Монгол-Франц хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жил, Ж.Бизегийн “Кармен” дуурийг манай улсад анх удаа тавьсны 30 жилийн ойн хүрээнд маргааш болон энэ сарын 16-нд ДБЭТ-т уг бүтээлийг тоглох нь. Маргаашийн тоглолтыг удирдах Францын удирдаач Шарль Барбиетэй ярилцсанаа хүргэе. Тэрбээр Бретань мужийн консерватор, Реннийн хоёрдугаар их сургууль, Парисын Үндэсний хөгжим, бүжгийн консерватор, Сибельюсийн академид суралцаж байжээ.
Финландын дуурийн театрын туслах удирдаачаар ажиллаж, Бретань, Овернь мужийн найрал хөгжим, түүхт хөгжмийн зэмсгүүдээр тоглодог Европын Соён гэгээрүүлэх найрал хөгжмийг урилгаар удирдаж байсан аж. Удирдаачаас гадна тенор, контр-тенор хоолойтой Шарль Барбие дэлхийн 24 оронд дуу хоолойгоо хүргэсэн байна. 2003 онд Баруун бүсийн залуу авьяастны уралдаанд түрүүлж, дараа жил нь Бартелеми сангийн тэргүүн шагнал хүртэж байсан бол 2013 онд “Дуурийн очир эрдэнэ”-ийн эзэн болжээ.
-Та Монголд ирээд 20 гаруй хонож байгаа юм билээ. Юун түр үүнд сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу. Энэ хугацаанд юу амжуулсан бэ?
-Улсын филармонийн найрал хөгжимчидтэй хамтарч тоглолоо. Маргааш дэлхийн хамгийн алдартай дуурь “Кармен”-ийг удирдахаар зэхэж байна. Гайхалтай үзэсгэлэнт байгаль, эрх чөлөөний тухай ярьж буй хэсэг энэ дуурьт бий. Монголчууд өөрсд өө онгон дагшин байгалтай, тэр сайхныг мэдэрдэг, ойлгодог учир энэ хэсгийг илэрхийлэхдээ ДБЭТын дуучид сайн санагдсан. Би ч бас тэр эрх чөлөө, сайхныг Тэрэлжид очоод мэдэрсэн шүү. Ардын урлаг болон циркийн тоглолт, музей гээд Монголын соёлтой танилцах өдрүүд үргэлжилсээр байна. Миний ажигласнаар Монголд гайхалтай уран бүтээлч олон байгаа. Харамсалтай нь Засгийн газраас нь дэмждэггүй, сурталчилдаггүй, санхүүжүүлдэггүй юм уу даа гэх сэтгэгдэл төрсөн. Маш олон уралдаанд чадвараа сорих нөөц бололцоо хөгжимчдөд байгаа хэрнээ түүнийгээ батлан харуулах боломж хомс юм уу даа .
-Та “Кармен” дуурийг удирдахаас гадна дуучдын франц хэлний дуудлагыг засахад зөвлөж байгаа гэсэн үү?
-Зөвхөн дуудлага засахад тусалж байгаа гэж ойлгож болохгүй. Ярих хэв маяг, ааш аяг гээд бүх зүйлд анхаарч байгаа. Тухайн бүтээлийн суурийг сайн ойлгох нь их чухал. Тухайлбал, “Жэймс Бонд 007” цувралд шинэ Жэймс Бонд тоглохоор сонгогдлоо гэж бодъё. Тэр хүн бүх ангийг нь үзэж бүрэн дүүрэн ойлгохыг хичээнэ. Үүнтэй адил “Кармен”-ийг тавихдаа тухайн үеийн Францын нөхцөл байдал, хүмүүсийн ахуй амьдрал, хэв маяг болон эл бүтээлээр ямар санаа илэрхийлсэн гээд бүгдийг судалж, сууриа сайн тавих хэрэгтэй тул энэ талаас нь би түлхүү ажиллаж байна. Дуурь гэдэг энгийн тоглолттой адилгүй. Нэг дуунаас нөгөөх рүү шилжиж дуулдаг хэрэг биш. Дуучид нэг баг болж, хөгжимчид, тайз, хувцас гээд бүгд авцалдаж, төгс зохицолтой байж гэмээнэ бүтээл төрдөг. Багаар ажиллах чадвар сайтай нь монгол дуучдын олзуурхууштай чанар. “Би сайн дуулж байгаа биз дээ, намайг л хар” гэж өөрийгөө дөвийлг өх гэдэг дуучид бусад улсад надад ажиглагдсан бол танайхан сайн нэгдэж, дууриа л илэрхийлэхийг зорьдог юм билээ.
