Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд “УИХ-ын цом 2015” шилжин явах цомын төлөөх урлаг, спортын наадам болж байна. Тус арга хэмжээний хүрээнд өчигдөр шатрын тэмцээн Төрийн ордонд боллоо.
Шатрын тэмцээнд 9 байгууллагын 8 баг оролцож, тойргийн журмаар 9 өрөг тоглож дүнгээ гаргав. Тэмцээний шилдэг багаар Монголбанкны баг тамирчид тэргүүлж, хоёрдугаар байрт УИХ-ын Тамгын газрын баг тамирчид, гуравдугаар байрт 12 оноогоор АТГ-ын баг тамирчид шалгарсан юм. Шатрын тэмцээнийг гурван хэсгээр зохион байгуулсан бөгөөд энэ жил хэсгийн шилдэг тамирчдыг шалгаруулж буйгаараа онцлогтой. УИХ-ын Тамгын газрын тамирчин Г.Алтан Оч 7.5 оноогоор I хэсгийн шилдэг тамирчнаар шалгарсан бол II хэсгийг АТГ-ын тамирчин Г.Жамц 7 оноогоор, III хэсгийг Монголбанкны тамирчин Т.Ариунзул 7 оноогоор тэргүүлсэн юм. Биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогын гол чиглэл нь нийтийн биеийн тамир байх талаар тусгасан УИХ-ын 2009 оны 12 дугаар сарын 24-ний 95 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор жил бүр УИХ-д ажлаа шууд тайлагнадаг байгууллагуудын дунд шилжин явах цомын төлөөх урлаг, спортын наадам зохион байгуулдаг уламжлал тогтоод буй.