Эхнэртэй хэрнээ илүү харж, билүү долоон өөр эмэгтэйд сээтэн хаядаг эрчүүд идэш тэжээл хайхаар шөнөөр тэнүүчилдэг сарьсан багваахайтай адил аж. Габриель Айзенштайн хэмээх эр бусдын эхнэртэй зугаалж яваад санаандгүй хэрэг тарьснаасаа болж найм хоног шоронд хоригдох шийтгэл авдаг. Үүнийгээ ч эхнэртээ эвтэйхэн тайлбарласан арга зальтай нэгэн. Тэрбээр шоронд орох өдрөө найзынхаа ятгалгаар Орловский вангийн зохион байгуулсан үдэшлэгт хатагтай нартай танилцахаар явчихна. Урьд нь түүнээс болж эвгүй байдалд орж байсан найз Фальк нь хариугаа авахаар бяцхан жүжиг найруулсан нь Айзенштайны үнэн төрхийг илчлээд зогсохгүй, элдэв асуудлын холион бантанг хутгадаг.
“Дионис бурхны баяр цэнгэл”, “Садар тансаглал” зэргээр үзэгчдийн тодорхойлсоор ирсэн, хөгжмийн зохиолч Иоханн Штраусын “Сарьсан багваахай” сонгодог опереттаг ХБК-ийн симфони найрал хөгжим, ардын бүжиг, дуулаачийн ангийн 150 гаруй оюутан ДБЭТ-т өнгөрсөн мягмар гаригт амжилттай тоглолоо. Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Чинбатын удирдсан, Г.Эрдэнэбаатарын найруулгаар тавьсан опереттагийн гол дүрд Б.Энхмөрөн, М.Бямба-Эрдэнэ, Э.Очирсайхан нар дуулж дипломоо хамгаалсан юм. Монголын дуурийн урын сан дахь бүтээлүүдийг сэргээн тоглох, мэргэжлийн уран бүтээлчдийн залгамж халааг бэлтгэх зорилгоор эл опереттаг тавьсан юм байна. ХБК-ийнхон ДБЭТ-т ирээд хүмүүждэг гэдэг.
Тэгвэл эл опереттаг зориглон тавьснаар сурагчдад том дадлага болоод зогсохгүй ХБК консерваториос дутахааргүй гэдгийг батлах шиг болов. Шалгалтын комисст ажилласан ардын жүжигчин Ч.Мөнхшүр “Хэдхэн жил суралцаад төгссөн хүүхдүүдийн түвшинд бодоход үнэхээр сэтгэл өег, бахархууштай байна. Ялангуяа яруу тунгалаг найрал хөгжмийг удирдсан Ч.Чинбат, дуучдыг бэлтгэсэн багш нар, сургуулийн захиргаанд баяр хүргэе” гэсэн бол эл бүтээлийн найруулагч Г.Эрдэнэбаатар “ХБК 80 жил хөгжихдөө урлагийн бүх байгууллагад тасралтгүй боловсон хүчин бэлдсэн. Сонгодог урлагийн театрын бүтээх хэмжээний бүтээлийг стандартын дагуу хийж чадсан нь манай сургуулийн хүчин чадал, ирээдүй найдвартайг харуулж байна. Одоо төр засаг урлагт анхаарлаа хандуулж, хүмүүст оюуны хөрөнгө оруулалт хийх шаардлагатай байна.
Монголын сонгодог урлагийн чансаа муудаагүй ч зогсонги байдалтай байгаа. Гэхдээ хөдөлж чадвал хүч байна гэдгийг ХБК нотоллоо” гэсэн. Орловский вангийн дүрд М.Оюун-Эрдэнэ хэмээх бүдүүн хоолойтой охин дуулсан нь үзэгчдийн сонирхлыг татав. Хөгжмийн зохиолч Штраус эмэгтэй хүний хоолойд зориулж Орловскийн дүрийн хөгжмийг зохиосон аж. Учир нь 18 настай вангийн дүрд эрэгтэйчүүд дуулахад хоолой нь хөгшдөөд байдаг тул ийн эмэгтэй альт хоолойд зориулж бичсэн юм байна. Баруун Европт Орловскийн дүрд эмэгтэй хүн тоглодог уламжлалтай бол Орост ихэвчлэн эрэгтэйчүүд дуулдаг гэнэ.
ХБК-ийн захирал, гавьяат жүжигчин Г.Эрдэнэбат “Бүгдээрээ амжилттай сайн тоглосон нь мэргэжлийн багш нар тэдэнтэй гэр бүл болтлоо өдөр шөнөгүй гурван сар бэлдсэний гавьяа. Хөрөнгө нь байдаг бол томоохон бүтээлүүдийг ингэж тавих нь багш, оюутнуудад их үр шимтэй. Тоглолтын хувцас, тайз их гоё байгаа биз. Дорнодын театрынхан энэ опереттаг өнгөрсөн жил шинээр 50 орчим сая төгрөгөөр тавьсан. Тэр үед тус театрт хөг дутуу учир манай сургуулийн дуулаачийн ангийнхантай хамтарсан юм. Тэгэхээр нь бид дараа тоглоё, хувцас тайзаа хэрэглүүлээрэй гэж бартер хийсэн хэрэг” гэлээ.
Б.ДӨЛ