Сахалтай, жирэмсэн эмэгтэй, нарийхан шилбэтэй, цээл хоолойтой өндөр эр тайзан дээр маргалдаж байна. Жирэмсэн эмэгтэйтэй төстэй ч сахал нь эргэлзээ төрүүлсэн энэ бүдүүн этгээд унтаж байсан залуугийн хүзүүнээс үнэтэй зүүлтийг нь түрүүхэн авчихсан юм. Азаар залуу сэрж, хулгайчийг илчилсэн ч, өнөөх этгээд жирэмсэн гэдгээрээ түрий барьж, хэргээ булзааруулахаар санаархаж байгаа бололтой. Үнэндээ энэ сахалтай этгээдийг Траколло гэдэг. Зартай зальжин эр энэ удаа эмэгтэй хүн болж зүс хувилган яваа аж. Түүнд мэхлүүлж, бас үнэт эдлэлээ алдсан “залуу” бол Ливиетта хэмээх бүсгүй. Траколло Ливиеттаг мэхлэхээр элдэв арга сүвэгчилж яваа ч үргэлж баригддаг нь тоогүй. Харин одоо ялаас мултрах гэж хэрэндээ хичээж байгаа ч түүнийг шүүхийн өмнө аваачих нь тодорхой боллоо.
Энэ бол өнгөрсөн баасан, бямба гаригт Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа амилсан Ж.Перголезийн “Ливиетта Траколло хоёр” дуурийн эхний хэсэг юм. Хоёр хэсэгтэй эл хошин дуурийг Монголд анх удаа тоглож байгаа бөгөөд Италийн дуучин, найруулагч, удирдаач, хөгжимчин манай улсад зочилж шинэ бүтээлийг амилуулсан юм.
Монгол Улс, Бүгд найрамдах Итали улстай дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг тэмдэглэх цуврал арга хэмжээний хүрээнд “Ливиетта, Траколло хоёр” дуурийг тоглосон юм. Итали улс дахь Монгол Улсын ЭСЯ, Тоскана мужид суугаа Монголын өргөмжит консул Пиер Бардаци, “Брунелло ба Федерика Кучинелли” сан, БСШУЯ, ДБЭТ хамтран эл хошин дуурийг үзэгчдийн хүртээл болгосон бөгөөд опера буффа хэмээх сонгодог урлагийн нэгэн төрлийг Монголын үзэгчдэд танилцуулснаараа онцгой байв.
Энэ дуурьт тоглохоор Италийн дуурийн дуучин Леонардо Галеци (баритон), Эленора Пиронди (сопрано) болон удирдаач, хөгжмийн найруулагч Фабио Чиофини, найруулагч Паоло Байоко, товшуур хөгжимчин Майорана Стэфано, “Брунелло ба Федерика Кучинелли” сангийн төлөөлөгч Мариа Лаура Колетти нар манай улсад ирсэн юм. Тэдгээр уран бүтээлчтэй ДБЭТ-ын жүжигчид хамтарч, хошин дуурийн харилцан яриатай хэсгийг амилуулсан юм. Цомхон бүрэлдэхүүнтэйгээр 40 гаруйхан минутад тоглодог энэ дуурь хоёр хэсэгтэй.
Энэ дуурийн хөгжимд “Arciliuto” буюу Италийн эртний товшуур чухал үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс Майорана Стэфаног урьж ирүүлсэн юм билээ.
ХАТАН ХААНЫ ТӨРСӨН ӨДРИЙН БЭЛЭГ
Сонгодог урлаг үүсэж, хөгжсөн түүхэнд ихэс дээдсүүд чухал нөлөө үзүүлсэн байдаг. Хаадын ордонд хөгжмийн зохиолчид аж төрж, тэдний захиалгаар дуурь, балетын хөгжим бичсэн байх нь түгээмэл.
“Ливиетта Траколло хоёр” дуурийг Испанийн хатан хаан Элизабеттагийн төрсөн өдрөөр буюу 1734 оны аравдугаар сарын 25-нд Наполи хотын гэгээн Бартоломеогийн театрт анх тогложээ. Тухайн өдөр “Сирийн Адриано” хэмээх инээдмийн жүжигтэй хамт тоглосон байдаг. Угтаа опера буффа хэмээх энэ төрөл анх үүсэхдээ удаан үргэлжилдэг дуурийн дундуур хавсарга байдлаар тоглодог байжээ. Инээдмийн жүжгийг ихэс дээдсийн зугаа биш хэмээх эсэргүүцэлтэй байнга тулгардаг байсан ч цагийн аясаар театрын урлагт өөрийн гэсэн орон зайгаа эзэлжээ.
