Энэ сарын эхээр Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга Уран сайхны зөвлөлийн бүтэцдээ өөрчлөлт оруулж, урлагийн гавьяат зүтгэлтэн А.Цэдэн-Ишийг уран сайхны удирдагч, дэд захирал, найруулагч Н.Болдыг ерөнхий найруулагчийн албанд томилсон билээ. “Оройн дээд” дуулалт жүжиг тоглосноос хойш гарсан энэ шийдвэрийг олон нийт ташаа ойлгосноос гадна, зориуд уран бүтээлийн чанар болон утга агуулгатай хамааралтайгаар уран бүтээлчдээ солилоо гэсэн мессеж тараах гэж хэсэг хүн хичээж байгаад тус чуулгын ерөнхий удирдаач Н.Буянбаатар бухимдалтай явна. Түүнтэй уулзаж ярилцсанаа хүргэе.
Нам даган “салбаганаж”, мэргэжлийн урлагийн байгууллагын дотоод асуудалд хошуу дүрж байгаа уран бүтээлч “нөхөд” нь ҮДБЭЧ-д 30 дахь жилдээ ажиллаж, найман даргын багт хамтран ажиллаж яваа түүний дургүйцлийг хүргэжээ.
-Уран сайхны зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орж, ерөнхий найруулагч Д.Ганболд та хоёрыг ажлаа өгсөн тухай яриа гарсан байна. Тэгэхдээ энэ нь “Оройн дээд” дуулалт жүжигтэй холбоотой гэх юм. Юу болов оо?
-Манай уран бүтээлчид жил бүр хавар амралтаа авдаг. Дөрөвдүгээр сарын 1-нд амарч эхэлсэн ч уран бүтээлийн шаардлагаар 22-нд ажилдаа орцгоолоо. Гуравдугаар сард бид “Оройн дээд” дуулалт жүжгээ үзэгчдийн хүртээл болголоо. Жил бүр хоёр шинэ уран бүтээл туурвиж, зуны турш 100 хоног тасралтгүй тоглолт хийж, гадаадад эх орноо сурталчилж, зочид төлөөлөгчдөд тоглолтоо хүргэж манайх шиг ачаалалтай ажилладаг байгууллага хаана ч байхгүй.
Өнгөрсөн жил орчин цагийн найрал хөгжмийн 90 жилийн ой тохиосон бол энэ жил манай чуулгын 65 жилийн ой болж байна. Тиймээс бид амрах завгүй, ачаалалтай, шахуу төлөвлөгөөтэй байгаа. Улсын төсөвт энэ жил 380 сая төгрөгийн орлого төвлөрүүлэх ёстой. Манайх шиг ийм их орлого олдог мэргэжлийн урлагийн байгууллага байхгүй. Бид 200 гаруй уран бүтээлч, ажилтныхаа цалингаас бусад зардлаа өөрсдөө бүрдүүлдэг.
Бидний энэ их хөдөлмөрийг анзаарч хардаггүй, ажилд нэмэр болдоггүй хэрнээ байгууллагын дотоод асуудалд ямар олон хүн оролцдог юм бэ. Д.Ганболд бид хоёр баг болон ажиллаж “Оройн дээд” жүжгийг тавилаа. Тэгэхдээ арванхоёрдугаар сарын 29-нд тоглох ёстой байсан уран бүтээлийг гуравдугаар сар хүртэл хойшлуулж, хугацаа алдсан учраас манай Уран сайхны зөвлөл хуралдаж хариуцлага тооцсон л хэрэг. Би ерөнхий удирдаач, уран сайхны удирдагч гэсэн давхар ажилтай байснаа болиод одоо ерөнхий удирдаачаа хийж байна. Д.Ганболд маань ерөнхий найруулагч, зураач байснаа болиод ерөнхий зураачаараа ажиллаж байна. Бидний давхар хийж байсан ажилд мэргэжлийн хүмүүсийг томиллоо. Уран сайхны удирдагч болсон урлагийн гавьяат зүтгэлтэн, урлаг судлаач А.Цэдэн-Иш манай чуулгын даргаар хоёр удаа ажиллаж байсан. Саяхныг хүртэл чуулгадаа урын сангийн эрхлэгч хийж байлаа. Н.Болд найруулагчийг хүн бүр мэднэ. Манай дэд захирал.
