“Хос акробат” үзүүлбэрийг 1955 онд Д.Ичинноровын хамт хийхдээ эрэгтэй хүн анх удаа зубник зууж тогтов
Цирк тэсвэр тэвчээрийн урлаг. Хүний санаанд багтамгүй зүйлийг инээж байгаад хийхдээ ч тэд өвдөлтийг үл ажран, өөрийн биш, үзэгчдийн баяр баясгалангийн төлөө хөдөлмөрлөж байдаг. Дусалсан хөлс, зориулсан сэтгэлийнх нь хүчээр уран бүтээл нь бүтэж хүнд хүрдэг болохоор алга ташилтын эрч хүчийг тэд илүү мэдэрдэг. Монголын циркт олон гайхамшигтай уран бүтээлч ажиллаж, зарим нь 18 настайдаа гавьяат жүжигчин болж, алдартнуудын дунд хүндлэгдэж явсан бахдам түүх бий. Харин гал улаан манежид 70 жил тоглочихоод өөрийгөө үнэлүүлж чадаагүй түүх намтартай нь ч байх юм. Хувь заяаны эргүүлэг гэж үүнийг хойш тавьж болох ч сэтгэлийн гүндээ нэг л хөндүүртэй, хааяахан санаа алдах дүр зураг тодрох нь гачлантай. Монголын циркийн ахмад жүжигчдийн нэг Зундуйн Дэмчигжавын тухай энд өгүүлэх юм. Одоо 83 нас зооглон, налайж суугаа энэ эрхэм саяхныг хүртэл буюу 70 нас давтлаа “Акробат этюд” хэмээх бүтээлийг жүжигчин Б.Эрдэнэцэцэгтэй хамт тоглож байжээ.
Насанд хүрсэн эмэгтэй хүнийг гар дээрээ өргөж, харин хослон тоглогч нь хүний гарыг бат даацтай ширээ шиг төсөөлж, уран нугаралт, тэнцвэрийн трюк хийж байсныг нь дуулаад гайхширсан. З.Дэмчигжав гуай Хэнтий аймгийн Баян-Овоо суманд төрж, 1939 онд нийслэлийн хоёрдугаар дунд сургуульд сурч байгаад 1945 оны есдүгээр сарын 1-нд Урлагийн сургуулийн дэргэдэх циркийн ангид орсон юм билээ. Гурван жилийн дараа мэргэжлийн сургуулиа төгсөж Л.Хандсүрэн, Ц.Дамдинсүрэн нартай “Акробат гурав” үзүүлбэрээр жүжигчний гараагаа эхлүүлжээ. Юм юманд эв дүйтэй байсан учраас тэрбээр Монголын циркийн түүхэнд бүрэн хэмжээний уран нугаралт хийсэн анхны эрэгтэй жүжигчин болж нэр нь мөнхөрчээ. Түүнийг ажилдаа сэтгэлтэй, аливааг хэдэнтээ нягталдаг, хянамгай хүн хэмээн нөхөд нь тодорхойлдог. Бас өдгөө ч яригдсаар байдаг явган яриа бий. Циркчид хөдөө орон нутгаар аялан тоглох гээд автобусандаа суучихаад байтал З.Дэмчигжав гуай алга болжээ. Яав, хаачив гээд хайтал эм уугаад зогсож байсан гэнэ. Юуны эм уусныг нь лавлахад “Маргааш ханиад хүрчихэж магадгүй” гэж хариулсан хэмээн хууччуул “онигоо” болгон хошигносон. Гэхдээ энэ нь түүний няхуур занг тодруулах гэсэн хошигнол болохоос бодит үйл явдал гэж ойлгоход эргэлзээтэй.