Хатан хааныг төрсөн өдрөөрөө баяр баясгалантай байхын зэрэгцээ ард түмний дунд дэлгэрээд байгаа залилан мэхлэх гэмт үйлдлийг ойлгож аваасай гэсэндээ зохиолч, хөгжмийн зохиолчид уран бүтээлээ туурвисан байж магадгүй гэсэн таамаг байдаг.
Хошин дууриуд аз жаргалтай төгсдөг жишгээр энэ дуурь ч бас Ливиетта Траколло нарын хайр дурлалаар өндөрлөдөг.
Энэ дуурь хөгжмийн зохиолч Ж.Перголезийн онцлог, оргилуун сэтгэл, хөгжөөн баясгах авьяасыг харуулсан хэмээн хөгжим судлаачид дүгнэсэн байдаг. “Ливиетта Траколло хоёр” хошин дуурийг сонгодог урлаг өндөр хөгжсөн цөөн хэдэн оронд тоглуулсан байдаг бөгөөд манай хойд хөршид л гэхэд анх 2011 онд тайзнаа тавьжээ.
ИТАЛИЙН ХОШИН ДУУРИЙН НЭРТ ТӨЛӨӨЛӨГЧ Ж.ПЕРГОЛЕЗ
Хошин дуурь буюу опера буффа нь XVIII зуунд Италид үүсчээ. Үзэгчдийн сайн мэдэх сонгодог дууриуд хэн нэгний үхэл эсвэл хагацлаар эмгэнэлтэй төгсдөг бол хошин дуурь үргэлж аз жаргалтай, баяр баясгалантайгаар үзэгчдээ үддэг онцлогтой. Италийн хошин дуурийн нэрт төлөөлөгч нь Ж.Перголез юм. Түүний дууриуд ихэвчлэн богино хэмжээтэй, цөөн дүртэй байдаг. 1980-аад онд ДБЭТ-ын тайзнаа түүний “Зарц хатагтай хоёр” дуурийг ардын жүжигчин Д.Жаргалсайханы найруулгаар монголчууд үзэж байжээ. Басс болон сопран хоолойтой хоёр л дуучинд зориулагдсан энэ дуурь ардын жүжигчин Д.Жаргалсайханы авьяас чадлыг сорьсон бүтээл болсон тухай хожим нь дурсан ярьсан байдаг. Тэрбээр 26-хан настайдаа өвчний улмаас хорвоог орхисон хэдий ч хийлийн сонат болон хэд хэдэн концерт бичиж, сонгодог урлагийн түүхэнд шинэчлэл хийгээд буцсан гавьяатай.
...Хошин дуурийн үйл явдал, хөдөлгөөн болон хувцасны шийдэл нь үзэгчдийг баясгах зорилготой бүтээгджээ. Түүнчлэн Италийн дуучин Леонардо Галеци Монголын үзэгчдэд гэнэтийн бэлэг барьж, дуурийн үйл явдлын дунд Ливиеттатай маргалдах үеэрээ өөрийнхөө нэрийг “Шарсан мах” гэж хэлж хөгжөөв...
“ШАРСАН МАХ”
Хошин дуурийн үйл явдал, хөдөлгөөн болон хувцасны шийдэл нь үзэгчдийг баясгах зорилготой бүтээгджээ. Түүнчлэн Италийн дуучин Леонардо Галеци Монголын үзэгчдэд гэнэтийн бэлэг барьж, дуурийн үйл явдлын дунд Ливиеттатай маргалдах үеэрээ өөрийнхөө нэрийг “Шарсан мах” гэж хэлж хөгжөөв. Жирэмсэн эмэгтэйн дүрд хувилсан Траколлогоос нэрийг нь асуухад будилж байгаад санаандаа орсон зүйлийг хэлсэн нь энэ байв. Харин бага зэрэг аялгатайгаар “Шарсан мах” гэж хэлсэн энэ үг үзэгчдийг нирхийтэл инээлгэв. Түүний жүжиглэлт үзэгчдийг хөгжөөж байсан бол Ливиеттад тоглосон Эленора Пирондигийн хоолой дуурийн урлаг шимтэн үзэгчдийн анхаарлыг татав.
Товшуур хөгжимчин Майорана Стэфано
Энэ удаа “Ливиетта Траколло хоёр” дуурийг гаднын уран бүтээлчид ирж амилуулсан боловч, хойшид ДБЭТ-ын урын санд оруулж тоглох боломжтой аж.
Ж.СОЛОНГО