Байгууллага дотооддоо уран бүтээлчдэдээ хариуцлага тооцоод, сэлгээ хийж, мөн тэр ажилд мэргэжлийн хүмүүсийг томилсон байхад яамнаас ирж уулзаад, энд тэндгүй яриа гаргах ямар хэрэг байна вэ.
-“Оройн дээд” жүжигт 1911 оны Үндэсний хувьсгалын түүхэн үйл явдлыг өгүүлсэн. Энэ нь баяр наадам, хувьсгалыг хүртэл өмчлөх гээд байгаа энэ олон намын гишүүдэд таагүй санагдсан юм болов уу. Зарим нь та бүхнийг Ардчилсан намын захиалгаар дуулалт жүжиг хийсэн ч гэж ярьж байна. Урлагт улс төр хутгалдах ямар шаардлага байна вэ?
-Нийгэм тэр чигтээ хэтэрхий намчирхдаг, нэг нам сонгуульд ялбал бүх албан тушаалтныг өөрчилдөг утгагүй тогтолцоотой болжээ. Улстөрчид баяр наадам, хувьсгалыг хүртэл өмчилж байгаа нь утгагүй хэрэг. Иймэрхүү яриаг нам дагаж “сагсаганаж” яваа хэсэг хүн гаргаж байгаа юм. Тэдэнд энэ чуулгын дарга эсвэл ерөнхий найруулагч, удирдаач болох л сонирхол байдаг байх. Угтаа бол уран бүтээлд хэзээ ч ийм балагтай сүүдэр тусах ёсгүй. Театр, чуулгын урын санд түүхэн үйл явдлыг тусгасан жүжиг байг л дээ. Өнгөрсөн зуунд ардын хувьсгалын тухай уран бүтээлдээ хангалттай тусгаж байсан учраас бүдгэрсэн түүхийг тодруулсан “Оройн дээд” дуулалт жүжгийг улстөржүүлэх ямар хэрэгтэй юм бэ. Хугацааг нь хожимдуулж хүлээлгэж өгсөн боловч энэ уран бүтээл сайн болсон. Манайх дотоод болон гадаад хяналтаар шалгаад үзэгчдэд хүргэдэг. ҮДБЭЧ-ын бүх уран бүтээлийг үзэгчид талархан хүлээн авч, сэтгэл өндөр буцдаг.
-Урлаг үзэл суртлын сүүдэр туссан он жилүүдийг социализмын үетэй холбож ярьдаг байлаа. Гэтэл одоо хүртэл ийм хүсэл сонирхолтой хүмүүс байгаа хэрэг үү?
-Байгаа. 1990 оноос хойш соёлын салбар хоёр л удаа Соёлын яамтай байсан. Байгуулаад л буулгадаг. Энэ хооронд хэчнээн сайд, газрын дарга солигдов доо. Тиймдээ ч ажил нь урагшилдаггүй. Яам, тамгын газрын дарга, сайд солигдох тоолонгоор бидэнд нэмэр болсон зүйл нэг ч үгүй. Бид ажлаа хийдгээрээ л хийж байгаа. Хүчээр хуруугаа дүрэх гэсэн санаархал их мэдрэгдэх юм.
-Танай чуулгын шинэ даргыг ч бас намын томилгоогоор ирсэн хүн гэж “шивнэлдэх” юм билээ.
