Энэ сарын 12, 13, 14, 15 болон 18-нд дэлхий соронзон шуурганы дайралтад өртөнө. Нарны идэвхжлээс шалтгаалан үүсдэг эл үзэгдлийн улмаас зүрх, судасны өвчтэй хүмүүсийн цусны даралт өсөх нь элбэг байдаг. Тиймээс ялангуяа 13, 14-нд биеэ онцгой анхаарах учиртай гэнэ.
Тэр өдрүүдэд соронзон шуурга тун ширүүн “дайрах” гэнэ. Ер нь ойролцоогоор 11 жилийн давтамжтайгаар наран дээр тэсрэлтүүд болж, идэвхжил явагддаг аж. Энэ үзэгдлийг энгийн нүдээр ажиглах боломжтой. Нар ийнхүү “уурласан” үед гадаргуу дээр нь олон хар толбо бий болсон байдаг.
Хүн төрөлхтөн нарны идэвхжлийг ХVII зуунаас шинжлэх ухаанчаар тайлбарлахаар оролдож эхэлсэн байдаг. Үүнээс өмнө бол тэнгэр хилэгнэлээ гэж элдэв өргөл барьц болдог ёс хаа сайгүй байжээ.