Улсын циркт ажиллаж байхдаа 1950 оноос хойш Д.Хүүхэндолгор, Ж.Нямдаш, Д.Норовцэрэн, С.Дангаа, Д.Мажигс үрэн нартай “Хөлөөр шидэгч”, Д.Цэгмаатай “Акробат этюд”, Ж.Лувсандаштай “Хөгжилтэй үсрэгч”, О.Цэрэндулам, Д.Ичинноровтой “Агаарын рамка”-г хийж байжээ. “Акробат хоёр”, “Тэмээн дээрх акробат”, “Агаарын бамбук”, “Давхар сул утас”, “Олсон дээрх гимнастик”, “Хослол олс”, “Агаарын эргэдэг бамбук” гээд түүний хийсэн үзүүлбэрийг нэрлэвэл урт жагсаалт болно. Хамгийн сүүлд тэтгэвэрт гарсан хойноо “Ахмадын алдар” чуулгын жүжигчин болж Б.Эрдэнэцэцэгтэй “Акробат этюд” үзүүлбэрээ хийсэн байна. Циркийн найруулагч, “Шинэ цирк” төвийн захирал Д.Зоригт түүний тухай “Анхны алтан хараацайнуудыг залгамжлан, 1950-иад оны эхээр тоглож байсан жүжигчний нэг бол Дэмчгээ ах. Их нямбай хүн л дээ. Эмэгтэйчүүдтэй тоглодог, эмэгтэй хүний л хийж чаддаг олон үзүүлбэрийг энэ хүн тоглосон байдаг. Биеэ будаж алтан, мөнгөн хүн болж “Акробат гурав” үзүүлбэр тоглодог байсныг нь санаж байна. 1960-аад оноос агаарын номер их тоглосон. Манайхны дундаас тийм өндөр настай болтлоо цирк тоглосон хүн байхгүй” хэмээн ярив. З.Дэмчигжавтай хамгийн олон жил хамтран тоглосон жүжигчин бол Б.Оюун.
Тэд БНАСАУ-д болсон “Хаврын баяр” наадмын гран при шагнал хүртэж, эх орныхоо нэрийг алдаршуулж явсан түүхтэй. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтангадас” одон хүртэж хөдөлмөрөө үнэлүүлж явсан ч гавьяат жүжигчин гэж зарлуулчихаад шагналаа авч чадаагүй нь түүний сэтгэл дэх гунигийн эх гэлтэй. Гэхдээ өөрөөс нь энэ тухай асуухад “Би шагнал горилоогүй ээ. Авах цагтаа аваагүй болохоор яах билээ” гэж булзайруулж байгаа ч гомдолтой санагддаг нь илт. Тухайн үед циркийн дарга тоглолтын дундуур З.Дэмчигжав гуайг гавьяат жүжигчин болж байгаа тухай хэлээд “Одоо зарла” гэж хэлснийг олон жүжигчин сонсчээ. Тэр дундаа алиалагч Б.Содномын охин, циркийн анхны эмэгтэй алиалагч С.Жаргалан энэ үйл явдлыг тодхон санаж буйгаа мөн маш их эмзэглэж явдгаа хэлсэн. “Урлагт арын хаалга байдаггүй. Гэхдээ гавьяа байгуулж, уран бүтээлээ өндөр түвшинд хийсэн хүмүүс нь шагналаа авч чадаагүй байхад хэн нэгэн даргын хамаатан садан, эсвэл эхнэр нь гавьяат жүжигчин болоод явж байгаа олон жишээг бид мэднэ.
Энэ бүхний ард хөдөлмөрөө үнэлүүлж чадалгүй хорвоогоос одсон жүжигчид ч байдаг. Манай ахмадууд дундаас хийсэн бүтээсэн нь тодхон, бүх л нотолгоо нь байгаа цөөн жүжигчний нэг нь Дэмчигжав гуай” гэж ярилаа. “Гавьяатгүй гавьяат” хэмээн ойр тойрныхон нь түүний тухай ярьдаг юм билээ. Монголын урлагт буурь засаж, 74 жилийн түүхээ бүтээсэн циркийн тойргоос төрсөн эгэлгүй жүжигчний нэг нь тэр билээ. Даруухан дуугарч, өөрийгөө дөвийлгөлгүй явсаар олны хойно хоцорсон ч “гомдохгүй, гомддоггүй ээ” хэмээн ярих энэ буурайгийн үе тэнгийнхэн одоо дэндүү цөөн болжээ. Мэддэг нэг нь ярихаар цааргалж, эсвэл ямар нэгэн шалтаг хэлж бултаад байгаа нь хачирхалтай санагдсан. Магадгүй зарим жүжигчний ярьснаар түүний нэрийн өмнөөс, уран бүтээлийнх нь жагсаалт, бичлэг сэлтийг нь ашиглаж “гавьяат жүжигчин” цол хүртэгсэд ийм хориг бий болгодог юм болов уу.
Монголын циркийн алдар суу нэг хүний хүчээр бий болоогүй ч түүнийг бүтээхэд сэтгэл, зүтгэлээ зориулсан ховорхон гялалзах од нь билээ, тэр.
Ж.СОЛОНГО