Зун хаа саагүй ургадаг гишүүгэнэ буюу айраг амны цангаа тайлдаг гэж хөгшчүүд ярьдаг. Исгэлэн, шүүслэг амттай энэ ургамлаар жимсний чанамал хийхэд тасархайн дээр эмчилгээний зориулалтаар хэрэглэдэг. Гишүүгэний найрлага дахь полифенол хэмээх бодис хавдрын эсийн амьдрах чадварыг бууруулж, зогсоодог болохыг Британийн эрдэмтэд тогтоосон талаараа өнгөрсөн лхагва гаригт албан ёсоор зарласан байна. Олон наст олслог ургамлын овогт хамаардаг, латин нэршлээр Rhum буюу айраг гурвалжин будааны төрөлд багтдаг нь сонирхолтой. Үндсэн модлог, салбарлан ургадаг гишүүгэнийг зарим газрынхан улаан чинцай хэмээж, эртнээс эмчилгээнд хэрэглэж иржээ. Манай өвөг дээдэс ч энэ ургамлын ач тусыг мэддэг байсан учраас иш хэсгийг нь зажилж цангаагаа тайлахаас гадна амаа зайлдаг байсан нь буйлны үрэвсэлд аатайг нь мэдэрсэн хэрэг. Ази, Европ, Америкт 20 зүйлийн гишүүгэнэ элбэг таарна. Тэр дундаас rheum officinale зүйлийг нь төвдүүд анагаах увидастай хэмээдэг амж. Төвдөд л байдаг гэх энэ зүйлийн иш нь л гэхэд хоёр метр хүртэл өндөр ургаж, навчны өтгөн нь 1.25 өргөн болдог гэнэ. Бараг хөнжил шиг гэсэн үг. Англи эрдэмтэд чухамхүү rheum-ийг судалж, анагаах чадварыг нь шинжлэх ухаанчаар тайлбарласан нь энэ аж. Барууны зарим оронд гишүүгэнийг тариалж, хүнсний ногооны журмаар хэрэглэдэг юм байна. Нөгөөх “шидэт” бууцайнаас дутахгүй ач тустай гэж үздэг аж. Энэхүү ургамлыг эмчилгээний зориулалтаар түүхэд дөрөв хүртэл жил ургасан, иш нь улаан туяатай, цагаан зурвастай залууг нь сонгон, үндсэр нь бус, ишийг нь хөрснөөс хоёр хуруу хэртэй үлдээгээд хурц зүйлээр зүсэж авдаг аж. Яг мөөг түүдэг шиг. Исгэлэн амттай байдаг учир нь хризофан хэмээх хүчиллэг бодистой нь холбоотой. Навчинд нь харшил үүсгэдэг, хортой бодис агуулагддаг учраас хэрэглэдэггүй.