Эртний Ром, Грекийн баатарлаг эрчүүдийн тэргүүн дээр залардаг байсан лаврын навчин титэм бол эр зоригийн бэлгэдэл байлаа. Өдгөө цагийн хамгийн анхилуун амтлагчийн нэг болсон сэнгэнэсэн үнэрт лавр эрүүл мэндэд тустай. В-гийн төрөл, С, А аминдэмээр баялаг, фолийн хүчил, ниацин, пиридоксин, пантотены хүчил зэрэг антиоксидантын уурхай. Нянгийн эсрэг онцгой үйлчилгээтэй. Эл навчинд төмөр ихээр агуулагддаг учраас өвөрмөц амттай байдаг. Олон төрлийн тос агуулдаг учраас үе мөчинд сайн. Энэ мэтээр тоочоод байвал мундахгүй.
Үүнээс гадна лаврын навчийг амны эвгүй үнэр дарахад хэрэглэдэг аж. Эртний ромчууд биедээ лаврын навч авч явбал хэл амнаас хамгаалдаг гэж үздэг байв. Бид зарааны үс хадгалдаг шиг. Мөн энэ навчаар төлөгчид муу энергийг гадагшлуулдаг гэх нь бий. Грекчүүд алгандаа лаврын навч үрээд хүслээ шивнэдэг гэнэ. Мөн нялх хүүхдийн гудасны дор эл навчийг тавидаг дом ч байдаг аж. Монголчууд үнэг хайчилж тавьдагтай адил юм уу.