдог юм. Эх хүн үрээ ялладаггүй юм. Харин үр нь өөрийгөө яллах өдөр хэзээ нэгэн цагт ирдэг юм. Би тэр ялаа үүрч яваа ялтан... Хэрвээ чи миний дотор руу өнгийж чаддагсан бол миний эрхтэн бүр нулимстай байгаа” гэхэд охин нь, бас “Үгүйлэгдсэн хайр” хэмээх жүжгийг үзэж суусан үзэгчид нэгийг ойлгож, хоёрыг тунгаан, зарим нь мэлмэрүүлж харагдсан.
Агуу зохиолчийн бүтээл агуу л байдаг юм байна. Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн анхны жүжгийг найруулагч Э.Санчигдан, зураач Б.Төмөрхуяг нар 1988 онд тавьж байсныг дотнын нөхөр Ч.Найдандорж нь ялалтын баярт зориулж сэргээн үзэгчдэд хүргэлээ. Жүжгийн зохиолын үг бүр нь онч үгээс дутахааргүй шимтэй, хайр гэж юу байдгийг, энэ нандин зүйл үгүй бол юу болохыг олон талаас нь харуулсан, үзэгдэл бүр давхар утга, том философийг өгүүлэх аж. Жүжгийн баатрууд ам зөрөх хийгээд тухайн гэр бүлд сэтгэл хөдөлгөм үйл явдал болох бүрийд л үзүүр нь харагдахгүй, хөвөрсөн нэхмэл улаан утас тэвэрчихсэн харагдана.
Рапорт Жамсран өөд болж байхад тэдний хөрш Базарынх шинэ хүнээ хүлээж суудаг. Найруулагч Э.Санчигдан хүмүүний амьдралыг, цаг хугацааг, нэг нь үхэж байхад нөгөө нь төрж л байдаг хорвоогийн төгсгөлгүй жамыг ээрсэн утастай зүйрлэсэн нь энэ бололтой. Мөн ах дүү гэдэг нэг утасны хоёр үзүүр гэж жүжигт өгүүлдэг. Базар болон түүний дүү Отгоолой хоёр эрс тэс хүмүүс. Базар албан тушаал, нэр хүндийг чухалчилдгаасаа болж ойр тойрныхноо хайраар дутаадаг нэгэн бол Отгоолойд алдар нэр, эд хөрөнгийн аль нь ч байхгүй, хар ус балгачихдаг ч цагаан цайлган сэтгэлтэй, эхийн хайранд дэндүү бялуурсан нэгэн. Эл жүжгийг анх тавихад Отгоолойн дүрийг бүтээсэн жүжигчин Сүхбат “Отгоолой бол цаг үеийн золиос. Цаг цагаараа, цахилдаг хөх өөрөө байдаггүй. 1988 оны нийгмийн сэтгэлгээ, үнэлэмж, тухайн цаг үеийн үнэт зүйлс өөр байлаа.
Бид айж эмээдэг юмтай, тодорхой зорилгоор социализм, коммунизм байгуулах гэж явсан маань буруу байж. Бид хүнлэг энэрэнгүй нийгэм бий болгоно гэдэг. Үнэндээ хувиа бодсон, нам дагасан, улс төрд явцуурсан хэдхэн олигархиудын бүлэглэл олон байна. Өнөөдрийн уран бүтээлчид зах зээлийн нийгэмд бидэнд юу дутагдаад байгааг сануулах гэжээ. “Үгүйлэгдсэн хайр” бол аль ч зуунд утга санаа нь алдагдахгүй бүтээл” гэсэн. Эрт цагт аавынх нь тавьсан 100 төгрөгийн өрийг нэхсээр Базарыг оюутан байхад Лоолой Самдан гэрт нь ирж байсан тухай жүжигт дүрсэлдэг. Эх орныхоо төлөө энэ биеэ хайрлалгүй байлдсан аавынх нь бахархал, үнэт зүйл болсон цэргийн шинелийг Базар юман чинээ тоолгүй өрөнд нь өгөх гэхэд дүү нь харамладаг. Эцэг эхээ хайрлаж чадахгүй хүн эх орноо ч хайрлахгүй гэсэн утга ажээ.
Б.Лхагвасүрэн гуай энд өөрийн амьдралд тохиолдсон зүйлийг ч шигтгээ болгон тусгажээ. Ижийгээ өнгөрснөөс олон жилийн дараа Отгоолой түүнтэй усны дусал мэт адилхан эмэгтэйтэй таардаг. Гэвч сайхан ээжтэйгээ зүйрлэн харсан хүн нь түүнийг хулгайч гэж бодон цагдаад мэдэгдчихдэг. Яг ийм явдал тохиолдож байсан тухай Б.Лхагвасүрэн гуай “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт оролцох үедээ дурсаж байсан нь санаанд буув. Хүн гэдэг гадна төрхөөрөө төстэй, гоё ганган байлаа ч дотоод сэтгэл нь бүгд өөр аж. Бүх хайраа гэр бүлдээ өгсөн ухаалаг ижий болон өөрөө л болж байвал бусдын амьдрал яах нь хамаагүй авгайн эсрэг тэсрэг дүрийг ардын жүжигчин С.Сарантуяа тун чадварлаг үзүүлсэн.
Харин Рапорт Жамсрангийн охин Цэцгээ, Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргад тоглосон залуу жүжигчдийн жүжиглэлт нэг л хиймэл харагдав. Ганц үгнээс болж жүжигт логикийн алдаа гаргасан удаа ч байв. Цэцгээ хүүхдээ охин гэж байснаа сүүлд хүү гээд хэлчихсэн нь толгой эрг үүлж орхив. Ямартай ч үзэгчид “ялтан” болчихоод гэр гэрийн зүг хайр түгээхээр яаран одсон.
Б.ДӨЛГӨӨН