Зөөлөн аядуу, үзэсгэлэнтэй, энхрий ялдам хэрнээ ган төмрөөс дутуугүй “хатуу”, зориг, тэвчээр гаргадаг бүсгүй хүний нууцыг тайлж, сэтгэлийнх нь чинад дахь бүхнийг уудлахыг хүсвэл цаг хугацааны урт аялал хийх хэрэг гарна. Онгичихын аргагүй олон зүйлийг, бартаа саадтай нь давсан тэмцэлтэйгээ зүрхэндээ “нуучихаад” юу ч болоогүй юм шиг инээж, аз жаргал бялхуулан алхах эрч хүч ч тэдэнд бий.
Гадаад, дотоод гоо сайхныг биедээ цогцлоож, хатуу чанга, уян зөөлнийг хослуулж чадсан нэгэн бүсгүйн ярилцлагыг хүргэе. Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, ОХУ-ын Москвагийн театр урлагийн дээд сургуулийг А.Д.Папановын удирдлага дор дүүргэсэн энэ бүсгүйг Б.Болормаа гэдэг. Нэгэн үе театрын тайзнаа гялалзаж, дэлгэцийн урлагт ч дүрээ мөнхөлсөн нэгэн. “Шинэ үсгийн багш” киноны Дунжидмаагийн дүрээр хүмүүс түүнийг илүү таньдаг ч театрын тайзнаа дэлхийн болон үндэсний сонгодог жүжгүүдийн гол дүрд тоглож, хэдийнэ хүндлэгдсэн нэгэн билээ.
Тэрбээр ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Үгүйлэгдсэн хайр” жүжгийн Төгсөөгийн дүрээр үзэгчидтэйгээ уулзахаар бэлтгэж байгаа. АНУ-д есөн жил амьдарч, ирээд, театртаа орсноосоо хойш анхны гол дүрээ авсан нь энэ.
-Б.Лхагвасүрэн гуайн “Үгүйлэгдсэн хайр” жүжгийн Төгсөө бол их сайн ээж, эгч юм шиг ээ. Хадам ээжийнхээ захиасыг биелүүлж, нөхрийнхөө архичин дүүг асарч халамжилдаг. Бас охиноосоо хатуухан үг сонссон ч амьдралынхаа төлөө тэмцэлддэг гэсэн ерөнхий төрх ажиглагдаад байгаа юм. Та ч бас дүрээ задалж, судалж, ажиллаж байгаа юу?
-Нөхөртэйгээ хэрэлдээд л, үглээд л байгаа юм шиг харагдах ч үнэндээ бүхнийг ойлгуулах гээд л өөрийнхөө тухай ярих гээд л яваа бүсгүй.
-Эмэгтэй хүмүүс яг л ийм шүү дээ. Өөрийгөө ойлгуулах гэсэндээ л тэгж шаргуу зан гаргачихдаг.
-Тийм ээ, ийм бүсгүйчүүд байдаг. Гэхдээ энэ бүсгүй зөвхөн өөрийнхөө амьдралаас болж бухимдаагүй л дээ. Нийгэм тэр чигтээ түүнийг бухимдуулаад байгаа юм. Хоёр охин нь гадаадад сурахаар явчихсан, нөхөр нь хямсгар их зантай. Өөрт нь хийгээд байх зүйл үгүй. Хадам ээжийгээ төрсөн ээж шиг санаж, хайрлаж хүндэлдэг байсан учраас архичин болсон Отгоолойг асарч, хамгаалж яваа бүсгүй. Бас гэртээ бачуурч, ганцаардаж, хайр үгүйлсэндээ нөхөртөө “Би хүүхэд өргөж авч, өсгөмөөр байна” гэж хэлдэг. Хүүхдийн хайр гэж байдаг юм байна. Бид тэр бүр анзаардаггүй ч жаахан хүүхэдтэй айлаас инээд цалгиж, дуу, хуур, хөгжөөн наргиантай байдаг шүү дээ.
-Монголд эргэж ирээд гурван жил болчихлоо. Өдий хүртэл ямар ямар дүрд тоглосон бэ?
-“Кихот ноён” жүжгийн Герцегийн гэргийд тоглосон. Энэ л албан ёсоор авсан дүр болж байна. Бусад нь нөхөлтөөр тоглосон дүр.
-Тайзан дээр гарахгүй удаан байхаар төсөөрдөг үү?
