“Уулын хөх сүүдэр”, “Ноён солиот”, “Буруу эргэлт”, “Хунгийн сүүлчийн дуу”, “Үхлийн симфони” зэрэг 10 гаруй киноны ерөнхий болон туслах найруулагч, уран сайхны 30 гаруй, хошин урлагийн 60 орчим тоглолтод гол болон туслах дүр бүтээсэн хүн бол жүжигчин Р.Алтансүх буюу Аси. Түүний амьдралд олны алга ташилтад урамшин баярлаж явсан үе байхад, осолд орж, эмнэлэгт ухаангүй хэвтэн, үхэл амьдралтай тэмцэж явсан үе ч бий. Тэрбээр эрүүл мэндийн байдлаас болоод хэсэг хугацаанд уран бүтээлээсээ завсарлаад байсан юм. Ингээд жүжигчин Аситай ярилцсанаа хүргэе.
-Сайхан хаваржиж байна уу. Та хэсэг хугацаанд “чимээгүй” байлаа. Шинэ кино хийхээр дуншсан хэрэг үү?
-Сайхан хаваржиж байна аа. Шинэ киноны зураг авалт эхлээд завгүй л явж байна. “Шинэ үе” продакшныхан маань “Хөгжилтэй өдөр” инээдмийн киногоо олонд хүргэлээ. Мөн долоо хоногийн өмнө хамтлагийнхантайгаа Дархан-Уул, Сэлэнгэ, Орхонд тоглоод ирлээ. Үзэгчид их хүлээсэн байна. Дүүрэн хүнтэй сайхан тоглолт болсон. Одоо “Twins film”-ийн хоёр дахь бүтээл “Такси” киноны продюссерээр ажиллаж байна. “Улаанбаатар такси” компани ивээн тэтгэж байгаа.
-Киноны нэрнээс л таксигаар амьдралаа залгуулдаг хүмүүсийн тухай гарах болов уу гэсэн бодол төрж байна. Энэ киногоороо хүмүүст юу хүргэхийг зорьж байгаа вэ?
-Хүн зорилготой байж, түүнийхээ төлөө зүтгэвэл сайхан амьдарч чадна гэдгийг хөгжилтэйгээр харуулахыг зорьсон. Киноны гол дүр маань 30 нас давсан ч ажилгүй, архинд дуртай нэгэн. Таксины жолооч болсноор түүний амьдрал хэрхэн өөрчлөгдөж буйг харуулах юм. Гол нь хүн ажлыг голох биш, чин сэтгэлээсээ хөдөлмөрлөж чадвал шагнал нь ирдгийг харуулна. Ирэх наймдугаар сард киноныхоо нээлтийг хийх санаа байна. Гол дүрд нь жүжигчин Өөскөө, Тулгаа, Нарантунгалаг, би өөрөө тоглох юм. Гэхдээ эмэгтэй хүний дүр бүтээнэ. Манай Бооёо, Онон гээд хошин урлагийн олон жүжигчин тоглоно.
-Хошин урлагийн эрэгтэй жүжигчид эмэгтэй, эмээгийн дүр бүтээхээс илүү гарахгүй байна гэж шүүмжилдэг.
-Эсрэг хүйстнийхээ дүрийг бүтээнэ гэдэг маш их ур чадвар, авьяас шаарддаг. Хэр баргийн хүн тоглож чадахгүй. Эмэгтэй хүн алиа марзан болж, бусдыг инээлгэнэ гэдэг хэцүү. Тайзан дээр гоё сайхан л харагдах нь чухал. Үзэгчдээ баясгаж, инээлгэх гол үүргийг эрчүүд л хүлээдэг. Гэхдээ Одноо, Ундармаа, Өлзийхүү гээд төрмөл авьяастай, эмэгтэй жүжигчид бий. Тэднийг тайзан дээр гараад ирэхээр бүгд хүндэтгэн хүлээж авдаг.
