Тасс мэдээлж байна. 1965.03.18
“Өнөөдөр 1965 оны гуравдугаар сарын 18. Москвагийн цагаар 11.30 цаг. Хүн задгай сансарт анх гарлаа. СССР-ийн “Восход-2” сансрын хөлгийн хоёрдугаар нисэгч, дэд хурандаа Алексей Архипович Леонов тусгай скафандртай хөлгөөс гарч, тав хүртэл метр зайд задгай сансарт ажиллаа. Тэрбээр Москвагийн цагаар 8.35-д задгай сансарт гарч, нийт 12. 9 минут задгай сансарт ажиглалт хийгээд, хөлөгтөө буцаж ирсэн явцыг “Восход-2” сансрын хөлгийн дэлгэцээр дэлхийд шууд дамжуулсан юм. Хөлөгтөө буцаж ирсэн нөхөр Алексей Архипович Леоновын биеийн байдал сайн байна. Хөлгийн дарга, нөхөр Павел Иванович Беляев ч сайн”.
50 жилийн өмнө ийм нэгэн онцгой үйл явдал болсныг ТАСС ийнхүү мэдээлсэн байна. Хүн анх сансарт ниссэний 54, задгай сансарт анх гарсны 50 жилийн ой өнгөрсөн гурав, дөрөвдүгээр сард тохиосон. А.Леоновыг хөлөгтөө буцаж ирэх тушаал өгөх тэр агшинд скафандрт холбосон хүчилтөрөгчийн нөөц нь шавхагдсан байсан талаар тэрбээр дурссан байдаг. Задгай сансарт гарахад агаарын даралтын өөрчлөлтөөс скафандр задрахгүй гэх баталгаа байгаагүй учраас хөлөгтөө буцаж ирэхгүй байх магадлалтай гэдгийг Леонов ч өөрөө мэдэж байсан гэж мэргэжилтнүүд дурссан байдаг. Сансарт нисэх нь баатарлаг үйлс, тэр дундаа задгай сансарт гарах нь илүү хүнд даалгавар гэдгийг огторгуйн баатрууд ярьдаг.
Тэгвэл задгай сансарт хамгийн удаан хугацаагаар ажиллаж, дээд амжилт тогтоосон хүн бол Анатолий Яковлевич Соловьев юм. Задгай сансрын мастер хэмээгддэг сансрын ахмад нисэгчийн ярилцлагыг хүргэе. Тэрбээр сансрын хөлгийн 5 багт багтаж, дэлхийн тойрог замд 651 хоног ажилласан. 16 удаа задгай сансарт гарч, 78.48 цаг ажиллажээ. Үүгээрээ Гиннест бүртгэгдсэн бөгөөд одоогоор энэ амжилтыг эвдээгүй байна.
Ийм хоёр хүний ярилцлагаас товчлон хүргэе.
-Сансарт үнэр байдаг юм уу?
-Тийм ээ, тийм нэг үнэр....Үнэхээр үнэртдэг юм.
-Битүү скафандрт байгаа хүн тэрийг яаж үнэрлэх билээ?
-Задгай сансарт гарах үед хөлгийн хоолойн таг (люк)-ийг онгойлгож, хаана. Тэр мөчид агаарын солилцоо явагдаж байгаа. Тэгээд таг хаагдаад, тэр хэсэгт вакуум орчин үүснэ. Би хөлгийн гадна талд 6-7 цаг болоод эргэн ирэхэд, хоолойн тагны хавхлагыг мөн л онгойлгож, хаана. Би хөлөг рүү нэвтрэх хоолойгоор дамжин дотогш ороод скафандраа тайлах бүртээ сонин үнэр мэдэрдэг. Дэлхийнхээс их өөр гэдэг нь маш тодорхой, “танихгүй” үнэр. Би залуудаа слесарь байсан юм. Тэр үед нэг удаа усны шугамны хоолойд засвар хийгээд, мөлхөж явахдаа төмөр түлэгдэж байгаа мэт үнэр мэдэрсэн. Сансрын орон зайн үнэрийг түүнтэй зүйрлэж болмоор, тэгээд бас халуу дүүгсэн мэт санагддаг, миний хувьд.
-Ер нь яахыг задгай сансарт гарна гээд байна вэ?
-Энэ нь сансарт гүйцэтгэх үүргүүдийн нэг бөгөөд цаашид хэрхэхийг харин мэдэхгүй. Аз таарахгүй ч байж мэднэ гэхэд хатуудахгүй. Би ингэж л тайлбарлана. Хөлгийн гадна талд гараад судалгаа, шинжилгээнээс гадна засвар үйлчилгээний, инженерийн ажил ч хийдэг.
