Алдарт продюсер Саймоны санаачилсан “Авьяастнууд” хөтөлбөрийн анхны нэвтрүүлэг “Авьяаслаг америкчууд” 2006 онд анх үзэгчдийн хүртээл болсон байдаг. Өдгөө 60 гаруй хувилбараар дэлхийн өнцөг булан бүрт авьяастнуудыг тодруулж буй уг хөтөлбөрийн “Авьяаслаг азичууд” хувилбар нь энэ оны гуравдугаар сарын 12-нд анхны дугаараа цацжээ.
“Авьяаслаг азичууд”-ын анхны хэсгийн шилдэг есөн оролцогчийг өнгөрсөн сарын 30-нд шалгаруулан дүнгээ гаргаж, нийтэд танилцууллаа. Азийн 20 гаруй орны уран бүтээлчид авьяас чадвараа сорьсон нэвтрүүлэгт эх орноо төлөөлөн оролцож буй “Хөсөгтөн” хамтлагийнхан маань шилдэг есийн нэгээр шалгарч чадсан байна. Шилдгүүдийн тоглолт энэ сарын 7-нд Сингапурын Марин Бэй Сандст болох бөгөөд “AXN Asia” сувгаар шууд дамжуулах юм. Шилдгийн шилдгийг тоглолтын дараа санал асуулга явуулж, энэ сарын 14-нд тодруулна.
О.УНДАРМАА