-Та ялангуяа хошин урлагийн үзүүлбэрүүдэд эмэгтэй хүний дүр их бүтээдэг. Хэрвээ эмэгтэй хүн байсан бол ямар бүсгүйгээр өөрийгөө төсөөлж байна вэ?
-Эмэгтэй хүний дүр олон удаа бүтээж байсан ч өөрийгөө бүсгүй хүн байсан бол гэж бодож байгаагүй юм байна шүү. Анх Бооёо, Хүрлээ, талийгаач Амбий бид дөрвүүлхнээ тоглолт хийдэг байлаа. Тэр гурав эмэгтэй хүний дүрд тоглохоос ичнэ. Тэгээд би л бүх эмэгтэй дүрд нь тоглодог байв. Хөдөө тоглолтоор дөрвүүлээ явна. Нэг тоглолтод 4-7 үзүүлбэр үзүүлнэ. Тэр болгонд гарах хүүхэн, эмээгийн дүрд би л тоглоно. Зургаан эгчтэй айлын ганц хүү болохоор тэднийгээ л дуурайдаг байсан. Миний бага эгч адайр ааштай байхад том эгч минь эсрэгээрээ номхон дөлгөөн зантай. Тэднийхээ дүрийг л тайзан дээр амьдруулна даа. Хувцсыг нь өмсөнө. Ээжийн дүү нар гэж бас баахан эмэгтэйчүүд. Малчин, сэхээтэн гээд янз бүрийн дүр байгаа юм. Нэг удаа албан шаардлагаар Амбий маань хүүхний дүрд тоглосон. Тэр үеэс л ер нь эрчүүд бүсгүйчүүдийн дүрд хувирч эхэлсэн дээ.
-Та хошин урлагаас кинонд хүч үзээд цөөнгүй уран бүтээл хийжээ. Аль нь танд илүү таатай мэдрэмж төрүүлдэг вэ?
-СУИС-д 20-иод жил багшиллаа. Уран сайхны 10 гаруй кино найруулжээ. Кино урлаг бол хүчтэй зэвсэг. Хошин урлагт дуртай үзэгчид бий. Уран сайхны киноны үзэгчид ч гэж тусдаа. Хамгийн гол нь үзэгчдэдээ мэдрэмж өгөх, хошин гээд инээлгэхээс илүү ухаарал хайрлахыг хичээдэг. Маш олон хүний хүч хөдөлмөрөөр кино бүтдэг. Тэрний ард нь гараад бүтээлээ олонд хүргэх нь л хамгийн их таашаал өгдөг дөө.
-Хүн уурлуулахаас инээлгэх нь хэцүү гэдэг. Таныхаар инээдэм гэж юу юм бэ?
-Инээдэм бол олон янз. Гэхдээ онол талаар ярихаас илүү үзэгчдэд мэдрэмж өгөх нь инээлгэхийн гол зорилго юм уу даа. Би анх удаагаа инээдмийн кино хийх гэж байна. Сайн хийж чадна гэдгээ ам бардам хэлмээр байна. Хошин урлагт 17 жил ажиллахдаа багагүй туршлага хуримтлуулсан. Үүнийхээ үр шимийг одоо л гаргана даа. Анх Б.Бадрууган “Уулын хөх сүүдэр” кинонд туслах найруулагчаар намайг ажиллуулснаас хойш өдий хүртэл чадах ядахаараа кино урлагт хүч үзэж явна.
-Та өөрөө хэр инээд муутай вэ?
-Хачин инээмтгий хүн. Бид байнга нэг нэгнээ инээлгээд л явж байдаг. Ингэж байхдаа л үзүүлбэрийнхээ санааг олж авна. Чи бид хоёр ярилцаж байхад хүртэл санаа гарч ирэх жишээтэй.
-Хөөх. Ямар санаа?
