Атлантын далайн хойд хэсэгт, уснаас дээш ил гарч тогтсон том хад бий. Уудам далайн дунд жижигхэн харагддагч уг нь бол Роколл хэмээн нэрлэсэн уг хад бол сөнөсөн галт уулын хэсэг бөгөөд өндөр нь 23, голч нь 27 метр. Ойролцоогоор 570 ам метр талбай эзэлдэг. Британийн эрдэмтэн Жеймс Фишер 1956 онд уг хаданд нэр хайрласан аж. Роколлын “хөл” Их Британи, Ирланд, Дани, Исландын нутагт “гишгэдэг” учраас тус улсууд түүнийг өөрийн эзэмшилд авахыг хүсдэг. “Алга дарам" хадны дор их хэмжээний нефтийн нөөц байгаа нь тогтоогдсон учраас ийнхүү анхаарал татах болжээ. Гэхдээ Олон улсын далайн эрх зүйн тухай конвенцийн дагуу НҮБ Роколлыг хэрхэхийг шийдэх эрхтэй байдаг аж. Тус арал бол олон төрлийн загас, нялцгай биетийн диваажин. Тиймээс мөн л олон орны харааг булаана. Гэхдээ Роколл харагдаж байгаа шигээ сайхан “амьтан” биш. Энэ орчим олон хөлөг онгоц осолдог, хэдэн зуун хүний амь үрэгдсэн учраас “муу ёрын” гэсэн тодотголтой. Өөрийнх нь нутагт илүү ойр байдаг учраас англичууд өдгөөгөөс 60 жилийн өмнө тус арал дээр далбаагаа хийсгэж, зангуугаа татаж, нефть хайгуулын ажил эхэлсэн байдаг. Байгаль экологийн төлөө үйл ажиллагаа явуулдаг "Гринпис" хөдөлгөөнийхөн үүнийг нь анх эсэргүүцэж байсан төдийгүй Роколлыг Даяаршсан Вейвлэнд улс хэмээн зарлаж, тэндхийн иргэн болох эрх хүссэн хүн бүрт нээлттэй гэжээ. Гэсэн ч энэ бол бүтэшгүй санаа байв. 100 тэрбум фунтээр үнэлэгдэх их хэмжээний нефтэн дээр сандайлсан уг хадыг юу гэж “тэнүүлчдийн” орон болгох билээ. Нөгөө дөрвөн улс Роколлын төлөө нэлээд эрчимтэй хөдөлж эхэлсэн бөгөөд өөрийн мэдэлд авах хүсэлт, үндэслэлээ тусгасан баримт бичгээ бүрдүүлээд НҮБ-д өгөөд хэдэн жилийн нүүр үзэж буй. Британи “Ирланд, Исланд, Данийн Фарерын арлууд Роколлоос илүү хол оршдог. Тиймээс энэ арал биднийх” гэж байгаа бол Ирланд “Роколл бол арал биш, асга хад. Иймээс Олон улсын конвенцийн дагуу хадны орчмын газар ямар ч улсад харьяалагдахгүй” гэсэн байр суурьтай байгаа. Исландын хувьд Роколл аль улсад хамаарах нь чухал биш, харин уг хадны доод хэсэг буюу далайн гүнд байгааг тодорхой хувааж, хязгаараа тогтоох ёстой гэж байна. Ингэсэн цагт тэдэнд илүү ногдохыг тооцсон хэрэг. Роколлоос хамгийн хол байдаг даничууд болохоор “Энэ хадны хойд хэсгээр Фарерын арлууд бий. Тэгэхээр Фарерын арлууд болон Роколл нэг хавтан дээр оршдог гэсэн үг. Тиймээс Роколл хавийг бид эзэмших эрхтэй” гэнэ. Дөрвөн улсыг хамарсан ийм нэгэн маргаан олон жил болсон бөгөөд сүүлийн таван жилийн хугацаанд найрсгаар хэлэлцэн, тохирохыг чармайж буй. Гэсэн ч нэгдмэл санаанд хүрэхгүй байсаар. НҮБ энэ асуудлыг шийдвэрлэхэд чухал алхам хийхгүй бол энэ янзаар явсаар байх болно.