-Өнөө цагт задгай сансарт гарах нь илүү хялбар болсон уу. Таныг анх “тийш” гарч байх үеийнхтэй зүйрлэвэл?
-Энэ асуултаа Хятадын сансрын нисэгчид тавь. Тэрбээр хөлгийн гадна хэрхэн гарч байгааг Та бичлэгээс харсан шүү дээ. “Манай Леоновын үеийнхээс хэцүү байсан уу, ямар юм” гэж асуу. Намайг задгай сансарт анх гарч байх үе болон өдгөө цагийн хооронд юм юм л өөрчлөгдөж, дэвшсэн. Хөлгөөс гарах зарчим нь адил байгаа. Гэхдээ үүнээс цааш зөндөө алхам бий. Ирээдүй хүлээж байна.
-1965 онд хөлгөөсөө гарах эрсдэлтэй алхам хийх болсон шалгаан нь юу байсан юм бэ?
-Олон улсын станцтай холбогдохоос өмнө манай хөлгийн вакуум дэлгэцийн тусгаарлагч (ВДТ) салж, асуудал үүссэн юм. Огторгуйн орон зайд зүй тогтол, дүрэм журмаас гажих юм мундахгүй. Тун энгийн үгээр тайлбарлавал ВДТ-ийг тусгай материалаар хийсэн хэд хэдэн “хөнжлөөр” ороосон байдаг гэх үү дээ. Тугалган цаас, тэгээд дахиад нэг бүрхүүл. Тэгэхээр манай хөлгийн нэг хэсэг нь хамгаалалтын “хөнжилгүй” болсон гэсэн үг. Энэ бол их аюултай. Нэгдүгээрт, хөлөг станцтай холбогдож чадах, эсэх асуудал үүснэ. Хоёрдугаарт, хөлгийн чиглэл өөрчлөгдөн, “живэх” магадлал өндөр. Гуравдугаарт, станцаас салах үед мөн л асуудал үүснэ. Хөлгийг удирдах автомат болон гар удирдлага гээд бидэнд олон янзын хувилбар байдаг. Хэрэв автомат бол асуудалгүй. Гэхдээ тэр салсан хэсэг автоматаар чиглэлээ олоход саад болж магадгүй байсан юм. Ер нь товчоор хэлэхэд жижигхэн гэлтгүй эвдрэл шил шилээ дарсан олон асуудал дагуулдаг. Сүйрэх ч аюул бий. Тийм учраас задгай сансарт гарч нөгөөх “хөнжлийг” засах хэрэг гарсан юм.
-“Татах хүч” кинонд гардаг шиг хөлгийн гадна байсан нисэгч гэнэт огторгуйн орон зайд “живчихлээ” гээд төсөөлье. Хүн яах вэ. Ер нь задгай сансарт ажиллаж байгаа нисэгчид ямар эрсдэл учирч болох вэ?
-Сансрын нисэгчид дэлхийгээс ойролцоогоор 400 гаруй км өндөрт ажилладаг. Тэнд агаарын нягтрал асар бага. Тиймээс ОУСС-ын байрлалыг үе үе тохируулан, өндрийн хэмжээг барьж байдаг юм. Заримдаа бага зэрэг дээшлүүлж, эсвэл доошлуулах зэргээр тогтоосон өндрийн хэмжээнд нь барина гэсэн үг.
Огторгуйн орон зайд дэлхий болон нар мандах нь ямар үзэсгэлэнтэй байдгийг харахыг хүсвэл Америкийн тэр киног үзэж болох юм. Бусад нь бол эрүүл ухаанаас хэтэрсэн, даажигнал. Алхам бүрт хийсвэрлэл таардаг тийм кинонд төгсгөл бий. Би тэр киног ахлах ангийнханд үзүүлээд “Физикийн ямар хуулийг зөрчиж байна вэ” гэж асууна. Дэлхийн татах хүчний хуулиас эхлээд өч төчнөөн хариулт хэлэх учиртай. Гэхдээ хамгийн энгийн татах хүчний хуулийг л мэдэж байгаа хүүхдэд би бусад юуг ч харгалзахгүй, шалгалтгүйгээр шууд онц тавина. Ер нь сансарт ажиллахдаа мөрдөх заавар журам гэж бий. ОУСС-ыг эзэмшдэг орнуудын мэргэжилтнүүд дэлхий дээр боловсруулсан тэр зүйлүүдийг дагаж мөрдөнө гэвэл бодитой бус. Дэндүү хийсвэр ч юм бий. Ширээ, сандлаасаа холдоогүй боловсруулсан дүрэм хэзээд тийм л амьдралгүй байдаг. Нэг удаа би Америкийн багийнхантай хөлгөөс гарч ажилласан юм. Тэд нөгөөх журам дүрэм гээд л, зарим зүйл дээр жаахан санал зөрцгөөсөн. Тэд багахан “хийрхсэн”. Хариуд нь би өөрийнхөө саналыг хэлсэн. Эцсийн дүндээ задгай сансарт гараад миний зөв байсныг тэд ойлгосон л доо.