-Чи ер нь их төв хүн байна. Нээх чухал царайтай “Та хүн яаж инээлгэдэг юм бэ, за инээлгэчих, инээлгэ л дээ” гээд байвал нөгөө хүн нь аргаа барна биз дээ. Инээлгэх гэж ядна. Энэ бас нэг санаа. Амьдрал тэр чигээрээ хошин шог, бас эмгэнэл. Гэхдээ сүүлийн үед ихэвчлэн сонгодог ялангуяа Францын зохиолоос үзүүлбэрээ сэдэвлэж байгаа.
-Хэрвээ та жүжигчин биш байсан бол ямар ажил хийгээд явж байх бол оо?
-Жүжигчнээс өөрөөр төсөөлөхгүй байна. “Хоёр хоёрын тав”, “Доргио долоон эр” киноны үеэр хамтлагийнхныхаа тогоо шанагыг барьсан юм. Олон хүний хоолыг “галзуу” хийнэ шүү дээ. Ганц биш, олон хүний хоол хийнэ гэдэг давсыг нь тааруулахаас эхлээд хэцүү. Гэхдээ манайхан миний хийсэн хоолонд бүгд ам сайтай байдаг. Миний эхнэр тогооч мэргэжилтэй.
-Амралтын өдрөөр гэр бүлийнхэндээ гарын хоолоо хийж өгдөг байх нь ээ.
-Солонгос, хятад хоол хийнэ. Монгол хоолыг бол гаргаахгүй дээ. Кино зураг авалтын үеэр хээр хөдөө гарсан үед боорцог, бинг би хамгийн амттай хийнэ. Амралтын өдөр аль болох эхнэр, охин хоёртоо цаг гаргаж, хамт байхыг боддог юм. Манай эхнэр тогооч ч гэсэн гэртээ хоол бараг хийхгүй. Өдөржин тогоо шанагатай зууралддаг болохоор гэрт дахиад л хоол хийх сонирхолгүй болчихдог юм шиг байгаа юм. Тэгээд би орой эхнэрээ ирэхэд хоолоо хийгээд хүлээж байна. Манайх оройн хоолондоо заавал нэг, хоёрдугаар хоол хийдэг юм. Миний охин гэдэс дотроор хийсэн хоолонд нугасгүй.
-Эхнэртэйгээ яаж танилцсан бэ. Гэр бүлийнхээ талаар ярихгүй юу?
-Манай эхнэр “Бичил” хороололд амьдардаг байлаа. Тэр үед би Радио, телевизийн дээд сургуульд багшилж байсан юм. Надтай цуг ажилладаг, найз эмэгтэй маань нэг өдөр “Чи эхнэртэй бол оо. Чамтай яг адилхан эмэгтэйг танилцуулъя” гээд дагуулаад гэрт нь очлоо. Гэртээ байдаггүй. Тэр хоёр найз болохоор гэрийнх нь түлхүүр түүнд байдаг байсан юм. Гэрт нь орлоо. Тэгээд альбом үзүүлж, зургийг нь харуултал их аятайхан бүсгүй байна аа. Тэднийх Оросын хуучны том хөргөгчтэй юм байна. Тэр нь их чимээтэй. Тэгэхээр нь “Би чамтай суумаар байна. Харин чи надтай сууя гэж бодож байвал нэгдүгээрт хөргөгчийнхөө дууг намсга, хоёрдугаарт надад захиа бич” гээд өөрийнхөө зургийг захиатай хамт үлдээгээд явлаа. Их “танхай” бичсэн байгаа биз. (инээв). Тэгсэн маргааш нь “Сууя” гэсэн хариу ирсэн. Тэгээд л нэг гэрт орсон доо. Ганц охинтой. Тэр минь 13 настай.
-Сүүлийн үед таны эрүүл мэнд сайнгүй байлаа. Таныг бүр хараагүй болсон гэсэн мэдээлэл гарсан. Энэ бүхний ард гарахад гэр бүлийн хүний хайр халамж, нөмөр нөөлөг их байсан байх даа.