-Анх удаа тайзан дээр гарч байгаа юм шиг л сандардаг юм билээ. Ирэнгүүтээ “Оролмаа” жүжгийн олны хэсэгт өөрөө хувцас олж өмсөөд, жирэмсэн эмэгтэй болоод гарчихсан. Найруулагч намайг ор гэж хэлээгүй байхад л тайзаа санасан сэтгэлээрээ давхиад орсон. Сэтгэлтэй байна, болж байна гэж найруулагч урамшуулсан. Дараа нь “Гамлет” жүжгийн олны хэсэгт тоглосноос гадна Гертрудад шалгуулсан. Манай охид Оффилияд тоглохын тулд шалгаруулалтад орсон шүү дээ. Тэгэхэд нь би Отгонцэцэгт тусалж, Гертруда болж байгаад дараа нь тусгайлан бэлдэж, өөрөө шалгуулсан.
-Та шүлэг бичдэг. Бас АНУ-д байхдаа “Би хэн бэ” жүжгийн зохиол бичиж, хэд хэдэн хотод амжилттай тоглосон гэсэн. Зохиол бичдэгийн хувьд одоо таныг ямар дүр илүү сайн тодруулна гэж боддог вэ?
-Ээжийн дүр. Хүмүүсийн сэтгэлд хүрсэн сайхан эхийн дүр бүтээхийг хүсэж байна.
-Одоо түүхэн зохиол бичиж байгаа гэж ярьж байсан. Хэдий үеийн түүхийг тусгаж байгаа вэ?
-Одоогоос 2000-аад жилийн өмнөх түүх өгүүлсэн роман бичиж байгаа. Монголын их нүүдэл Америкт очиж байгаа тухай энэ зохиолд гардаг юм.
-Танд тайзаа орхиод АНУ явах амаргүй байсан уу?
-Ар гэрийн шаардлагаар л явсан. Анх хүүдээ хоёр сар хань болоод ирнэ л гэж бодсон. Миний хүү 16 настайдаа АНУ-ын коллежид орсон юм. Монголын ерөнхий боловсролын сургалт их сайн юм билээ. Эндээс солилцоогоор АНУ-д очоод төвшин тогтоолгоод 12 дугаар ангид шууд орсон. Тэгээд л нөхөр маань “Хүүхэд ганцаараа хүний газарт хэцүү, чи очиж хань бол” гэхээр нь удахгүй эргээд ирнэ гэж явсан ч сүүлдээ бүр “харладаг” юм байна. “Харлаад” амьдрахын тулд янз бүрийн ажил хийдэг юм байна. Нас ахиад ирэхийн цагт хүний нутагт хэцүү санагдаж, үргэлж л эх орон, ээж, аавыгаа үгүйлж байлаа. Надад эргэн тойронд дүүрэн хаалга, дээр тэнгэр харагдаж байгаа хэрнээ тэр хаалганууд бариулгүй байсан юм шиг санагддаг. Онгоц хараад л хэзээ нэгэн цагт ингээд нутаг буцна даа гэж бодогдоно.
-Ийм эмзэглэл байсан учраас “Би хэн бэ” жүжиг бий болж дээ.
-Анх энэ жүжгийн зохиолыг “Х ТҮЦ”-д жүжигчин Болдбаатар гэж залуу бичсэн юм. Жүжгээ Алтанбаганад уншуулаад таалагдсангүй, тэгээд над дээр бариад ирсэн. Надад ч бас таалагдаагүй. Тэгээд “Би хэн бэ” гэдэг нэрийг нь аваад шинээр зохиол бичье гэж түүнд хэлсэн. Ингээд Алтанбагана энэ жүжгийн найруулж, тэнд нэг зураач залуутай танилцаж, тайзаа хийлгээд жүжгээ тоглосон. Эмгэнэлт инээдмийн жүжиг л дээ. Үзэгчид уйлж, инээгээд л үзсэн.
-Гадаадад байгаа монголчууд нэгэндээ хэр тусалдаг вэ. Хүн чанар сайтай юу?
-Сайн яваа, ажил нь өөдрөг байгаа олон хүн бий. Гэхдээ монголчууд маань эв нэгдэл муутай юм шиг санагдсан. Гэтэл энэтхэг, солонгос, вьетнамчуудын аль сайн яваа нь бусдыгаа авч ажиллуулаад эвтэй явж байгаа юм. Тэдэнтэй харьцуулахад монголчууд амиа хичээсэн зантай юм уу даа. Хэн нэг нь бичиг баримттай болчихоод яаж бүтээснээ хэлэхгүй нуугаад л байдаг юм билээ. Хүний нутагт байхдаа монголчуудынхаа зан чанарыг зах зухаас нь мэдэрсэн.
-Гэхдээ явсан зорилго бүтэж, хоёр хүүхдээ боловсролтой болгочихоод эргээд ирлээ. Энэ ч бас амжилт шүү.
-Тийм ээ. Охин минь шүдний эмнэлэгт ажилладаг. Хүү маань бас сургуулиа амжилттай дүүргээд ажиллаж байна. Найз бүсгүйтэй болсон. Би тэднээсээ ач, зээ гуйгаад л байгаа.
-Анх нөхөртэйгээ хамт явсан уу, Та?
