Монгол Улсад хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсч хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан “Монгол үндэстний соёлын өв уламжлагч хүүхдүүдийн уран бүтээлийн дээжис” хүүхдийн уран бүтээлийн үзэсгэлэн Уран зургийн галерейд нээлтээ хийв.
Энэхүү түүхт ойд зориулж хүүхэд багачуудын уран бүтээлийн үзэсгэлэнд оюун ухаан, ур чадвараа шингээсэн манлайлагч хүүхдүүдийн 350 гаруй шилдэг бүтээлийг дэлгэжээ. Тус үзэсгэлэнд орчин цагийн хүүхдийн сэтгэлгээний цар хүрээ, технологийн шийдэл ур чадварыг илтгэн харуулсан бүтээлүүд тавьж монгол хүүхдийн авьяас билэг, ур чадвар, чадамж ямар түвшинд байгааг илтгэж байв. Тэд мэргэжлийн уран бүтээлчдээс дутахааргүй шинэлэг шийдэлтэй урласан бүтээлээрээ хүүхдийн үзэл бодол, хүсэл мөрөөдлөө шингээжээ.
Тус үзэсгэлэнд Монголын хүүхдийн ордон, Монголын урлан бүтээх төв, Мон-гени цогцолбор сургууль, “Шинэ Монгол” сургууль, Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургууль, “Монгол тэмүүлэл” сургууль болон Монголын оюун ухааны академи /МОУА/-ийн хүүхдүүд өөрсдийн бүтээлээрээ оролцож байна. Тухайлбал, МОУА-ийн хүүхдүүд ой тогтоолт, рубик шоо, спорт өрөлт, цээж бодолт зэрэг оюун ухааны гайхамшигтай үзүүлбэр тоглолтоо сонирхуулсан юм. Энэ үеэр хувцас загварын үзүүлбэр шоуг сурагчид зохион байгуулж өөрсдийн бүтээлээ толилуулсан юм. Тус үзэсгэлэнгийн гадна талбайд хүүхдүүдийн хийсэн цаасан “Пуужин”-г хөргөлөө. Мөн МХО-ы авьяаслаг багачуудын дуу хөгжмийн болон морин хуур, бүжгийн хамтлагийн тоглолтыг ирсэн зочид, үзэгчдэд сонирхуулав.