Монголын театрын урлагт өөрийн гэсэн байр суурийг тодорхойлж, нийгэмд буй олон асуудлыг уран бүтээлээрээ дамжуулан дуугарч чадсан “Хувьсал” продакшныхан шинэ содон, сонирхолтой жүжгээрээ цаг ямагт тэсрэлт хийсээр ирсэн. Тус продакшныхан дэлгэцийн хоёр дахь бүтээл болох "Зүрхээр наадагч" кино нээлтээ хийсэн дариудаа үзэгчдийн таашаалд хүрч, хамгийн их орлоготой кино болж байсан юм. Тэгвэл тэдний дараагийн уран бүтээл болох “Тооцоогүй тоглоом” уран сайхны кино өнөөдөр нээлтээ хийлээ.
Кино нээлтийн үеэр тус киноны гол дүрийн жүжигчин Н.Цэнгэлжаргалтай хэдэн хором ярилцлаа.
“Хувьсал” продакшн дэлгэцийн бүтээлд хүч сориод үзэгчдээс чамгүй үнэлэлт аваад байгаа. “Тооцоогүй тоглоом” киног үзээд үзэгчид юуг ойлгож гарах вэ?
“Хувьсал” продакшн байгуулагдаад 16 жил болж байна. Манай продакшны дэлгэцийн гурав дахь уран бүтээл болох “Тооцоогүй тоглоом”кино нээлтээ хийж, хийсэн ажлынхаа дүнг үзэгчдээс авах гээд их догдлож байна. Би энэ киноны Гүнжээ гэдэг эмэгтэйн дүрд тоглосон. Киноны зохиолыг СТА, жүжигчин А.Ганчимэг бичиж, продюссер, найруулагчаар гавьяат жүжигчин У.Уранчимэг, зургийн даргаар соёлын тэргүүний ажилтан жүжигчин Д.Ганцэцэг, ерөнхий зураглаачаар “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Зүрхээр наадагч” кинонуудад хамтран ажилласан Б.Отгонзориг ах, Ерөнхий зураачаар Ц.Хүрэлбаатар ах ажилласан.
-Таны хувьд дэлгэцийн уран бүтээлд чамгүй олон удаа тоглосон. “Тооцоогүй тоглоом”-ын Гүнжээгийн дүр урдны бүтээлийнхээс юугаараа онцлог вэ?
“Тооцоогүй тоглоом” кино миний дэлгэцийн дөрөв дэх бүтээл. Анх “Чонын алтан шагай” цуврал кинонд тоглосон. Ангийнхантайгаа хамт “Амьдралын амт” кинонд тоглож байсан. Дараа нь “Жексон амьд” кинонд тоглосон. Эдгээр кинонд би эерэг талын дүрд тоглож байсан. Намайг зөөлөн төрхтэй болохоор найруулагчид эерэг дүр өгдөг юм. Харин энэ кинон дээр найруулагч Урнаа эгч өмнөх дүрүүдээсээ эрс өөр харагдах хэрэгтэй байна гээд эсрэг талын дүр өгсөн. Гүнжээ, Цэнгэлжаргал хоёрын хувьд зан төрх, биеэ авч яваа байдал эрс тэс. Гүнжээ бол эмэгтэйлэг, энхрий, ялдам, дур булаам бүсгүй. Харин би чөлөөтэй, хүмүүсийн ярьдгаар эршүүд талдаа хүн шүү дээ. Тиймээс хөдөлгөөнөө хүртэл уян налархай, ялдам байлгах гэж нэлээд ажилласан. Цэнгэлжаргал гэдэг хүн Гүнжээд хэрхэн уусан шингэж өөрчлөгдсөнийг энэ киноноос үзэгчид харах байх.
“Тооцоогүй тоглоом” кинонд шинэ залуу жүжигчид тоглосон гэсэн. Үзэгчид хэр хүлээж авах бол гэсэн айдас байна уу?
-Байлгүй яах вэ. Энэ уран бүтээлээрээ залуу жүжигчдээ дэмжих, үзэгчдэд таниулах боломж олгож байгаа нь бидний хувьд маш том хариуцлага юм. Өөрсдийн ур чадварыг харуулах боломж гаргаж өгсөнд баярлаж байгаа. Зарим продакшныг харахад томчууд нь өөрсдөө гол дүрд тоглоод залуу жүжигчдэд нь туслах дүр оногддог. Манай продакшн энэ удаад “Хувьсал”-ын ирээдүй болсон залуу жүжигчдээ дэмжиж хийж байгаа гэдэг утгаараа их онцлогтой байгаа. Тиймээс энэ кинонд маш их ач холбогдол өгсөн. Кино дөрвөн гол дүртэй. Хоёр эрэгтэй дүрд О.Мөнхдалай, Ц.Мөнхболд, эмэгтэйд Г.Бямбасүрэн бид дөрөв тоглосон. Киноны дууг манай жүжигчин Г.Бямбасүрэн дуучин Хаянхярваатай хамтран дуулсан. Киноны аяыг Л.Балхжав, үгийг П.Одгэрэл бичсэн. “Тооцоогүй тоглоом” гэхээр нэрийг нь сонсоод ямар утга санаатай нь бараг мэдэгдэх байх. Сонирхолтой, адал явдалтай, сургамжтай кино учир залууст таалагдана гэж итгэж байна.