Уул ус бол ертөнцийн оюун санааны туурвил буюу. Ухаант хүмүүн тэрхүү байгаль эхийн туурвилыг билгүүнийхээ мэлмийгээр уншиж тайлахын сацуу, цаг эрин бүрт өөрсдийн бүтээлийг уул устайгаа зохилдуулан цогцлоодог жамтай ажгуу. Өгүүлэх нь: Монголчуудын эртний өвөг Хүннүгийн ихсийн онгон орших Ноён уулын баруун жигүүрт үлгэр домгийн Гарьд шувуун дүрт уул ихэмсгээр огторгуйд цоройж өмнө тийш бага уулсаар намсан хормой уртсаад уудам хөндий рүү өлмий жийн хөвч ойн дунд хүглийх ажээ. Өндгөө дарсан Гарьдын шинжтэй хэмээх энэхүү уулын өвөр дэх Далийн аманд дөрвөн жилийн өмнө “Аглаг бүтээлийн сүм” хэмээх үзэмж төгс шүтээний орон буй болсон нь Бурханч лам Г.Пүрэвбатын их хөлгөн туурвилын эхлэл нь асанжээ. Гарьд уулын оройн элгэн хаднаа Соёмбо үсгийг Өндөр гэгээний анхны тигээр сийлсэн нь холоос тодхон. Нэхэн санахад, 1993 он юмсан. Монголчуудын тусгаар тогтнолын бэлгэдэл, төр түмний билгийн мэлмийг нээгдүүлэх утга санааг илэрхийлэн бүтээж эхлээд байсан Мэгжиджанрайсиг их шүтээний сүншиг тэргүүтэн шашны нарийн зан үйлийн талаар заавар авах хийгээд ховор живэр ном судар залахаар XIV Далай ламд бараалхах үес Дээрхийн гэгээнтэн бээр, “Монголоос бурхны урлалд суралцаж буй нэг шавь буй. Тэрбээр таны асууж, та бүхэнд тулгамдаж буй бүхнийг сураад араас чинь очно. Нэр нь Пүрэвбат” гэж билээ.
Ийнхүү Г.Пүрэвбат лам ирэнгүүтээ Мэгжиджанрайсиг их шүтээний шашны зөвлөх болж шүтээний мэлмий нээх тэргүүтэн нарийн нандин урлалыг өөрийн мутраар үйлдсэн нь ерөөл бэлгэ таацсан явдал байлаа. Тэрбээр их бурхны бүтээлийн үйлсэд идэвхийлэн оролцохын хамт Бурхны шашны урлахуйн дээд сургуулиа байгуулж цөөн хэдэн залууст гэрийн уламжлалаар шавь сургалт явуулж, сурсан эрдмээ шууд өвлүүлэх хийгээд шашин дахин дэлгэрсэн цаг үеийн шүтээн урлалаа шинээр туурвин цоглоох, монгол дахь шашны бүдгэрсэн соёлыг сэргээх, настай лам нараас ховор эрдэм жүдийг авч үлдэх, зах зээлд замбараагүй гарч ирсэн судар ном, бурхан тахилын зүйлсийг олж хямгадах тэргүүтнийг олон мутартай юм шиг зэрэг зэрэг амжуулж байх нь ажиглагддаг сан. Тэр болгон нь ирээдүйн аглагийн бүтээлтэй нь бас холбогдох учиртай байжээ. Аглаг бүтээлийн сүмийн нийтийн мөргөлд зориулсан эхэн давхар нь Амитаба буюу Цаглашгүй гэрэлт бурхан голлосон Энхжингийн орны байгуулалтаар цогцолжээ. Ажиглахад, Бурханч ламын өөрийн мутрын бүтээл голдуу харагдана. Эхэн давхрын баруун жигүүрт нэгэн ер бусын чулуун ширээ хараа булаана.