-Тэгвэл тэдэнд юу гэж зөвлөмөөр байна вэ?
-Уран бүтээлчид үнэхээр гайхалтай, өндөр түвшнийх юм билээ. Гэхдээ тэдний хүчин чадлыг бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байна. Авьяас билэг, сурч дээшлэх хүсэл тэмүүлэл тэдэнд байгаа хойно өсөж дэвжиж чадна гэж би итгэлтэй хэлмээр байна. Даанч мөнгөний бэрхшээл л байна. Тэд маш шахуу цагийн хуваарьтай ажилладаг. Долоо хоног бүр дуурь тоглоно гэдэг маш аймшигтай. Энэ долоо хоногт “Кармен” тоглох бол дараагийн бямбад “Травиата” тавих жишээтэй. Уг нь нэг тоглолтдоо маш удаан төвлөрч, улам боловсрох нь чухал. Цаг хугацаа, мөнгө, бас тухайн уран бүтээлийн сайн сууриас шалтгаалж олон улсын түвшний дуурь бүтдэг. Олон улсын уралдаанд танай уран бүтээлчид түрүүлдэг, байр эзэлдэг нь авьяас билэгтэйг нь нотолж байна. Гол нь тэднийг илүү хөгжүүлэхийн тулд дуурийн театрт нарны гэрэл тусгах хэрэгтэй байна. Хөгжмийн ангийн хүүхдүүдэд зоригтойгоор хөрөнгө оруулалт хийвэл ирээдүйд гайхалтай том оркестр бий болгох боломжтой. Урлагийн салбар нь чадварлаг уран бүтээлчдээр дүүрэн орон юм байна.
Зургадугаар сард Францад хоёр улсын зураачдын хамтарсан үзэсгэлэн дэлгэх юм билээ. Энэ нь Монгол дүрслэх урлагаараа ч гайхагдаж буйн илрэл. Үзэгчдийг дуурьт татах хэрэгтэй. Танай ард түмэн дуурьтай их ойрхон юм шиг санагдсан. Би малчныд зочилсон. Нүүдэлчид сэтгэл нь хөдлөхөөр дуулдаг, бас аж ахуйгаа дуугаар илэрхийлдэг юм билээ. Дуурийн урлаг ч мөн адил дуугаар бүхнийг илэрхийлдэг. Сэтгэл хөдлөл өндөртэй, ийм сайхан зүйлсийг мэдэрдэг ард түмэн улсынхаа сонгодог урлагийн театрыг хайрлаж байгаасай. Ноолуураа үндэсний маань брэнд гэж бахархдагтайгаа адил манай улсад ийм театр байдаг шүү гэж хүн бүр ДБЭТ-ыг хайрлаж, зорьж тоглолт үздэг болбол сайхан. Ирээдүйн сонгодог урлагийн үзэгчдийг бэлтгэхээ мартаж болохгүй. Уран бүтээлчдийг бүтээлдээ төвлөрөх хугацаа олгож, бусад үед үзэгчдэд сургалт зохион байгуулах нь зүйтэй. Багачуудад баритон, тенор гэж ийм хоолой байдаг гэж анхан шатны мэдлэг олгож, томчуудад “Кармен” ийм учиртай дуурь гэх зэргээр сургалт зохион байгуулбал илүү үр дүнтэй. Жирийн нэг хүүхдээс “Чи хаашаа явж байна вэ” гэж асуухад “Дуурь үзэх гэж байна” гэж хариулах нь энгийн үзэгдэл болтол, “Травиата”-гийн “Хундаганы дуу”-г үзэгчид дагаж дуулдаг болтол, унтаа биш оролцоотой үздэг болтол хөгжүүлэх хэрэгтэй.
