Польшийн кино өдрүүд Улаанбаатар хотноо тав дахь жилдээ болж байна. 2015 онд Монгол, Польшийн хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохиож байгаагаараа энэ удаагийн кино өдөрлөг онцлогтой гэдгийг зохион байгуулагчид хэлж буй. БНПУ-ын Элчин сайдын яам, Польшийн Соёлын төв хамтран зохион байгуулж буй дээрх кино өдрүүд нийслэлийн Улаанбаатар чуулгын байранд уржигдар тус улсын нэрт найруулагч Анджей Вайдагийн “Валенса-Найдвар тээсэн хүн” бүтээлээр нээлтээ хийсэн юм. Харин өчигдөр тус чуулгын үзвэрийн танхимд хэдхэн сарын өмнө “Оскар” хүртсэн “Ида” морилон саатлаа. Энэ жилийн “Оскар”-аас гадаад хэл дээрх шилдэг кино гэсэн төрлөөр шагнал хүртсэн “Ида” бол дэлхийн хоёрдугаар дайны үед еврейчүүдийг олноор нь хөнөөхөд польшууд хэрхэн оролцсон тухай өгүүлдэг. Павел Павловскийн уг бүтээл Оросын алдарт найруулагч Андрей Звягинцев тэргүүтэй Гүрж, Аргентин, Истони зэрэг улсын уран бүтээлчтэй өрсөлдөн шилдгээр шалгарсан билээ.
Дашрамд сонирхуулахад, Уран зургийн галерейд өчигдөр Польшийн Вроцлав хотын Дүрслэх урлагийн академийн багш, оюутнуудын уран зургийн үзэсгэлэн нээгдлээ.