Дэлхийн II дайны үед хорих лагериас амьд үлдсэн энэ еврей эмэгтэй өдгөө Германд нэлээд нэртэй бөгөөд энд, тэнд урилгаар очиж лекц уншдаг байна. “Бяцхан ханхүү” балетыг үзсэнийхээ дараа тэрбээр жижигхэн ханхүүтэй заавал биечилж уулзана гэсээр Халиунааг зорин ирж, хамт зургаа татуулжээ
Изабелл-Халиунаа гэдэг 13 настай охины тухай сүүлийн үед Германы хэвлэлүүдээр цөөнгүй гарах болжээ. Учир нь тэрбээр Францын нэрт зохиолч Антуан де Сент-Экзюперийн “Бяцхан ханхүү” зохиолоос сэдэвлэн, Германы балетмейстр Грегор Зейфертийн тайзнаа амилуулсан ижил нэртэй бүжгэн жүжгийн гол дүрийг бүтээжээ. Саяхан Берлинд нээлтээ хийж, гурван ч удаа тоглосон уг балетыг өдгөө Лейпцигт таван өдөр тоглож байгаа аж.
Берлин хотын Балетын элит сургуулийн есдүгээр ангид сурдаг Халиунаа энэхүү бүжгэн жүжгийн гол дүр болох ханхүүд бүжиж байгаа тул түүний тухай германчууд ийнхүү сонирхон бичиж буй аж. Тухайлбал, Германы BZ сонинд “Бяцхан ханхүү бол үнэндээ жижигхэн гүнж” нэртэй нийтлэл гарсан бөгөөд түүнд “Анхныхаа гол дүрд тоглож буй энэ охин одоо 13 настай, нэг метр 52 см өндөртэй, 36 кг жинтэй. Охин бүтэн нэг цаг 45 минутын турш тайзнаа амьдарч, бүжгийн хэлээр Францын алдарт зохиолчийн “Бяцхан ханхүү”-г амилуулж байгаа юм” хэмээжээ.
Түүнчлэн тэндхийн сурвалжлагч Грегор Сейфертээс чухам яагаад Изабелл-Халиунааг энэ дүрд сонгосныг нь асуухад “Охид өдий насан дээрээ хөвгүүдээс хамаагүй илүү байдаг юм. Тэгээд ч би өөрийгөө 13 настай байхдаа Изабеллын хэмжээнд бүжиглэж чаддаггүй байсныг мэднэ. Энэ охин үнэхээр авьяастай. Хөгжмийг мэдэрч, ямар ч хөдөлгөөнийг уран гоё хийж чаддаг нь надад маш их таалагдсан. Түүнд жүжигчин хүнд байх ёстой бүхий л чанар бий. Ялангуяа тэр маш их хөдөлмөрч. Хэдэн цагаар ч хамаагүй бэлтгэлээ хийдэг” гэж хариулсан байна.
Охиноо уран гулгалтын тамирчин болгохыг хүсдэг ээж Д.Отгонсүрэн нь Халиунааг зургаан настай байхад гэрийнхээ ойролцоох дугуйланд явуулж байжээ. Харин одоо тэрбээр охиноо маш сайн балетчин болгож, ирээдүйд Монголынхоо нэрийг дэлхийд гаргахын тулд бүхнээ зориулж яваа. “Охины маань дасгалжуулагч Изаг сайн уран гулгагч болгохын тулд балетаар хичээллүүлэх хэрэгтэй” гэж зөвлөсний дагуу тавдугаар ангиас балетын сургуульд оруулсан нь тун зөв байжээ.
Түүнд авьяас байсан учраас герман хүүхдүүдийг дорхноо гүйцээд, багш нартаа үнэлэгдлээ. Изаг жаахан байхад аав нь түүнд “Бяцхан ханхүү”-г бэлэглэж, тэдний хооронд энэхүү номын тухай яриа өрнөдөг байсан юм. Гэтэл хожим нь тэр ханхүүгийн дүрд өөрөө тоглох учиртай байж” хэмээн Халиунаагийн ээж Д.Отгонсүрэн ярьжээ. “Бяцхан ханхүү” зохиол анх хэвлэгдсэнээсээ хойш дэлхийн 100 гаруй орны бяцхан уншигчдын хүртээл болсны дотор монгол хэлээр ч орчуулагдаж байжээ.
Л.ГАНЧИМЭГ