-Таны бодлоор “Кармен” юугаараа үнэ цэнэтэй вэ?
-Ерөөсөө л үйл явдал ихтэй нь “Кармен”- ийг гайхалтай байлгах нэг шалтгаан. Вердийн дуурьтай харьцуулж үзье л дээ. 10 минут үргэлжлэх ариг дуулахдаа дуучин тухайн дүрийн бүх сэтгэл хөдлөлийг илэрхийлж байгаа нь мэдээж гайхалтай. Гэхдээ үзэгчдэд энэ нь хэтэрхий сунжирсан санагдах магадлалтай. Харин “Кармен” нэг минут ч уйдах завдал олгодоггүй, байнгын хувьсан өөрчлөгддөг үйл явдалтайгаараа бусдаас онцлог. Ийн жишээ татсан нь Вердийг Бизетэй харьцуулж байгаа хэрэг биш шүү. Анх удаа дуурь үзэж байгаа хүний өнцгөөс бодож ярилаа.
-Та 20 гаруй оронд тоглож байсан юм билээ. Очсон газрынхаа урлагаас ч суралцдаг байх. Монголоос юуг ойлгосон бол?
-Сайхан асуулт байна. Мэдээж олон зүйл бий. Гэхдээ хаанаас нь эхэлж хэлье дээ... Хотын оршин суугчид нь хүртэл байгальтай холбогдож чаддаг юм билээ. Жижигхэн горхиос эхлээд том мөрөн, дөнгөж төрсөн хурга, эсвэл нас бие гүйцсэн бух гээд л энгийнээс эгэлгүй хүртэл олон зүйлийг, байгалийн гайхамшигт үзэгдлийг харж, эрч хүч авч түүнийгээ өөрсдийн ажил мэргэжлээрээ дамжуулан илэрхийлэх чадвартай юм билээ. Жишээ нь Самандбадраа хэмээх уран бичээч залуутай уулзахад түүний бүтээлийн илэрхийлэл нь гайхалтай санагдсан.
-Францын Засгийн газар урлагийнхнаа хэрхэн дэмждэг вэ?
-Монголынхоос ялгаатай талыг нь хэлье. Тухайн уран бүтээлч ямар нэгэн урлагийн байгууллагад ажиллаагүй, хувиараа уран бүтээлээ хийж, гэртээ зүгээр суухад нь Засгийн газраас тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлдэг. Мэдээж энэ нь ажиллаж байгаа урлагийнхны цалингаас бага байх нь ойлгомжтой. Гэхдээ уран бүтээлчийг мөнгөнд санаа зоволгүй, хувиараа боловсрох, суралцах, чадвараа дээшлүүлэх боломжоор нь хангаж байгаа хэрэг. Ямар ч мундаг уран бүтээлч байгаад талхны мөнгөгүй бол идэх хоолондоо л санаа зовно шүү дээ. Мөн театруудад найрал дуу, симфони хөгжмийн ангийнхан байдаг ч гоцлол дуучид гэж тогтсон ажлын байр байдаггүй. Ямар тоглолт, бүтээл тавихаас шалтгаалж, сонгон шалгаруулалт зарладаг. Энэ нь өрсөлдөөнийг бий болгож, дуучдыг илүү сайжрахад нь тусалдаг. Сайн байх тусмаа дуурийн театруудад уригдах боломж нь нэмэгдэнэ гэсэн үг.
Б.ДӨЛ