Удахгүй Зул сарын баяр болно. Би урьдын адил охиндоо юу бэлэглэхээ мэдэхгүй, сонгож чадахгүй нь. Чамд минь олон хөөрхөн тоглоом, даашинз, үлгэрийн ном бий гэдгийг мэдэж байна. Тэгэхээр Зул сар бүрээр аавыгаа дурсан санах тийм нэгэн онцгой бэлэг бэлдэхийг хүсэх юм. Ингэж бодож, эргэцүүлсний эцэст ийм шийдвэр гаргалаа. Аав нь чамд амьдралыг ойлгуулахыг хүссэн чин сэтгэлийнхээ үгийг захидал болгон бэлэглэе. Юу хэлэх гэснийг минь ойлгож чадвал чиний амьдрал илүү хялбар, сайхан байх болно. Тэгээд бас чи минь өчүүхэн зүйлээс болж хэн нэгэнд гомдох хэрэг гарахгүй ээ, аав нь мэдэж байна. Би чамдаа ингэж хэлэх хэрэгтэй, эсэхийг удаан бодож тунгаасан юм шүү. Юу гээч...
Чамд хэн ч, юу ч өгөх албагүй
Энэ юу гэсэн үг вэ гэж үү?
Дэндүү ойлгомжтой санагдах энэ үг амьдралыг чинь гарцаагүй аварч, сургамж болохыг чи минь хараахан ойлгохгүй байж магадгүй. Хэн ч чиний төлөө амьдрахгүй шүү, охин минь. Яагаад гэвэл чи бол ганцхан чи, өөр хэн ч биш. Хүн бүр өөрийн аз жаргалын төлөө л амьдардаг. Чи үүнийг эрт ойлгох тусам “Хэн нэгэн намайг аз жаргалтай болгоно” гэсэн хүлээснээс эрт мултарна. Энэ бол хэн ч чамайг хайрлах үүрэгтэй биш, тэгэх албагүй гэсэн үг. Харин хэн нэгэн чамайг хайрлаж, дурлах нь чи л өөрийг нь аз жаргалтай болгож чадахыг тэр хүн мэдэрсэн хэрэг. Түүнийг аз жаргалтай болгох онцгой зүйл чамд байгаа учраас тэр. Тэр нэгэн зүйл чинь чамайг улам ихээр хайрлуулах чадалтай гэдгийг ойлгож, мэдрэхийг хичээгээрэй.
Хэрэв хүмүүс чиний төлөө ямар нэгэн зүйл хийвэл тэд тэгэхийг хүссэн болоод л тэр. Чи ямар нэгэн шалтгаанаар тэдэнд үнэлэгдэн, таалагдсан учраас чамайг баярлуулахыг хүссэн хэрэг. Тэрнээс биш чамд хэн нэгэн, ямар нэгэн юм хийж өгөх ёстойдоо тэгээгүй. Энэ юу гэсэн үг вэ? Хэн нэгэн чамайг заавал хүндлэх албагүй гэсэн үг.
Чамд эелдэг, энэрэнгүй бус хандах хүмүүс байх болно. Тэр үед чи хүмүүс чамтай эелдэг харилцаж, энэрэнгүй байх албагүйг ойлгоод, тэднээс холдоорой. Өөрийг чинь шархлуулах хүмүүст ойртох хэрэггүй. Тийм ээ, чи ч гэсэн хэн нэгний төлөө ямар нэгэн зүйл хийх албагүй.
Хэн ч чамд өргүй
Дахиад хэлэхэд, хэн ч чамд юу ч өгөх албагүй. Хэн ч чамд өргүй. Чи өөрийнхөө төлөө шилдэг нь байх ёстой. Тэгж чадвал хүмүүс чамд татагдан, чамайг дэмжиж, бүх зүйлээ чамтай хуваалцахыг хүснэ. Харин хэн нэг нь чамтай хамт байхыг хүсэхгүй бол чамаас шалтгаалсан хэрэг биш. Хэрэв тэгвэл чи өөрийнхөө хүссэн өөр хэн нэгнийг ол. Бусдын зовлон чинийх болох учиргүй шүү.
Бусдын хайр, хүндлэлийг хүлээхийн тулд өөрөө хичээх хэрэгтэйг ойлгосон цагт чи боломжгүй зүйлийг хэзээ ч хүлээж, хүсэхгүй болно. Хүмүүс чамтай сэтгэл, санаа бодлоо хуваалцах албагүй. Харин тэд чамд сэтгэлээ нээвэл чи тийм эрхийг өөрөө олж авсан хэрэг. Тэр цагт бусдаар хүндлүүлж чадталаа хичээсэн өөрөөрөө бахархах ёстой. Гэхдээ үүндээ бардаж, ингэх ёстой мэтээр бодвол чи бүхнийг амархан алдах болно. Учир нь хүндлэл, хайр бол зөвхөн чиний эрх, эрхшээлээр болдог зүйл биш.
Миний туршлага
Би “Надад хэн нэгэн ямар нэг зүйл өгөх албагүй” гэдгийг ойлгох тэр мөчид мөрөн дээр минь байсан том чулуу унаад өгөх шиг болж билээ. Тийм ээ, би үүнийг тийм ч амар ойлгоогүй. Тэр хүрэх гэж нэлээд удсан.
Би өөрийн авч чадахгүй зүйлийнхээ төлөө их хүч зарж, тэчьяаддаг байлаа. Тийм байхад хэн намайг хүндэлж, нөхөрлөх билээ. Эцэст нь би энэ бүхнээс сурч, ойлгосон. Би хүмүүстэй хамт байх ёстой, тэдэнтэй харилцах учиртайг сурсан. Ингэсний дүнд хүмүүс надад нөхөрлөл бэлэглэсэн. Ажлын хамтрагчтай болсон. Хүндлэлээр дүүрэн үйлчлүүлэгчидтэй болсон. Энэ бол бусдад хүрч чадсан үед юу хүссэнээ авч чаддаг гэсэн үг. Тэр хүн юу мэдэрч, юу хүсэж, түүнд юу чухал байгааг би ойлгох ёстой гэсэн үг. Тэгж ойлгосон цагт энэ хүнтэй харилцаж, холбогдохыг хүсэж байгаа, эсэхээ би өөрөө ойлгох болно. Өнгөрсөн он жилүүдэд би юу сурч, ойлгосныг хэдхэн үгэнд багтаах боломжгүй. Гэхдээ энэ зурвасыг минь Зул сар болох бүрт уншаад байвал охин минь чи аавынхаа үгийг аажим аажмаар ухаж ойлгох болно. Чамд хэн ч, юу ч өгөх албагүй гэдгийг чи минь эрт ойлгосноор амьдрал чинь илүү хялбар болно.
1966.12. 25.
Энэ захидлыг Харри Браун есөн настай охиндоо бичжээ.