Сүүлийн таван жилийн турш Грек орныг нэрвэж буй өрийн хямрал хийгээд грекчүүдийн тухай дэлхийн хэвлэлүүд янз бүрээр тайлбарлан бичиж байгаа билээ. Залхуу, хариуцлагагүй грекчүүдээс болж Европ тив тэр аяараа хямралд идэгдэх нь гэсэн ундууцал нэлээд чанга сонсогдож байгаа юм. Ялангуяа барууны сэтгүүлчдийн амнаас ийм үг олонтоо унадаг. Нэг зүйлийг мянга давтахад ой тоонд хоногшиж үнэний туйл мэт санагддагтай нэгэн адилаар дээрх төсөөлөл олон нийтийн тархи толгойд гүнзгий суужээ.
Грекчүүдийг газар доогуур ортол нь муулж байгаа нь дэгсдүүлж, дэндүүлсэн хэрэг үү, эсвэл үнэний ортой юу гэдэг талаар Европын сэтгүүлчдээс арай өөр өнцгөөс харж дүгнэлт өгөхийг хичээлээ, өөрөөр хэлбэл, бодит байдал болоод цуу яриаг ялгаж салгахыг хичээсэн болно.
1.Грекчүүд шиг залхуу хүмүүс энэ орчлонд байхгүй
Аристотель, Сократ нарыг төрүүлсэн грекчүүдийг хэвлэл мэдээллийнхэн үе үе арай л дэндүүлдэг л дээ. Грекчүүд үргэлж баар сав хэсч явдаг, ажил хийдэггүй анхиагүй назгай гэсэн ойлголтыг барууны сэтгүүлчид дэлхий нийтийн толгой тархинд аль хэдийнэ суулгаад өгчихсөн гэдэг бол маргашгүй үнэн. “Зээл идэж амьдардаг гахайнууд”, “ мэргэжлийн амрагчид”, “багт наадамч ард түмэн” гэж грекчүүдийг зүсэн зүйлээр гоочилж, Европын Холбооны татаасаар амьдардаг паразит ард түмэн гэж тодорхойлон тэднийг ад шоо үзэх нь олонтоо.
Гэтэл германчууд болон францчуудын хувьд долоо хоногийн ажлын цаг нь дэлхийн бусад орнуудтай харьцуулахад хамгийн цөөн, ээлжийн амралт болон баяр ёслолын үеэр амрах хугацаа нь хамгийн урт байдаг болой.
Үнэн хэрэг дээрээ бол, Европын Холбооноос өгч буй тусламжийн еврог тэтгэвэр тэтгэмж болон нийгмийн халамжийн чанартай аливаа зүйлд зарцуулж болохгүй гэсэн хатуу болзол бий. Өөрөөр хэлбэл, иргэдийн гар дээр ганц ч евро очдоггүй гэсэн үг. Энэ мөнгийг хэзээ өртгөө нөхөх нь тодорхойгүй дэд бүтцийн янз бүрийн нүсэр том байгууламж барих, тухайлбал, жижигхэн хотод нисэх онгоцны том буудал барих, эсвэл манайхаар бол сум, аймгийн төвд асар том спортын ордон, соёлын төв, усан бассейн барихтай зүйрлүүлж болохоор хэт үрэлгэн тансаг зүйлд зарцуулдаг гэнэ.
Тэгэхээр ажилсаг бас дээр өгөөмөр сэтгэл нь дэндсэн германчууд анхиагүй залхуу грекчүүдийг тэжээж байна гэдэг яриа бол үндэслэл муутай болж таарч байгаа юм. Бодит амьдрал дээр бол, ЕХ-ны өгч буй татаасны мөнгөнөөс ганц ч еврог нийгмийн салбарт зарцуулахгүй гэсэн тохиролцоотой.
2. Грек бол угаасаа ядуу орон
Грекийн талаарх ийм нэгэн ойлголт олон нийтэд түгээмэл байгаа юм. Европынхон газрын дорх баялгаа ухаад дуусчихсан, Грек ч мөн ялгаагүй ийм байдалд орчихсон гэж үзэх нь олонтоо. Энэ бол нэлээд ташаа ойлголт юм. Яг үнэн хэрэг дээрээ, Грекийн хөрсөн дор асар их гэж хэлж болохооргүй ч тодорхой хэмжээний олон төрлийн ашигт малтмал бий.
Тухайлбал, Грек улс баруун Европтоо никелийн нөөцөөр тэргүүлдэг буюу нийт нөөцийн 95 хувь нь энэ улсын нутаг дэвсгэрт байдаг ажээ. Марганцын хүдрийн нөөцийн хэмжээгээр нэлээд дээгүүрт орно. Өөрөөр хэлбэл, байгалийнхаа баялгаар 10 гаруйхан сая хүнээ өлхөн хооллоод хувцаслачих боломжтой.