-Тэгсэн. Тэнд очоод бид хоёр тийшээ болсон.
-Одоо та ганцаараа амьдардаг уу?
-Тийм ээ. Найз бүсгүйтэйгээ хамт байр хөлсөлдөг юм. Ирсний дараах хоёр жилд ганцаараа байр түрээслээд, авчирсан хэдэн төгрөгөө дууссан. Одоо ах дүү, найз нөхдийнхөө хажууд амьдарч, хамгийн гол нь дуртай ажлаа хийж байна. Театрын урлагийн халуун цэг дээр бужигнаж яваа болохоор сайхан байна. Чаддаг, мэддэг юмаа хийгээд явахад сэтгэлийн гуниггүй, баяр жаргалтай явах юм. Америкт үйлчлэгч хийгээд, ширээ арчаад зогсож байхдаа “Ингэж ч явах гэж дээ. Би үзэгчдээр алга ташуулж тайзан дээр зогсдог байсан шүү дээ” гэж бодоод сэтгэлдээ гутаж байгаа юм. Гэхдээ хүнийг гаднаас нь хараад хэн ч мэдэхгүй шүү дээ.
Америкаас ирэхдээ театртаа л ажиллана гэсэн зорилготой байсан хэрнээ “Намайг авах болов уу” гэсэн айдас сэтгэлд нь хургасаар байсан гэсэн. Москвад сургууль төгссөн Папановын шавь гэдгээр нь түүнийг онцолж, найруулагч болон Уран сайхны зөвлөл хэлэлцээд ажилд авахаар шийдвэрлэсэн юм билээ.
Театрын жүжигчдийг бодлогоор бэлтгэж байсан үед Монголын 15 оюутан нэг студи болон суралцаж, Папановоор багшлуулах хувь тохиосон гэдэг. Тэдний дундаас тодорсон одод нь гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, Г.Урнаа нар. “Ну погоди” хүүхэлдэйн киноны чонын дүрд дуу оруулж байсан багшийгаа шавь нар нь “Багш аа та чоно шигээ дуугар даа” гэхэд хүүхдүүдийн хүсэлтийг дор нь биелүүлж, үзүүлдэг байсан гэнэ. Бас онол ярихаас илүүтэй ингэвэл ямар вэ гээд өөрөө жүжиглээд үзүүлчихдэг байсан болохоор багшийнх нь тухай дурсамж түүнд дэндүү тод үлджээ. Мөнгө муутай хоёр оюутнаа жимс авахаар дугаарлаж зогсоог хараад авсан гадилнаасаа нэг багцыг таслан өгч байсан нь түүний хүндэлдэг багшийн нэгэн төрх. Дайны хүнд хэцүү жилүүдийг туулсан болохоор шавь нараа арвич, хямгач , тусч сэтгэлтэй болоход нь нөлөөлөх олон сургамжийг тэрбээр хэлж байжээ. Б.Болормаагийн хувьд ч багшаасаа сурсан, мэдсэн зүйл олон. Хэзээ төгсөх нь үл мэдэгдэх амьдралын их сургуульд амжилттай сурахын тулд багшаасаа ч бас үлгэрлэж л яваа.
-Жүжигчин болно гэж шийдээд, сургуульд сурахаар хөөрцөглөн явсан охиноос одоогийн Болормаа хүртлэх зам хэр их бартаатай байв?
-Аравдугаар анги төгсөөд л аав, ээжийнхээ далавчин дороос гарч, алсыг зорьж байлаа. Намайг оюутан болоод, явсны дараа ээж минь бурхан болсон. Ээжтэйгээ уулзаж чадаагүйдээ үргэлж харамсдаг юм. Тухайн үед хүүхдүүдийн гэрээс их юм ирнэ ээ. Манайхаас бол бараг байхгүй дээ. Байрныхаа хэдэн охинтой нийлээд шил цуглуулж тушаана. Бас жаахан тэтгэлгийн мөнгөө арай л гэж хүргэж амьдарна. Хамгийн хямд хүнс бол 10 копейкийн төмс, элбэг олддог нь жижиг талх, сүү. Тэгээд л малтийсан тарган хэдэн охин сууж байна. Орой бүр төмс шарж иддэг болохоор арга ч үгүй биз. Ээжийг нас барсны дараа миний толгой руу нэг юм хүчтэй дэлсээд авах шиг л болсон. Одоо би хариуцлагатай байж, аав, дүү хоёроо асарч, авч явах ёстой юм байна гэж бодсон. Тэр цагаас хойш нөхөр, хүүхдүүдтэй боллоо. Уйлах, дуулах юм зөндөө л болсон. Хүнд хэцүү болгоныг давах хүчийг миний ажил надад өгдөг. Ажил минь намайг ирээдүй рүү хөтөлж, баяр жаргалыг тэнцүүлж, өнөөдөр байгаа сайн сайханд хүргэж, ухаарал хайрласан.
