Хөгжмийн зохиолч, соёлын тэргүүний ажилтан Х.Цэвэлгончиг гуайн нас сүүдэр 86 тохиож буй. 16 насандаа сумынхаа Улаанбулангийн эрхлэгчээр томилогдон, Дэлхийн залуучууд, оюутны их наадамд улсаа төлөөлөн оролцож алт, мөнгөн медалиар энгэрээ мялааж байсан тэрбээр уран бүтээлийн тайлан тоглолтоо хийхээр болжээ.
Баянхонгор аймгийн Заг сумын уугуул түүний “Хонгор нутгийн үзэсгэлэн” тайлан тоглолт ирэх ням гаригийн 17.00 цагт Төмөр замын чуулгын байранд болно. Урлагт хүчин зүтгэхдээ 100 шахам уран бүтээл туурвисан тэрбээр хөгжим зохиох болсон үеэ дурсан манай сонинд “1950-иад оны эхээр “Энхтайваны тугийн дор” гэдэг гоё шүлэг олж үзээд ая хийж, найрал дуучдаар дуулуулж байлаа.
Түүнийг нэрт зохиолч Э.Оюун гуай сонсоод “500 хүн марш алхаж байгаа мэт сүрлэг сайхан аялгуутай дуу байна. Энэ жаахан охин ийм дуу зохиосныг үнэлэх хэрэгтэй. Цаашид дэмжээрэй” гэсэн нь надад их урам хайрлаж билээ. Үүнээс хойш ая зохиох хүсэл их байсан ч ажилдаа баригдаад завдахгүй явсаар 1964 онд Төмөр замын соёлын ордонд очсон.
Тэнд дуу, бүжгийн ансамбль байгуулна гээд намайг багшаар томилсон юм. Тэгэхэд бүх зүйл толгой дээр буусан. “Сумчны хүлээлт” дуу маань 45 дахь жилдээ дуулагдаж байна. Тэнд ажиллаж байхдаа чамлахааргүй олон дуу, хөгжмийн бүтээл зохиосон” хэмээн ярьсан удаатай.