-Сансрын станцад хамгийн эмзэг газар нь хаана вэ?
-Би “Мир” дээр ажиллаж байсан. Ерөөсөө бүх л техник овроосоо үл хамааран “өчүүхэн эмзэг” зүйл. “Гэдэн” нь хэзээ ч хөдөлж мэднэ. Тэгэхээр сансрын станц бол хэдэн мянган хэсгээс бүрдсэн, барагцаагаар 136 тонн төхөөрөмж. Ажиллах горимтой, үргэлж засвар, арчилгаа шаардана. Дээрээс нь огторгуйн нөхцөл маш хатуу, “харгис”. Цацраг гэж айхтар юм байна. Дараа нь жингүйдэл байна. Эхлээд ийш тийш хөвөөд л тоглож байгаа мэт зугаатай санагдавч энэ бол тун түвэгтэй нөхцөл. Дэлхийн татах хүчинд зохицсон хүний бие махбодид жингүй байдал нь хэвийн биш шүү дээ. Дэлхий дээр байгаа тухайн хүн биеийн жингээ таваар үржүүлэхэд хэд гарах вэ, тэр бол хэвийн үйлчлэл. Гэтэл сансарт юу ч үгүй, тэг гэсэн үг. Бодисын солилцоонд өөрчлөлт орж эхэлнэ. Тэгээд дэлхийдээ эргэж ирээд хэвийн байдалдаа орох гэж нэлээд юм болно.
-Тэр дээр сансарт их шуугиантай гэсэн үү?
-Сансрын станцын дотор талд үнэхээр чимээтэй шүү. Өдөр, шөнө ялгаагүй 60 дцб гэхээр үнэхээр дарамттай. Станцын хөдөлгүүр, сэнс, төхөөрөмжүүд гээд эхэндээ хэцүү санагдавч, сүүлдээ дөжирчихдөг юм. Унтахдаа чихээ бөглөдөг. Тэгэхгүй бол амарч чадахгүй, тэрнээсээ болж бухимдана. Харин хөлгийн гадна, задгай сансарт нам гүм.
-Сансрын нисэгчдээс солиорсон тохиолдол байдаг болов уу?
-Сансрын нисэгчдийг бэлтгэхдээ бие махбодийн эрүүл мэндээс дутахгүй анхаардаг зүйл бол сэтгэцийн эрүүл байдал. Маш олон янзын тусгай бэлтгэл, туршилт, шалгалт авч байж, нисгэж болох, эсэх талаар ярьдаг учраас одоогоор ийм юм гараагүй.
-Сансарт нисэх нь таны хувьд бараг хэвийн зүйл болсон уу?
-Гурав, дөрөв дэх нислэгийн үеэс хэвийн ажил мэт санагдах болсон. Дэлхийгээс гадна хайрлаж, санаа зовох зүйл байдгийг мэдрэх сайхан.
-Ангарагт хүрэх талаар ярьдаг. Үнэхээр боломжтой юм уу?
-Олон янзын хувилбараар ярьж байх шиг. Миний бодлоор техникийн хувьд Ангарагт очих нь асуудал биш. Автомат удирдлагатай төхөөрөмжүүдийг хөөргөж болно. Харин хүний хувьд боломж хэр бол, эргэлзэж байна.
-Сансрын тухай хүн төрөлхтний ойлголт өөрчлөгдсөн. Цаашид ч өөрчлөгдөх нь гарцаагүй. Таны хувьд ойрын ирээдүйн өөрчлөлтийг хэрхэн харж байна вэ.
-Бид сансарт хүрсэн. Задгай сансарт гарч ажиллаж байна. Гэхдээ үүнийгээ сансар эзэмшиж байна гэхэд дэндүү өрөөсгөл, өчүүхэн ололт. Сансар бол хязгааргүй орон зай. Тэгэхээр судалгаанд хязгаар байхгүй.