Дэлхийн II дайны үед амиа алдсан 60 гаруй сая хүний дурсгалд зориулсан нэгэн тоглолт энэ сарын 2-нд болох нь. СТӨ-нд үнэ төлбөргүй тоглох “Эх дэлхийн дуулал” концертод ардын жүжигчин, “Хунгийн” А.Долгор хөрш орнуудынхоо алдартай хоёр эмэгтэй дуучинтай хамтрах юм билээ. Урилгатай зочид танхимд тухлах бол тэнд багтаагүй үзэгчид СТӨ-ний гадна байрлуулах том дэлгэцээр шууд үзэх боломжтой гэсэн. ОХУ-аас Вика Цыганова, Хятадаас Ли Лингю гэсэн уран бүтээлч уригдсан байна. Энэ тухай А.Долгороос тодрууллаа.
-Тоглолтын зорилгоос үүдэн “Эх дэлхийн дуулал” концертод дан цэрэг, эх орны тухай бүтээл багтах болов уу гэж бодлоо.
-Хөршийн хоёр бүсгүй маань улсдаа их алдартай уянгын дуучид. Ли Лингю бас жүжигчин /”Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл-“д тоглож, гараагаа авчээ/ гэсэн. Оросын дуучин Вика Цыгановагийн хөтөлбөрт ялалтын тухай, цэрэг эх орны агуулгатай дуунууд багтсан. Харин миний болоод хятад уран бүтээлчийн хувьд эх орон, ээжийн тухай зэрэг сэвдийн дуунуудаас хүргэнэ. Тус бүрдээ 5-6 дуу дуулна. Мөн хамтраад монгол хэлээр нэг нэг дуу дуулахаар төлөвлөсөн. “Эх дэлхийн дуулал” нэртэй тоглолт учраас гавьяат жүжигчин, дуучин Б.Сарантуяа урилгаар “Эх дэлхий миний ээж”-ээ үзэгчдэд хүргэхээс гадна Улсын филармони, “Баян Монгол” чуулгынхан бүрэлдэхүүнээрээ оролцоно. Тоглолтыг гурван удирдаач дохино. Тайзны заслыг “Гэсү” компанийнхан хийж, найруулагчаар Ч.Гансүх ажилласан.
-Дэлхийн II дайны ялалт бол хүн төрөлхтний ялалт гэдэг утгаар нь хоёр хөршийнхөө уран бүтээлчидтэй тоглохоор төлөвлөсөн юм уу?
-Д.Арвин гишүүний байгуулсан Монголын их хатдын хүндэтгэлийн өргөө цогцолбор хэмээх ТББ-аас агуу их ялалтын 70 жилийн ойн баярт зориулж тоглолт хийх санал надад тавьсан юм. Энэ тоглолт ашгийн бус гэдгээрээ онцлог. Зөвлөлтийн арми гамшигт дайныг гэтэлж, ялахад Монгол Улс маш их тусалж байсныг түүх гэрчилнэ. Тэгэхээр “Эх дэлхийн дуулал” тэрхүү ялалтад алга ташсан нэг арга хэмжээ байх юм.