Бүтээлийн сүмийн суурь тавьж байхуйд газар дороос ургаагаараа гарч ирсэн энэ чулууг зайлуулахгүйгээр, байгалиас заяасан тэр чигээр нь тахилын шүтээн болгон нандигнан залжээ. Сүмийн дотор үлдсэн чулуун ширээ, газар дэлхийн судасны лугшилтыг сүмийн доторх шүтээнүүдийн эрчимтэй холбож байх шиг санагдана. Ургаа чулуун тахилын дээр энэрэн нигүүлсэхүй бурхны зүрхэн шим маанийн үсгийг монгол бичгээрээ сийлсэн нь харах агшин бүрт тарнийн тоо арвижин дэлгэрэхийн утга илтгэнэ. Бүтээлийн сүм хийдийн дэд давхарт Богд ламын чуулганы орныг байгуулсан хийгээд дуганын ханыг тойруулан номын сан хөмрөг байх аж. Дээд давхарт нь сахиус тэргүүтнээ залсан буй заа. Бүтээлийн сүм дотор хосгүй нэгэн суварга бүтээж, тэрхүү Цогт үр цогцолсон суваргыг тойруулан шилэн оройт жижиг 77 суварганд Бурхан багш тэргүүтэн дээд язгууртан нарын ринсэл буюу эрдэнийн шүтээнүүдийг оршоосны сацуу, Их Монгол орны хутагт гэгээнтнүүдийн гэгээн язгуурын 616 нууц шүтээнүүд бас буй гэх ажээ.
Монголдоо төдийгүй, дэлхийд хосгүй нандинд орох энэ цогт суваргыг эдүгээ бүтээж буй Алтан сүмд залах гэнэ. Ийм нандин шүтээний Цогт эрдэнэсэд алтан сүм өргөхөөс хэрхэх сэн билээ. Бүтээлийн сүмийн шат гишгүүрийн мөр дээр орших бул чулууг зайлуулахгүйгээр бүтээл болгон амилуулах санаа анх Бурханч ламд төржээ. Өвөр тал нь шувууны хошуу мэт, ар тал нь хэвтээ араатны бие мэт харагдсан нь эртний нэгэн домгийг санагдуулав. Хангарьд, арслан хэмээх үл зохилдох хоёр амьтан эвцэлдэж дундаас нь гарьд цээжтэй, арслан бөгстэй тэнгэр газрыг эрхшээсэн нэгэн хүчирхэг амьтан төрснөөр үл зохилдох бүхэн амирлаж, бүхий л юм эв найртай оршино гэсэн домгийн утга сэтгэлд тодорч, тодорсон домог нь өлзий зохилдох чулуун баримал болон тодорвой. Бүтээлийн сүмээс зүүн урагш хэд алхамд бас нэгэн бул чулуу “тээглэнэ”. Хуяг нь цухуйсан яст мэлхийтэй адилханаар бурханчийн сэтгэлд буужээ. Ийн шороог зайлуулж, чулуун яст мэлхийн дүрийг оршоов. Чулуун яст мэлхийн доор газрын шим тэтгэх адистэд бүхий эрдэнийн бумба залсан бөгөөд яст мэлхий бээр энэхүү шүтээний орны эрдмийг өнө үүрд сахихын бэлгэ оршжээ. Ийм байдлаар бүтээлийн сүмийн өвөр өлмий дэх ургаа бул чулуу газрын даруулга-яст мэлхий болжээ.
Улмаар хямралыг амирлуулах лавайт матар, үст матар, найман хөлт арслан хэмээх сайн учрал ерөөлд урван зохилдсон гэх домгийн хүчтэнүүд Аглагийн сүмийн орчин тойрон чулуун домог туульсад амилсан байна. Үл зохилдохуйг ялагч гурван амьтныг бүтээсний дараа Гарьд уулын өвөр дэх өндөг мэт чулууг Бурханч лам бээр удаан шинжсэний эцэст луу цээжтэй, барс бөгстэй бас нэгэн домгийн хүчирхэг амьтан болгон урлаж, бүтээлийн сүм дөрвөн хүчирхэг амьтнаар хүрээлүүлэн сахиулсан зохионгуйд цогцолжээ. Бүтээлийн сүмийн ард нэгэн сонин мод байх ажээ. Уг модны гол нь хатаж үхсэн боловч, тэхий дундаас нь шинэ мөчир хажуу тийш салбарлан гарч, түүнээс шилмүүст залуу мод хий агаарт тогтсон мэт хөндлөн мөчирт дүүжлэгдэн ургасан аж. Хатсан модны оройд алтан охь-ганжир залж, нас буяны оршоолго үйлдсэн нь харагдана. Шүтээн болсон эл модноос Бурхан багшийн арван хоёр зохионгуй үйлсийн замналаар аялах эргэлийн зам эхлэх бөгөөд байгалийн уугуул тогтоц хийгээд хүний гарын ураар донж маяг орсон чулуун бүтээлүүд арван хоёр зохионгуй үйлсийн туульс домгийг хайлна. Байгалиас өөрөө бүтсэн толгой өндийн мөлхөж яваа яст мэлхий, нямба дияанд суугаа байдалтай тогтсон лам хад, орох гарах үүд бүхий хонгил агуй, зуурдын хавцгайг авах хэн боловч дамжих эх хүний алтан сав, орчлонд ирэхүйн үүд–эхийн умай, түүнд арга билгийн ёсоор шүтэлцэх эрийн бэлгэ тэргүүтэн бүгдийг байгаль дархан, салхи бороо мянга мянган жилээр урлан цогцлоосныг шинжин ирүүлж, ур ухаан зохилдуулан орчлонгийн оршихуйн жам ёсноо таацуулан бусад урлалтайгаа үйл явдал хэлхэлдүүлэн зохиожээ.