-Хэд хэдэн удаа үхэлтэй нүүр туллаа. Цус харвалаа, осолд орлоо. Бурхан хардаг юм байна. Маш олон удаа хагалгаанд орсон. Хэдхэн сарын өмнө Өвөрмонголд тоглолтоор явж байгаад автын осолд орлоо. Үхэх цаг нь болоогүй юм байлгүй, байж л байна. Ослын улмаас бөөр, нуруугаар байнга хатгаж өвддөг болсон. Харвалт өгөөд хэсэг хугацаанд юм харахаа байсан шүү дээ. Сар гаруй эмнэлэгт хэвтэж эмчлүүлээд гайгүй болсон. Даралт багатай хүмүүсийн даралт жаахан ихсэнгүүт л шууд харвачихдаг юм байна. Миний даралт 120, 80. Гэтэл 160 хүрээд л шууд харвачихсан. Үүнийгээ мэдэхгүй гурав хоног явсан. Тоглолтод оролцох гээд иртэл хүмүүс дөрөв харагдаад, нүд эрээлжлээд байлаа. Тэгээд “Улаанбаатар сонгдо” эмнэлэгт үзүүлтэл харвачихсан байна гээд шууд хэвтүүлсэн. Бие өвдөхөөс илүү сэтгэл шаналах үнэхээр хэцүү юм билээ. Энэ бүхний ард гарахад эхнэр, охин хоёроос минь гадна хошин урлагийнхан, түмний минь дэм их байсан. Хандивын тоглолт зохион байгуулж, олсон орлогоор нь Солонгост очиж нүдний хагалгаанд орсны хүчээр л энэ зэрэгтэй байна. Хошин урлагийнхан хоорондоо их дотно. Ядарсан нэгнээ дэмжиж тусална. Одоо Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хяналтад байдаг. Дахиж харвах магадлалтай гэсэн учраас эм байнга ууж байгаа.
-Уучлаарай. Таны сэтгэлийг үймрүүлж байгаад. Осол гарах үед та талийгаач Т.Билгүүнтэй хамт нэг машинд явж байсан гэл үү?
-Тийм ээ. Одоо болтол тэр явдал нүдэнд харагдаад байдаг юм (уйлав). Гэнэт нэг том машин жолоочийн талаас дайраад ороод ирсэн. Би хамгаалалтын бүсээ зүүсэн тулдаа л амьд үлдсэн байх. Гэхдээ ингэж амьд үлдсэнээс тэр сайхан залуугийн оронд үхчих минь яав даа гэж боддог юм. Талийгаачийг харна гэдэг ямар аймаар гэж бодож байна. Жолоочийн хоёр хөл нь машинд хавчуулагдан, маш хүнд бэртсэн. Монголдоо очиж ясаа тавья гээд тэндээс явахын түүс болсон ч намайг явуулаагүй. Тэнд хэд хоног эмчилгээ хийлгэсэн.
-Дахиад л бараан асуулт асуух нь. Жүжигчин Ц.Батхуяг буюу Амбий бидний дундаас гэнэт л явчихлаа. Олон жил уран бүтээл хийж, нөхөрлөж явсан хүний хувьд танд хэцүү байсан болов уу?
-Амбийгийн маань өвчин нэлээд эрт эхэлсэн. Ходоодоо тайруулан, эмчилгээ хийлгээд бие нь гайгүй болж байлаа. Сүүлд “Содура” киноны зураг авалтын үеэр даараад гам алдчихсан юм шиг байна лээ. Хүйтэн, бороотой үед зураг их авахуулсан. Уг нь царай зүс нь сайжраад өвчин нь эдгэрэх магадлалтай болж байсан. Киноныхоо нээлтийг ч үзэж чадалгүй өнгөрсөн дөө, хөөрхий. Уран бүтээлч хүн зүгээр сууж чаддаггүйн нэг гай энэ юм уу даа.
-Одоо таниас арай гэгээн асуулт асууя. Хамгийн сүүлд хэзээ, хэнээс бэлэг авсан бэ. Бас хэнд өгөв?
