К.И.Поменранцевыг дурсаж, үзэсгэлэн гаргалаа Оросын нэрт зураач, Монголын орчин цагийн уран зургийн анхны багш Константин Иннокентьевич Померанцевын уран бүтээлийн дурсамж үзэсгэлэнгийн нээлт өнгөрсөн долоо хоногт Театрын музейд боллоо. Монголын дүрслэх урлагийн түүхэнд тод мөртэй энэ хүн 1930-аад оны эхээр Б.Соёлтой, С.А.Бушнев нарын нөхдийн хамт Багшийн сургууль, Улсын төв театр, Ленин клубийг түшиглэн зургийн бүлгэм, дугуйлан хичээллүүлж залуу урчуудад өрнө, дорнын дүрслэх урлагийн боловсрол олгож, тэдний мэдлэг, чадварыг дээшлүүлж байжээ.
Түүнээс залгамжлан Зураг урлалын газрын дэргэдэх гурван жилийн оройн сургууль байгуулагдаж Төв театрын зураач Л.Гаваа, түүний дагалдан Н.Цүлтэм, Л.Махбал, Зам гүүрийн инженер Л.Намхайцэрэн Хөдөө аж ахуйн яамны харьяа Усжуулах газрын мэргэжилтэн Г.Одон, циркийн зураач, Мука хочит Цэнд-Аюуш нар суралцсан байдаг. Энэ үзэсгэлэнд түүний 1930-аад онд зурсан уран зураг, судалбар зураг зэрэг 190 орчим үзмэр багтсан байна.
Константин Иннокентьевич Померанцев 1884 оны гуравдугаар сарын 30-нд Красноярск хотноо сэхээтний гэр бүлд төржээ. Бага сургуулийн сурагч байхад нь гэр бүлийнхэн нь Эрхүүд шилжин ирснээр тэрбээр зураач болох замаа сонгож 1902-1907 онд А.Ф.Лытневагийн удирдлага дор Дүрслэх урлагийн дунд сургуульд сурч дараа нь Москва хотын Ф.И.Рербергийн дүрслэх урлагийн сургуульд элссэн аж.
Түүний уран бүтээлдээ чухал эргэлт хийж, сонирхолтой байдлаар нөлөөлсөн үе нь Монголд ажилласан 13 жилтэй нь холбогддог. Өдгөө ч түүний бүтээл туурвил их хотод маань өнгө нэмсээр буй. Тухайлбал, Сүхбаатарын хөшөөний загвар, Ленин клубийн нүүрэн талын чимэглэлийг энэ хүн гардан хийсэн гэдэг. Мөн Улсын төв театрын тайзнаа тоглосон жүжгийн анхны тайзны чимэглэлийг К.И.Померанцев урласан аж. Түүний уран бүтээлийн үзэсгэлэн Монголд хоёр ч удаа гарч байсан бөгөөд энэ удаагийнх нь тавдугаар сарын 15 хүртэл үзэгчдэд хүрэх юм.
Ж.СЭЛЭНГЭ