-Таны тоглож байгаа жүжиг “Үгүйлэгдсэн хайр” нэртэй. Танд одоо хайр хэр зэрэг үгүйлэгдэж байна вэ?
-Хайр үгүйлэгдэнэ ээ. Бидний насанд хүмүүс өнгөрснөө эргэн харж, ухаарал олдог юм уу даа. Аав, ээжийн минь загнаж, үглэж байсан нь ч бас хайр байжээ гэдгийг ойлгодог юм байна. Миний хүүхдүүд хол байгаа ч гэсэн намайг хайраар дутаагаагүй ээ. Зохиолчийн дэвшүүлсэн санаа, энэ жүжгийн агуулга хэзээ ч хуучрашгүй. Одоо манай нийгэмд хайр үнэхээр их үгүйлэгдэж байгаа. Ар гэр, албан ажил гэж яаран тэмүүлж байх үед хайртай эцэг эх тань алс холын аяндаа биеэ зэхэж байгаа ч юм бил үү. Үзэгдсэн төдийгөө гавьяа байгуулсан мэт бодож, бэлдсэн хоолыг нь идчихээд гарч гүйхээ урьтал болгож байгаа өөрсдийгөө нэг анзаараарай.
-Таны аав одоо хэдэн настай вэ?
-Миний аав залуухан, 70 настай. Би саяхан төрсөн өдрөөрөө аавыгаа театрынхаа тайзан дээр хаан сэнтийд суулгаж байгаад адис авсан. Бас ээж, эмээ, өвөө, өвөг дээдэстээ зориулж 100 лаа, театрын алтан үеийнхэн болон одоо байгаа гайхамшгууддаа зориулж 100 лаа, аавдаа болон гэр бүлийнхэнд нь зориулж 100 лаа асаасан. Хүмүүс амьд хүнд зул барилаа гэж л байсан. Гэхдээ хүнд таалагдах, эсэх нь хамаагүй би өөрийн зөв гэж бодсоныг л хийх дуртай. Аавтайгаа байсан хугацаа минь надад чамлалттай санагддаг юм. Ээж минь намайг төрүүлээд 10 гаруйхан хоногтой байхад Батсүмбэрт аавындаа аваачиж, би тэнд дөрөвдүгээр анги хүртлээ байсан. Түүнээс хойш их сургуульд явах хүртлэх зургаан жил л аав, ээжтэйгээ байсан юм байна. Тийм болохоор би одоо аавтайгаа дандаа хамт байхыг хүсдэг. Үнсээд л баймаар санагддаг. Болдог бол бүүвэйлэхсэн. Аав минь их сайхан ханьтай. Тэд маань нэг хүүтэй. Би нэг эрэгтэй, нэг эмэгтэй дүүтэй хүн.
-Тэгвэл та аав, ээжтэйгээ хамт байснаас илүү цаг хугацааг ханьтайгаа туулсан юм байна. Хамгийн их хайрлаж явсан хүнээ өөрөөсөө явуулах амаргүй байх даа.
-Явуулахгүй гээд яах билээ. Тэр бол миний агуу, анхны хайр байсан. Миний хүүхэд нас, залуу үе гээд юм бүхэнд тэр хүн хамт байлаа. Явснааас нь хойш эхэндээ би гомдож байсан. Өнгөрсөн 20 жилийн турш би энэ хүнийг алган дээрээ бөмбөрүүлсэн шүү дээ. Харин одоо бол миний хоёр хүүхдийн эцэг эрүүл энх, сайн сайхан яваасай гэж боддог болсон. Хүний сэтгэлийн эмзэг сэдвийг нийтэд дэлгэх нь тийм ч таатай биш санагдсан болохоор бид ярилцлагаа энд хүргээд өндөрлөв. Хүний газарт ханьгүй болчихоод ажилд нухлагдаад сууж байхад аавынх нь бие муудаж сандаргасан гэсэн. Дансандаа 250 доллартай, бичиг баримтгүй хүн яах ч билээ. Хоёр хүүхдээ тэврээд л уйлж суусан гэсэн. Зовлон түүнд хатуужил нэмж, ухаарал хайрласан. Бодож тунгааснаа харин тэр шүлэг болгон бичиж, хүүхдүүддээ үлдээдэг. Анх хоёр хүүхэд нь ээжийгээ нутаг буцаах санаачилга гаргахад зөв харж инээж, буруу харж уйлаад “Одоо би энэ хоёрт ч гэсэн хэрэггүй болж” гэж гоморхсон гэнэ. Харин одоо бол ээжийгээ хайрлаад, ухаантай шийдвэр гаргасан хоёр үрдээ талархаж байгаа гэсэн.