Дэгэж дэрвэж явсан, юуг ч хийж чадах тийм их сэтгэлийн тэнхээ нэг л өдөр даль жигүүрээ дэвэн нисэн одлоо. Хаа хүрэхээ мэдэхгүй ч сэтгэл хонгор аялгуугаар дүүрч, өөрийн ирээдүйг төсөөлөхдөө сэм сэмхэн мишээл тодруулдагсан.
Нэг л өдөр энэ бүхэн хар шуурганд замрах мэт хаашаа ч юм яваад өгчихсөн. Юу болсон, юу болоод байгааг үл мэдэх ч том зүйлээ алдчихсан мэт мэдрэмж сэтгэлийн мухраас төрж, эрэлхийлсээр л байв. Сэтгэлийн хаа нэгтээ томоос том онгорхой гарчихаад салхи сэвэлзэнэ. Нэг л зүйл үгүйлэгдэж учраа олохгүй төөрсөөр сарын хугацаа өнгөрчихөж.
Сэтгэл санаа дагаад ч тэр үү байнгын сэтгэлд гуниг зөөх болсон тэр нэгэн өвлийн жихүүн өдөр бие минь өвдөв.
Амьсгал ч авч үл чадан, ойр ойрхон урт уртаар авдаг болсноо гэнэт анзаарав. Хэдхээн алхаад орчих газар хичнээн удаан явж, ядарч туйлддаг болсноо ч ухаарлаа.
Энэ бүгд юунаас болоод байгааг хэлж үл чадах ч сэтгэл биш, бие минь өвдөж байгааг ойлгосон хэрэг.
Энэ л үед өнөөх хэдийнээс очих дургүй байсан эмнэлэг гэгчид хандлаа. Өвчин хүндэрсэн. Яаралтай эмчилгээ хийхгүй бол “үхнэ”. Гэхдээ битгий санаа зов. Сүүлийн хэдэн жилд эмчлэгддэг болсон. Өмнө нь харин ч эмчлэгддэггүй байсан гэх тоомжиргүй яриа сэтгэл рүү бул чулуу шидэх шиг болов.
“Үхнэ”, “үхэл”... Энэ үгийг өмнө нь хичнээн олон удаа сонсож байсан билээ. Нэг ч удаа сэтгэлд наалдаж байгаагүй энэ үг гэнэт цээжний гүн рүү лугхийв.
Яагаад ч юм хамгийн түрүүнд хийсэн алхам маань хайртай хүнээ ямар ч шалгаангүйгээр өөрөөсөө явуулах байв. Төрөлхийн бардам зан минь хөдлөж, өрөвдүүлэхийг хүсээгүйдээ юү. Хэн нэгний сэтгэлийг шархлуулахыг хүсээгүйдээ ч юм уу юу ч хэлсэнгүй, зүгээр л салсан тэр нэгэн гунигт намар....
Намар надад гуниг зөөдөг....
Надаас тасарсан гунигт навчис сэмрэнэ
Навчсын хашгиралдаанд би сэмрэнэ
Энэ бүхний цаад шалтгаан “хэрвээ үхчихвэл” гэсэн гашуун бодол тээж байсных ч байж болох юм.
Хайр дурлал гэх зүйлийн амтыг дөнгөж л мэдэрч байсан би хором мөч бүрт түүнийг санах, “би үхэх байхдаа” гэсэн бодол давхцан сөөлжилж, улам ч өөрийгөө унтрааж байв.
Би түүнд өмнө нь ийм их хайртай гэдгээ мэдээгүй байжээ. Байнга л муухай ааш гаргахад минь аргадаж, миний л хүслээр бүгдийг хийдэг байсан тэр минь одоо хажууд үгүй. Хөндий хоосон мэдрэмж улам бүр лавширч, нэг л мэдэхэд хайртай хүнээсээ холдсон шарх, биеийн хөндүүр хоёр нийлэн “Би” гэдэг хүнийг үгүй болгожээ.
Орилж, чарлаж, хичнээн хайсан ч өөрийгөө олсонгүй. Өмнөх өөрт байсан гал цогийг мартчихаж... Бодлогошрол, сэтгэлийн шаналал, биеийн зовиураас өөр надад юу ч үлдсэнгүй.
Амьдрал утга учиргүй зүйлсээр өрөгдсөн мэт санагдаж, утга учиргүй зүйлс улам л босож ирсээр... Ажиллах утгагүй, мөнгө утгагүй, нөхөрлөл утгагүй гээд утга бүхий зүйлсийг хайж үл олно.
Ажил, карьер гээд бүгдийг орхихоор дагаад хүн амьтан ч холддог жамтай.
Ер хүн хүнтэйгээ харьцах харьцаа үгүй болжээ. Хүний албан тушаал, нэр хүнд, эд баялагтай л харьцана уу гэхээс хүнийг үл тооно. Энэ бүгд ер анхнаасаа утгагүй санагдана. ...Утга бүхий утгагүй зүйлс.