Гэтэл байгалийн баялгаа ашиглая гэхээр Европын Холбооныхон зээл өгөхгүй гээд дарамтлаад болиулна, тэгээд ч засаг төр барьж байгаа нөхдүүд энэ тал дээр цалгар наазгай байдлаар хандсаар иржээ.
3. Грекийн төрийн албан хаагчдын тоо дэндүү олон
Хямралд нэрвэгдсэн грекчүүдийг өөнтөглөж буй өөр нэгэн шалтгаан бий. “Танай төрийн албан хаагчдын тоо дэндүү их байна, төр чинь данхайж гүйцлээ, үүнээс болж хямрал болж байна” гэж Европын зээлдэгчид сануулдаг аж. Гэтэл яг үнэн хэрэг дээрээ бол дээрх тоог нийт ажиллагсдын тоонд харьцуулсан үзүүлэлтээр Грек улс Европын орнуудын дотор 14-д бичигддэг гэнэ. Тодруулбал, нийт ажиллах хүчний 11.4 хувь нь төрд ажилладаг ажээ. Энэ нь их тоо юу, бага тоо юу? Харьцуулваас, Шведэд эл үзүүлэлт 30 хувь, Данид 29 хувь, Францад 21.2 хувь, Их Британид 17.8 хувь байх жишээтэй. Дашрамд дурдахад, Грект лам хуврагуудыг төрийн албан хаагч гэж тооцдог болохоор дээрх 11.4 гэдэг бол тэгтлээ өндөр тоо биш юм. Манай Монгол Улсын хувьд энэ тоо 18 хувь хавьцаа байдаг гэж сонслоо. Яагаад лам нарыг төрийн албан хаагч гэж үздэг вэ хэмээвээс, одоогоос 60 гаруй жилийн өмнө үнэн алдарт шашныхан өөрийн хөрөнгийн ихэнх хэсгийг болон газраа төрд шилжүүлэн өгсөн аж. Үүний хариуд улсын төсвөөс лам нарыг цалинжуулах тохиролцоо хийсэн юм байна. Тэгээд ч энд нэгэн сонирхолтой зүйл бий. Үндсэн хуулиндаа Үнэн алдартны шашин давамгай байр суурь эзэлнэ гэж заасан цорын ганц орон бол Грек. Барууныхан зөвхөн эдийн засгийн шаардлага тавиад зогсохгүй тус улсын улстөрийн амьдралд ч хөндлөнгөөс оролцож байна. Тухайлбал, армийн бие бүрэлдэхүүний тоог хорогдуулах, сүм хийдийг төрөөс тусгаарлах, өөр шашин шүтдэг цагаачдын эрхийг хамгаалах гэх мэтчилэн. Ялангуяа сүм хийдийг нь ихэд ад үзнэ. Тухайлбал, Европын болон Грекийн либералууд ярихдаа “лам нар татвар төлдөггүй, бусдыг сорон мөлжигчид” гэцгээх бөгөөд ингэснээр тэртэй тэргүй гачигдмал амьдралтай байгаа ард иргэдийг сүм хийдийнхэнтэй сөргөлдүүлэхийг оролдоно.
4. Грек цагаачдаас болж хямралд орсон
Энэ шалтгаан харин нэлээд үнэний ортой. Ядрахад яр гэгчээр хямралд нэрмээс болж буй нэгэн хүчин зүйл бол гадны цагаачид бөөнөөрөө Грект орж ирж байгаа явдал. Европын Холбооны нэгдмэл бодлогын хүрээнд Грекийн парламент цагаачдад ээлтэй хэд хэдэн хууль баталмагц Ази, Африкийн цагаачид үүнийг тэр дор нь ашиглан Грект жинхэнэ ёсоор “десант” буулгаж эхэлжээ. Мэдээж хэрэг, цагаачид олширсон гэмт хэрэг гаарч, далд эдийн засаг газар цэцэглэж, авлига хээл хахууль газар авах нь ойлгомжтой. Ямар ч татвар төлдөггүй цагаачид Грекийн жижиг бизнес эрхэлдэг хүмүүсийн бизнесийн орон зайг нь булаан авч, хэдэн зуун сая еврог гэр орон руугаа гуйвуулах болсноор тэртэй тэргүй дэнжигнэж байгаа эдийн засгийг улам ганхуулж байна.