“Цагаан өвгөн” хэмээх урт наст уул усны эзэн нэн амгалангаар угтах нь утга төгөлдөр. Баруун өвдөг дээрээ мутраа тавиад налайн суух өвгөн дүрт хадны зөвхөн нүүр хэсгийг цаглашгүй наст аршийн төрх оруулан сийлэн зассанаар байгаль хүн хоёрын хамтран бүтээсэн уран баримал бэлэн болжээ. Энэ бол байгалийн ч урлал мөн, Пүрэвбат бурханчийн ч урлал мөн ажгуу. Ажааран шимтэх, анзааран шинжих аваас байгаль эхийн бүтээл бүхэн уран туурвил болон үзэгдэж, утга агуулга болон тайлагдах нь аглагийн бүтээлийн чулуун туульсын онцлог гэлтэй. Түшлэгт суурин дээр заларч буй лам дүрст хадны баруун дээд талд илд мэт гозгор чулуу, зүүн гар талд нь өрж тавьсан судар ном мэт байгалийн хадан өрлөг зөөлөн эгшигт бурхны бүтээлийн орон мэт зохионгуйг илтгэсний учир дэргэдийн хаднаа Манзушири бурхны зүрхэн тарнийг эвхмэл үсгээр сийлжээ. Тойн дүрст лам хад бээр зуун зуун жилээр “ум ара база на ди” тарнийг хамаг амьтны оюун эрдмийн төлөөнөө уншин болгоох мэтээр зохиогджээ. Өөр бас хэд хэдэн содон чулуун баримал уул өгсөх замд тохиолдоно. Хүн мөлхөөд орчихоор амаа ангайсан матрын хоолойгоор дамжин ходоонд нь орж наманчлаад хойд үүдээр нь буяны сэтгэл үүсгэн гарч бодь сэтгэлийг үүсгэхүйн утга илэрхийлж байхад Ембүү хэлбэртэй хадны оройд эд баялаг арвижихын оршоолго бүхий охь-ганжир байгаагийн өлмийд эрдэнийн зүйлээр бөөлжиж буй эрүү цагаан хулганыг ургаа чулуунд сийлбэрлэжээ.
Ембүү хадны хажуу бөөрөнд Замбал бурхан нэн уран гоёмсгоор тодрон амилсан нь харагдана. Ядуурал, хоосрол үгүй болж буян хишиг арвижин дэлгэрэхийн ерөөл билгийг энд зохилдуулжээ. Алсыг хараачлан суухуйд тохиромжтой түшлэгт суудал бүхий хадны ар дээр хүрдэн мэт эрчилсэн гишүүнтэй нэгэн шилмүүст мод шүхэрлэн ургасан нь бясалган суугчийн дээрх эрдэнийн дуаз мэт ажээ. Эргэлийн зам дагуу Очирдара бурхан, Очир тарнийн хөлгөний үндэсний их ядам бурхан–Очирваань тэргүүтнийг ургаа хаднаа товойлгон, байгалийн урлалтай нь зохилдуулан урлаад эргэлийн замын төгсгөлд Бурхан багш нирваан дүрийг таалал хурааж, орчлон мөнх бусын ёсыг үзүүлсэн зохионгуйг арван алдын хаднаа сийлбэрлэжээ. Мөн нэгэн их хадны хөмгийн ирмэгт тулцуулан чулуун хана өрж агуй болгоод дотор нь олон мянган сац бүхий суварга шүтээн байгуулжээ. Г.Пүрэвбат ламтан бээр эдүгээгээс есөн жилийн өмнө “Шагжаан чадагч бурхны их намтар”-ыг өмнө сурвалжуудад өвлөн ирсэн зохионгуй үйлсийн судраас эш аван дэлгэрүүлэн найруулж, өөрөө зураг чимэг, тайлбар сэлтийг өргөж нэгэн мянга илүү хуудастай гоёмсог сайхан номыг “шинэ зуунд, Их Монголын уламжлалт соёлыг бататган хөгжүүлж, бурхны шашнаараа шинэчлэгдэн ариусах үйлсэд зориулав” хэмээсэн эхлэл үгтэйгээр хэвлүүлэн нийтэд түгээж билээ.
