Балжиннямын гэхээсээ илүү Сэлэнгийн Баттөр гэж олноо танигдсан соёлын тэргүүний ажилтан, дуучин Б.Баттөр “Сэлэнгийг минь яаж гүйцэх вэ” бие даасан хоёр дахь тоглолтоо нутгийнхаа ард түмэнд энэ сарын 16-нд өргөн барихаар болжээ. Тэрбээр энэ тоглолтоо аавдаа зориулан “Сэлэнгийн долгио” чуулгад хийх бөгөөд “Аавыгаа сэхээн амьдруулах тасагт 10 гаруй хоног сахихдаа эцэг хүн байхын ухааныг илүү ойлголоо. Хэдий аав минь хэвтэрт байгаа ч хүүгийнхээ тоглолтыг телевизээр үзээд нас нэмэх байх” хэмээн ярьжээ.
Түүний тоглолтод Сэлэнгэ аймгийн алдартнууд оролцох гэнэ. Тухайлбал, гавьяат тамирчин Т.Үйтүмэн, ОУХМ Э.Халиунболд, оюуны спортын их мастер А.Энхтуул, Монгол Улсын аварга Г.Эрхэмбаяр зэрэг олны танил эрхмүүд гэнэтийн бэлэг барих юм байна.
Аварга Г.Эрхэмбаяр л гэхэд Б.Баттөр дуучинтай хамтран дуулах бол, Монголын оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатар сонирхолтой үзүүлбэрүүд толилуулж, гавьяат жүжигчин Ө.Уянга, соёлын тэргүүний ажилтан Л.Банзрагч, Э.Оюумаа, Б.Отгонтогтох, Улсын филармонийн дуучин Т.Амина, ЦДБЭЧ-ын дуучин Б.Батбаатар нар ая дуугаа өргөх юм байна. “Ламбугайн нулимс” дуурийн Лодонгийн ариг дуулж, олны талархлыг хүлээсэн Б.Баттөр өдгөө ирээдүйн дуурийн дуучдыг бэлтгэн, СУИС-д багшилж буй.
Ч.ТУЯА