Америкийн “Curiosity” аппарат Улаан нүдэн гараг дээр ус байсныг нотлох шинэ ул мөр болох эрдэс бодисын судал илрүүлсэн тухай Калифорни муж улсын Пасадина хот дахь НАСА-гийн Тийрэлтэт хөдөлгөөний лаборатори мэдээлжээ. Уг лабораторид Ангарагнаа явагч уг аппаратыг удирдаж байгаа юм.
Одоогийн байдлаар Улаан нүдэн гарагийн Гейла өрхийг судалж байгаа “Curiosity” аппарат нь уг гарагийн уур амьсгал урьд нь ямар байсныг тогтоох, геологийн тогтоцыг тодорхойлох, бичил биетнүүдийн амьдралын хэлбэр байж болох эсэхийг судлах, мөн ус байсныг нотлох нотолгоог цуглуулах зэрэг хэд хэдэн даалгавар гүйцэтгэх ёстой юм.
Ангарагнаа явагчаас хүлээж явсан гэрэл зургуудыг судалсны дүнд НАСА-гийн мэргэжилтнүүд Шарпа уулын бэлд орших Гарден-сити бүсэд хоёр тонн орчим эрдэс бодисын судас байгаа болохыг тогтоожээ. Эдгээр нь цагаан болон бараан хэсгээс бүрдсэн байна. Эхнийх нь гөлтгөнө бол хоёр дахь юу болох нь тодорхойгүй байгаа аж.
Янз бүрийн эрдэс бодис бүхий шингэн зүйл гадаргуун хагарлын дагуу урсаж байсан газруудад ийм судлууд бий болдог байна. Энэ шингэн нь эргэн тойрон дахь уулын чулуулгийн химийн бүтцэд нөлөөлсөн гэдэгт эрдэмтэд итгэлтэй байгаа аж.
Ангараг гарагийн Гейла өрхийг судлах зорилгоор илгээсэн “Curiosity” аппарат 2012 оны наймдугаар сард Улаан нүдэн гарагт хүрсэн билээ.