Австралид алтан загасны тархинд үүссэн аюултай хавдрыг авах мэс засал хийжээ. Жорж хэмээх нэртэй загасны эзэн загасандаа нойрсуулах тариатайгаар мэс засал хийлгүүлэхийн тулд 200 австрали доллар төлжээ.
Алтан загасны тархинд үүссэн хорт хавдрыг авах мэс засал хийсэн эмч Тристан Рич Австралийн Мельбурн хотын "3AW" радиостанцад өгсөн ярилцлагандаа загас мэс заслыг даван гарч, одоо аквариумдаа сэлж байгаа хэмээсэн байна. Малын эмч нарын өгүүлснээр тархины хавдартай болсон байсан 10 настай загас бүрэн эдгэрвэл дахин 20 жил амьдрах боломжтой гэнэ.
“Жоржийн тархин дахь хавдар маш том байсан. Удаан хугацаанд өсч томорсон байлаа. Улмаар загасны бие муудахад эзэн нь эмчид хандсан” гэж “Лорт смит” мал эмнэлгийн эмч Рич доктор ярьсан байна.
Хагалгаа 45 минутын турш үргэлжилсэн бөгөөд загасанд яг л хүнтэй адил нойрсуулах тариа хүртэл хийжээ. Ингээд азтай загас эзнийхээ бас эмч нарын ачаар амьдарч чаджээ.