АНУ-ын Сан-Диего хотноо 76.000 ам.долларын шагналын сантай “Extreme memory tournament” дэлхийн ой тогтоолтын шилдэг 24 тамирчны дундах халз тулаан энэ өдрүүдэд үргэлжилж байна. Манай таван тамирчин энэ тэмцээнд оролцож байгаа бөгөөд их мастер С.Акжол болон олон улсын тэмцээний аварга Т.Энхжин нар дараагийн шатандаа шалгарчээ.
Тэмцээний “Images” төрөлд Т.Энхжин 30 дүрсийг ердөө 14 секундэд цээжлэн алдаагүй нэрлэснээр дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна. Энэ амжилтыг нь 2000 ам.доллараар урамшуулж, түүнийг шагнажээ. Т.Энхжин 17 настай бөгөөд энэ тэмцээний хамгийн залуу оролцогч юм.
Түүнчлэн энэ тэмцээнд оролцох тамирчдад санхүүгийн дэмжлэг үзүүлсэн “Голомт” банк, “Булбул” ХХК, “Skytel” групп, МИАТ ХК-ийн хамт олонд уншигчдынхаа өмнөөс талархал илэрхийлье.
С.СЭРГЭЛЭН