Долоо дахин сунгаж болдог, сум нэвтэрдэггүй хантааз хийдэг кевлар гэдэг материалаас хамаагүй бат бөх хэвээрээ байдаг нэгэн шинэ төрлийн материалыг Америкийн мэргэжилтнүүд гарган авчээ. Энэ тухай Даллас хотын Техасын их сургуулийн судалгааны төв мэдээлсэн байна.
“1 гр кевлар нь 80 жоуль энергийг тэсвэрлэх чадалтай бол онцгой полимерын нано нэхмэлээс гарган авсан шинэ материал нь 90 жоулийн энергийн ачааллыг даах чадвартай” гэж төсөлд оролцсон эрдэмтэн Мажид Минари ярьжээ.
“Маш бат бөх энэ материалыг батлах хамгаалахын болон иргэний аж үйлдвэрийн салбарт өргөнөөр ашиглах боломжтой. АНУ-д яг ийм материал шаардлагатай байгаа” гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Эрдэмтэд урьд нь бат бөх чанараараа кевлараас давахуйц материал гарган авч байсан боловч кевларыг орлож чадахуйц хэмжээнд хүртэл боловсронгуй болгож чадаагүй юм. Тухайлбал, Таллахасси хот дахь Флорида муж улсын Их сургуулийн инженерийн баг нүүрстөрөгчийн нано хоолойгоор хэт бат бөх аалзны тор бүтээсэн боловч түүнийг нь практикт огт ашиглаагүй аж.
Кевларыг одоогийн байдлаар сум нэвтэрдэггүй хантааз, цана, тоормосны жийрэг, дүүжин гүүрний татлага, дуулга зэрэг янз бүрийн эд зүйлсийг хийхэд ашигладаг. Уг материалыг Америкийн химич Стефани Кволек 1964 онд гарган авчээ.