-“Такси” киноны зохиолыг бичсэн Г.Дарханбат, Г.Дарханбаяр гээд ихэр найруулагч залуустаа “Тайзны урлаг” гэдэг ном бэлэглэсэн юм байна. Сарын өмнө эхнэртээ төрсөн өдрөөр нь бэлэг өгсөн. Аан, бас долоо хоногийн өмнө охиндоо бэлэг өгсөн юм байна шүү. Охин минь “Дүүтэй болмоор байна” гээд байнга л шалаад байдаг юм. Эхнэр бид хоёрын дундуур орж унтана, ганцаараа болохоор их эрх. Тэгэхээр нь “Бид хоёрын дунд чи ингээд унтаад байх юм бол яагаад ч дүүтэй болж чадахгүй” гэж хэлээд, охиндоо матрёшка авч өглөө. Тэгсэн “Ийм олон дүүтэй болно” гээд өвөртлөөд унтдаг болсон. Харин би өөрөө сүүлд хэзээ бэлэг авснаа санахгүй байна.
-Та өөрийнхөө бүтээлүүдээс алийг нь “тоодог” вэ?
-Бүгдэд нь л хөлс хүчээ зориулсан болохоор ялгаагүй үнэ цэнэтэй. “Хунгийн сүүлчийн дуу” киногоороо алтан үеийн жүжигчдийнхээ дүр төрхийг амьдад нь нэгэн зэрэг мөнхөлж үлдээхийг зорьсон. Энэ агуулгаараа тухайн үеийн Соёл, спорт, аялал жуулчлалын сайд байсан Оюунгэрэлийг киноны нээлтэд ирээд ахмадуудад хүндэтгэл үзүүлээч гэхэд “Өргөө” кино театрын үүдэнд ирээд “Ажил амжихгүй байна” гээд буцаад явчихсан. Төрийн шагналт Цогзолмаа гуай тайзан дээр гараад “Ахмадуудаа бүгдийг нь оруулжээ. Энэ бол түүх болж үлдэнэ шүү, Аси минь” гээд уйлж байсан. 90 настай Лха.Долгор болон Жарантав гуай гээд амьд домог болсон жүжигчдэдээ хүндэтгэл үзүүлснээрээ энэ бүтээл минь илүү юм болов уу.
-Монголын хошин урлагийг Бооёо, Аси, Хүрлээгүйгээр төсөөлөхөд бэрх. Манай хошин урлагийнхны чиг хандлага хаашаа явж байна вэ?
-Хошин урлагийнхныг муулдаг хүн олон болжээ. Урлаг биш гэж ч ярьж байна. Хошин урлаг Монголд жинхэнэ утгаараа хөгжиж байгаа гэж боддог. Бид Англи, Орос зэрэг олон улсад тоглож байсан. Ярихаас илүү үйл хөдлөл ихтэй үзүүлбэр үзүүлэхэд англичууд нир хийтэл инээгээд л сайхан хүлээж авсан. Инээд баясал, наадам наргиангүйгээр амьдрал хөгтэй байж чадах уу. Сүүлийн үед “Шинэ үе” продакшны жүжигчдэд таагүй явдал цөөнгүй тохиолдлоо. Гэхдээ бид энэ бүхнийг даван туулж чадсан. Алдармаа, Оюунтуул хоёрыгоо ч хүлээн авахад бэлэн. Хөөгөөд явуулсан биш, алдаа гаргадаггүй хүн гэж байхгүй шүү дээ. Бооёо бид хоёр “Залуучуудаа л гаргаж ирье” гэж ярьдаг юм. Залуусаа дэмжих, тэднийгээ хөгжүүлэх нь “Шинэ үе”-ийн бодлого. Монголын хошин урлаг илүү өндөр түвшинд хүрнэ гэдэгт эргэлзэх юм алга.
Ч.Болортуяа