Тэгвэл эдүгээ тэрхүү их хөлгөнийг хамгийн хураангуйгаар байгалийн болон хүмүүний урлалын чулуун туурвилд хөрвүүлэн буулгасан нь ийн ажээ. Мөн тэр үесэд Богд Зонховын “Бодь мөрийн зэрэг”, Бурхан багшийн “Богдосын ном цагаан лянхуа” тэргүүтэн суут бүтээлүүдийг нягтлан найруулж эрхлэн хэвлүүлж, “Ирээдүйг эш үзүүлсэн бошгууд”, “Үхлийн цалмаас чөлөөлөгдөх увдисууд”, “Эцэг эхийн ачлалыг хариулах гэгээн сургааль” тэргүүтэн олон ном нийтлэл, ярилцлагуудыг тоочивч цаас багадна. Нэгэн үе Бурханч лам бээр Бурхан шашны соёлын үнэт зүйлс, ёс уламжлал, зан үйлийн талаар олон нийтийг гэгээрүүлэх, танин мэдүүлэх яриа, ярилцлага, лекц, нэвтрүүлгээр олонтаа гарч, хаагдмал нууц байсан олон зүйлийг түмэнд таниулан нээгдүүлснийг мартаагүй байна. Өөнтөглөгч зарим нь Пүрэвбат лам хэт их ярьж байна хэмээн адлах, тэрчлэн нийслэлийн Хамбын овооноос хэлмэгдэж хоморголон хороогдсон 600 гаруй дээдэс лам нарын цогцос илэрснийг ариусган суваргалж оршоосны дараа “ясчин” гэх мэт элдэв үгээр хочлон бичиж, сайн үйлс, сайхан сэтгэлийг нь гутаан доромжилж байсан ч тэрбээр буян номоо үйлдсээр, бурхан шүтээнээ урласаар л байсан. “Жингэрүүд хуцаж л байдаг, жингийн цуваа хөвөрсөөр л байдаг” гэдэгчлэн Бурханч ламтан хар хэл ам, хорлол харлуулыг номын цагаан үйлсээрээ номхотгон амирлуулж, атаа хорслыг ариун бурхны бүтээлээрээ хариулсаар байсныг бид мэдэх билээ.
Аглаг бүтээлийн сүмд мөнөөх хутагт дээдэс лам нарын зарим эрдэнийн гавал болон, чандраар дэлдсэн сацнуудын дээжсийг залж, хар хэл ам, хараал тэмцлийн хорлолоос гэтэлгэх сахиусын буултаар зангидсан сэлмийг залсан зэрэг нь ахин хэлмэгдүүлэлт үл гарахуйн хаалт хариулга ажгуу. Аглагийн сүмийн хүрээн дэх музейд ховор сонин амьтан үзмэрүүд байх аж. Эвэртэй морь, хоёр толгойт яст мэлхий, сондгой эвэрт янгир, цэцгэн эвэрт бор гөрөөс, цагаан тарвага тэргүүтэн ертөнцөд ховорхон амьтдын эвэр туруу, чихмэл хатаамал байх бөгөөд бидний орчлонд огт байхгүй юмыг төлөөлөн хэлдэг “эвэртэй туулай” хүртэл байгаа нь нүд бүлтийлгэж, чих дэлдийлгэнэ. Сүмийн хүрээн дотор арслан зогдорт туулай, цацагт хяруул, сувдан гургуул, галуу нугас нэн тааваар амар амгалан бэлчинэ. Гарьд уулын өврөөс уруудан буух далан булгийн урсан хуримтлах тус газарт үзэсгэлэнт нуур үүсгэн дотор нь лусын сүм байгуулах аж. Лусын сүмд байх амьтдыг урласан бөгөөд ном сударт гардаг Их арваалж, тэнгэрийн хуягт луу, их луу, лус амирлуулах эвэрт могой тэргүүт ямар дүр байдалтайг эндээс л үзэх аж. Эгэл бусын билгийн мэлмийтнүүдэд үзэгддэг газрын эзэд, лус савдгийн дүр байдлыг төлөөлөхүйеэ бэрх байдаг бол аглагийн орны сүм шүтээний газар хийгээд лусын сүмд бүгдийг танин барьж төсөөллийнхөө хүрээг шинэ танин мэдэхгүйгээр баяжуулах боломж чухам Аглагийн сүмд л нээгдэх болой.