5. Грекчүүд юу ч үйлдвэрлэдэггүй
Грекчүүд бараг юу ч үйлдвэрлэдэггүй, зөвхөн хэрэглэгчид болон хувирсан хэмээн буруутгасан өнгө аяс бүхий мэдээлэл хэвлэлийн хуудсаар дүүрэн. Харамсалтай нь, энэ нь тодорхой хэмжээгээр үнэний ортой гэнэ. Гэхдээ ийм байдалд хүрэхэд нөлөөлсөн шалтгаан бий. Европын Холбоонд элсэхээсээ өмнө грекчүүд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ бусад оронд экспортолдог байсан бол одоо гаднаас худалдан авч байна. Элсэн чихрийн хэд хэдэн үйлдвэр, нэхмэлийн үйлдвэрүүдтэй байсан бол одоо ганц нь ч үгүй. Урьд нь Грек улс усан замын тээврийг маш ихээр хөгжүүлж, 5000 орчим усан онгоц бүхий том флоттой байсан бол өдгөө зөвхөн дурсамж болон үлджээ. Хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбар нь цаашид эрчимтэй хөгжих асар их нөөц бололцоотой орон байсан юм.
Европын Холбоонд элсэн орсноор грекчүүд Европын хөдөлмөрийн хуваарь гэдэгт хамрагдахаас аргагүйд хүрчээ. Аж үйлдвэрийн эрин үе нэгэнт дууссан, одоо та нар үйлчилгээний салбараа түших хэрэгтэй гэсэн зөвлөгөөнд хэт итгэсэн грекчүүд шаардлагатай хүнс, бараагаар өөрсдийгөө хангахаас хойргоших болж, үйлчилгээний салбар давамгайлсан эдийн засгийг бий болгохоор хошуурцгаав. Мэдээж, эхэн үедээ эдийн засгийн өсөлт нэлээд өндөр хувьтай гарсан таарна, эл үзүүлэлтээр Европ тивд Ирланд болон Люксембургийн дараа орж байлаа. ДНБ-д эзлэх үйлчилгээний салбарын хувь хэмжээ 1996 онд 62 хувь байснаа 2009 онд 75 хувь болтлоо өсчээ. Ийм аюултай үзэгдэл болж байна гэдгийг хэн ч анзаарсангүй, анзаарахыг ч хүссэнгүй, учир нь гаднаас асар их хэмжээний зээл авч байсан учраас грекчүүдийн орлого өндөр хэвээр л байжээ.
6. Хувьчлалаас болж хямралд орсон
Грекийг хямралд хүргэсэн шалтгаануудын нэг нь хувьчлал юм. Өөрийнхөө эгнээнд элсүүлэхийн тулд ЕХ-ныхон болзол тавьж ятгасаар байгаад төрийн мэдэлд байдаг стратегийн ач холбогдолтой үйлдвэрүүдийг нь хувьчлуулсан дөнгөсөн аж. 1992 онд Грекийн парламент хувьчлалын тухай хууль баталснаар 700 орчим үйлдвэрийг хувьчлахаар болжээ. 2000 он гэхэд банкуудаас гадна харилцаа холбооны салбар, барилгын материал болон хүнсний үйлдвэрүүдээ бараг бүгдийг нь хувьд шилжүүлсэн байна. Грекийн алдарт Метакса гэдэг коньякны үйлдвэрийг ч гэсэн үлдээлгүйгээр Английн компанид өгчээ. Урьд өмнө нь чамгүй ашигтай байсан далайн тээвэр төрийн мэдлээс гарч, боомтуудаа зарж эхлэв.
7. Грекийн хямрал бол хэрэглээний шинэ эрин үеийн анхны маш том хямрал
Гэхдээ хямрал болсонд грекчүүд өөрсдөө огт буруугүй гэж хэлэх нь өрөөсгөл. Тэд ч өөрсдийн бий болгосон эл байдалд дүгнэлт хийж байна. Грекийн Үнэн алдартны сүмээс ард түмэндээ хандсан уриалгад дурдсанаар “өнөөгийн эдийн засгийн хямрал нь үйлдвэрлэл болон хэрэглээний тэнцвэрт байдал алдагдсанаас үүдэлтэй. Бидний амьдралын түвшин үйлдвэрлэн бүтээж байгаатай харьцуулахад дэндүү өндөр байна. Хэрэглээ маань хийж бүтээснээс давж гарлаа” гэжээ. Хэрэглээ, үйлдвэрлэл хоёрын баланс алдагдсан нь зөвхөн эдийн засгийн төдийгүй ёс суртахууны доройтолд оруулж байгааг дээрх уриалгад дурдсан байна. 2009 он гэхэд Грек улс ямар ч төлбөрийн чадваргүй болсон нь нэгэнт ойлгомжтой болсон байлаа. Гэтэл ЕХ-ны сайхан сэтгэлт ах нар нь өмнөх зээл дээр нь нэмээд 90 тэрбум еврогийн зээл өгч орхиж. Мэдээж хэрэг, грекчүүд сурсан зангаараа зээлийг үрэн таран хийсэн байж таарна. Харин зээл өгсөн хүмүүс хүүг нь аваад явж байгаа.
эх сурвалж: people.com