Уйлахаас өөр ид шидгүй болсон би энэ бүхэн хаанаас эхэлснийг олж ядан бодлогоширно. Өвдсөнөөс үү, хайртай хүнээ орхисоноос уу, эсвэл анхнаасаа л ийм сул дорой нэгэн байсан юм болов уу гэх бодол ээрсээр...Сэтгэлийн хаа нэгтээгээс энэ бүхнийг ингээд л дуусгах гэж үү гэсэн бардамнал, тэмцэл босч ирсээр.
Мөрөөдлөөрөө амьдардаг байсан өнөөх охиныг олохоор “Би”-г хайх эрэлд гарлаа. Нэгэн өдөр мөрөөдлөө сийрүүлэхээр зориг гаргав. Үдэш болж, хүмүүс унтсаны дараа өнөөх халуун дулаан ширээнийхээ ард суусан юм. Байнга л энэ үйлдлийг хийж, эрч хүчээр өөрийгөө цэнэглэдэг байсан би энэ удаад сандарч, гар минь үзэгнээсээ тас зууран салганана.
Нулимс унахад цаасан дээрх мөрүүд уусан сүлэлдэж, ширээний сүүмгэр гэрэлд ямар нэг дүрс үүсгэн угалзарна.
Бичээд л, бичээд л байхдаа би улам бүр урам орж, юу хийх ёстойгоо ойлгон, амьдрал тийм ч утгагүй биш гэдгийг дахин ухаарав... Утга бүхий утга.
Энэ үед би өөрөөсөө өчнөөн сар зугтчихсан байсан инээмсэглэлийг олж харсан юм.
Үхнэ гэдэг үгтэй эдгэрэнэ гэдэг үг дагалдсаныг сая ухаарлаа. Одоо би кофе ууж суухдаа, ном уншиж байхдаа, амьсгал авч үл чадан газар дэвхцэн, “ээжээ миний ам руу үлээ үлээ” хэмээн давчдан, нулимс унагаахдаа ч эдгэрнэ гэдэг бодол толгойд эргэлдсээр байв.
Гэнэт л сэтгэлийн хаа нэгтээгээс ямар нэгэн гэрэл ассан мэт болж, биелэгдэшгүй олон мөрөөдлөө ч биелчихсэн мэт төсөөлөх болов. Олон сар ийнхүү өөртэйгээ тулж харьцсаар нэг л мэдэхэд өнөөх зовлон шаналал үгүй болсныг анзаарав.
Сэтгэл өөдрөг байх тусам би юу ч хийж чадах юм шиг болж эмч дээрээ очин сүүлийн шинжилгээгээ өгөхдөө хэдийнэ эрүүл болчихсон мэт хурдан алхалсаар очсон юм.
“Үхнэ” гэсэн өнөөх хар үг “эдгэрчихжээ миний дүү” гэсэн цав цагаан, гэрэл цацруулсан үг инээмсэглэлээр сэтгэлд дайж орж ирэхэд нулимсаа барьж дийлэхгүй асгаруулав.
Үнэн үү эмч ээ. Би одоо зүгээр үү. гэж лавшруулан асуугаад хариундаа сая нэг итгэж, дахин энэ өрөөнд орж ирэхгүй юм шүү гэснээ илэрхийлэх гэсэн мэт хаалга тас саван гарч одлоо.
Гарч гүйхдээ сэтгэлээс нэг том юм аваад хаячихсан мэт, бүр даль жигүүр ургасан юм шиг нисэх дөхлөө.
Хэн нэгэнд “Би эдгэрчихсэн” гэж хэлмээр, онгирмоор санагдавч ээжээс минь өөр мэдэх хүн үгүй тул ээж рүүгээ утас цохив. Утасны цаанаас баярлан, нулимс дуслуулах ээжийн минь зангирсан хоолой одоо ч чихэнд хоногшоостой.
Одоо би эрүүл. Мөрөөдөл минь, түүнд хүрэх тэмүүлэл минь намайг дахин босголоо. Бусдын адил амьдарч, хүссэн мэргэжлээрээ ажиллаж, хүссэн зүйлээ хийн, бүх зүйл сайхан байгаа хэдий ч нэг л хоосон оргино. Харин одоо үүнийхээ шалтгааныг мэдэж байгаа.
Тэр нэгэн сэтгэлийн хөндүүр арилсан өдөр бүх үнэнээ хэлэн, хайртай хүн дээрээ очтол “Ямар Солонгос кино биш дээ” гэсэн, сэтгэл рүү лугхийх хүнд үгийг хэлэхэд нь юу ч дуугаралгүй, эргэж ч харалгүй явсан бараан өдрийг бодон ганцаардан сууна. Хэзээ ч чам дээрээ очихгүй ч, хэзээ ч мартаж чадахгүй энэ хайраа насан туршдаа ариун хэвээр нь сэтгэлдээ нандигнан явна аа. Чамайг бодон ганцаардах ганцаардал хичнээн яруу байдгийг чи лав мэдэхгүй. Чи бидний явсан зам хичнээн урт гэж санана. Гэсэн ч байнга гэрэл гэгээ дагаж байдгийг яана.
М.Болор