Эдүгээгээс дөрвөн жилийн өмнө буюу 2011 онд Японы зүүн хойт эргийн орчим далай доор асар хүчтэй газар хөдөлж, “цунами” хэмээх далайн хар салхи хөдлөн тэр нь улмаар урьд төсөөлж байгаагүй их сүйтгэл учруулан, улмаар Фүкүшима дахь атомын цахилгаан станцыг эвдлэн сүйтгэх тэр гамшгийн байдлыг дэлхий даяар телевизээр үзэж эвдрэл сүйрэл, Японы ард түмний цус нулимсыг ханатлаа харж байв. Байгалийн эрхшээлийн өмнө хүний бүтээл хэчнээн аугаа ч гэсэн эрхгүйеэ хүчин мөхөсдөхийг нүдээр харж байсан ч өнөө оргилдоо хүрсэн шинжлэх ухааны тандалт чухам яагаад уг гамшгийг эрт илрүүлэн урьдчилан сэргийлэх сэрэмж дохио өгсөнгүй вэ хэмээх асуултын өмнө тулгарч байв. Хэн ч хариулсангүй. Яг тэр цагт Бурханч лам Г.Пүрэвбат болзошгүй хүчтэй газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх, хор хөнөөлөөс зайлах, аюулыг багасгах, өөрийгөө болон өрөөл бусдыг аврах боломжийг уламжлалт монгол мэдлэг ухаан, эртний судар шастируудын шарласан хуудаснаас хайж эхэлсэн байна. Нэгэнт хүн төрөлхтөн газар хөдлөлтийн аюулаас авран хамгаалах хангалттай хугацааны өмнө мэдэх боломжгүй байгаа үед яавал зохистойг эрж хайж, түүнээ олоод “Газар хөдлөлтийн аюулаас аврагдах уламжлалт увдисууд” хэмээх маш чухал номыг яаравчлан хэвлүүлж уншигч олноо толилуулсан юм. Г.Пүрэвбат ламын номонд бичсэнээр газар хөдлөлтийг танин барих уугуул мэдлэгээ гээгээгүй байсан бол, далайн давалгаа, үүлсийн байдал, амьтдын араншин тэргүүтэн арван таван минутын өмнө биш, арван таван хоногийн өмнө дохиогоо өгсөн ажээ.
Уг номд Японы далай доорх газар хөдлөлт болохын өмнөх үүлсийн дохио тэмдэг тэргүүтнийг тэр үеийн интернэтээс татаж газар хөдлөлтийг урьдчилан мэдэх уламжлалт мэдлэгийн шинжүүдтэй зэрэгцүүлэн тавьж харуулсан байж билээ. Фүкүшима дахь аюулын үүл бараг сарниагүй байхад ном бүтээгээд номын дэлгүүрүүдэд очсоныг миний бие олж аваад олж мэдсэнээ ямар богино хугацаанд хүмүүст, олон түмэнд тусыг хүргэхийн учрыг ухаарч билээ. Аглаг бүтээлийн сүмийн бүтээн байгуулалт төгсг өл шатандаа оржээ. Одоо Сахиусын сүм, Алтан сүм, Тэнгэрээс буусан сүм, Лусын сүм тэрг үүтнийг цогцлоон бүтээх ажил ид ундарч байна. Лам нар мөргөлчин бясалгалчин нарт зориулсан орон байрын түрүүч боссон нь ч харагдана. Аглагийн бүтээн байгуулалт бүрэн дуусаагүй байгаа ч хот хөдөөнөөс үзэж сонирхох гэсэн, аялж амрах гэсэн, эргэл мөргөл хийх гэсэн хүний хөл үл татрах ажээ. Дөрөв хүрэхгүй жилийн дотор нэг хүний хүчин зүтгэлээр ямар их соёлын үнэт зүйл бүтээж болдгийг нүдээр үзсэн хэн боловч гайхан бишрэхээс аргагүй.
Очоод ороход сэтгэлийг ариусгах, ухаан цэлмэх, яруу сайхны цэнгэл эдэлж, мэдлэгийн хүрээгээ тэлэх цогц утга агуулгаар бүтээгдсэн аглагийн орныг жуулчин олон, дотоодын аялагчид Гарьд уулын өвөр дэх Аглаг бүтээлийн орныг зорьсоор байх нь тодорхой байна. Өнөө болтол Г.Пүрэвбат ламтан өглөгийн эздийнхээ дэмээр өөрийнхөө бор зүрхээрээ зүтгэсээр Монголд байтугай дэлхийд хосгүй Аглаг бүтээлийн орныг дүвлэн бүтээлээ. Өдий зэрэгтэй бүтээлийг эх орондоо цогцлоосныг бодсон ч, өнөө цагт ариусал гэгээрэл ямар чухаг болохыг бодсон ч, аялагч жуулчлагч нараа гэсэн ч төр засгаас нэг л тодорхой дэмжлэг хэрэгтэй санагдана. Тэр бол зам. Нийслэл хотоос 90 гаруй км замаар яваад Аглаг руу шороон зам сална. Арав хүрэхгүй км зам! Санаж сэдэхийн билиг оюун, сэдсэнээ бүтээн цогцлоохын эр зориг, утга төгс бүтээхийн уран авьяас нэг хүнд нэгдэн найрсаж суу гайхамшгийг бүтээснийг нүдээр үзээд гайхан бишрэх сэтгэл төрсний ялдамд Монголдоо ийм гайхамшгийг бүтээснийх нь урманд Монгол Улс Аглагийн сүм хүртэл нь охорхон ч болов замыг нь засаад өгчихөөсэй хэмээн эрхгүй бодогдсоноо нээн өчсү.
Өндөр гэгээн Занабазар бүтээлийн орон Төвх өндөө соёмбо үсгээ зохиож, Язгуурын таван бурхан тэргүүт хосгүй бүтээлүүдээ туурвин үйлдсэний адил, Ноён хутагт Данзанравжаа үлэмжийн төгс яруу дууллуудаа туурвин, Өвөрхамарын болон Галбын гурван хийдээ цогцлоосны адил эдүгээ цагийн гэгээн ламтан, Бурханч лам Г.Пүрэвбат тавин насан дотроо Аглаг бүтээлийн орноо цогцлоовой. Гагцхүү Бурханч ламын бүтээл өөрийн цаг үеийнхний хүндлэл үнэлэлтийг хүлээж байна. Олонх нь бахдан шагших нь лавтай. Атааг буцалгаж, аливааг харлуулах дуртай цөөн хэд нь хэлдэг үгээ хэлнэ л биз. Гэхдээ бүхнийг цаг хугацаа харуулна. Миний хувьд хэлэхэд, дуртай ч дургүй ч Аглагийн туурвилууд цагийн сорилтыг туулаад Бурханч ламын ур ухаан, билгүүн туурвилыг зуун зуунд хүргэх нь лавтай. Хүмүүн төрөлхтөн бид нүгэл бүхнийг тэвчин, өөрийн сэтгэлийг номхотгож, оюун санаагаа ариусган буяныг үйлдсэнээр гэгээрэлд хүрч бурхны хутгийг олж болох бөгөөд хүмүүн болгон ариусал гэгээрлийн мөрд орвоос дэлхий ертөнц өөрөө бурхны орон болон хувирах жамтайг Аглаг бүтээлийн сүм, түүний бүтээн байгуулалт хүүрнэн сэнхрүүлнэ. Бурханч лам Г.Пүрэвбатын Аглагийн зохионгуйн төгс учир ийн буюу.