-Улс төрийн томилгоо ордоггүй салбар байгаа гэж хэлж чадахгүй. Хуулиараа сонгон шалгаруулалт явуулж томилох ёстой ч тэгдэггүй. Манай чуулгын даргаар өмнө нь ажиллаж байсан А.Цэдэн-Иш бол сонгон шалгаруулалтаар томилогдсон анхны дарга. А.Цэдэн-Иш дарга тэтгэвэртээ гарч, дараагийн даргыг харъяа яамнаас үүрэг орлон гүйцэтгэгчээр томилж, дараа нь сонгон шалгаруулалт хийсэн. Г.Цоггэрэл дарга сонгон шалгаруулалтад тэнцээд томилогдсон. Нийслэлд байгаа мэргэжлийн урлагийн таван байгууллага дундаас ДБЭТ манайх хоёрын даргыг солих, шинэчлэх оролдлого байнга хийдэг. Бидний хувьд энэ олон дарга солигдох таатай байдаггүй. Уран бүтээлээ хэвийн хиймээр байна шүү дээ. 30 жил энэ чуулгад ажиллахдаа найман даргатай хамт ажилласан байна. Тэр дундаас сүүлийн хоёр дарга нь сонгон шалгаруулалтаар томилогджээ.
-Танай чуулгынхны ажлын ачаалал их ч ажиллаж байгаа нөхцөл хүнд. Хэчнээн жил тусдаа театртай болох тухай ярьж байна вэ. Бүтэлтэй зүйл байхгүй. Газар байхгүй л гэдэг. Одоо ч тэр хэвээрээ юү?
-Мэргэжлийн урлагийн таван байгууллага байгаагийн гурав нь нэг байшинд, нэг нь СТӨ- ний буланд, нөгөө нь зориулалтын байртай гэх ч хуучирчихсан. Ийм л байдалтай байна. Гэтэл хойд хөршид юу болж байгааг хар даа. Их театрыг 700 сая ам доллараар засварлаж, Марийнский театрын дэргэд шинэ өргөтгөл барьсан байна. Урд хөршид олимпийн үеэр алдарт Сувдан театр ашиглалтад орлоо. Манай чуулгынхан сүүлийн жилүүдэд Солонгосын үндэсний театртай хамтран ажиллаж байна. Азийн бар болсон улсууд эдийн засгаа хөгжүүлэхээр хичээж байхдаа соёл урлагаа орхигдуулсан байдаг. Энэ алдаагаа залруулахаар солонгосчууд сүүлийн 20 жил соёлын довтолгоо хийлээ. Үр дүнг нь бид орой бүр цэнхэр дэлгэцээр бэлхнээ харж байна. Театрынх нь барилга, зохион байгуулалт, техник хэрэгсэл орчин үеийн шийдэлтэй бодлого нь боловсорсон байна.
Гэтэл манай чуулгад барилга барина гэж хэчнээн жил төсөвт мөнгө суулгаад бүтээгүй. Учир нь газар байхгүй. Хүн хувьдаа байшин барихдаа ч эхлээд газраа олчихоод дараа нь зургаа гаргаад мөнгөө зарцуулдаг даа. Тэгтэл бидэнд мөнгө суулгасан гэж хэлчихээд газар өгдөггүй байсан нь худлаа тоглоом хийж байсан үйлдэл байх. Үндэсний урлагийн мэргэжлийн байгууллагад газар олдохгүй байгаа хэрнээ гаднын шашнын байгууллагад газар олдоод байх юм. Гайхалтай.
Сая татан буугдсан яам байхдаа манай чуулгын шинэ барилгыг барих газар шийдэж өгсөн. Тэр нь Тасганы овооны шатахуун түгээгүүрийн урд талын хэвгий газар. Үндэсний урлагийн театрын барилга нь онцгой шийдэлтэй, орчин нь төлөвлөлттэй, гаднаа машины зогсоолтой байх ёстой. Ерөнхий сайд асан Д.Алтанхуягийг манай тоглолтыг үзэхээр ирэхэд бид энэ тухай хэлсэн. Сонсонгуутаа л “Яаж тэнд танай театрыг барьж болох юм бэ. Ямар ч зохицол байхгүй шүү дээ” гэж байгаа юм. Тэнд зочид буудал, ресторан барих гээгүй шүү дээ. Бүхэл бүтэн улсын үндэсний урлагийг сурталчилах театр барих гэж байгаа. Ийм л байдалтай хандаж байна даа.
-ҮДБЭЧ-ын уран бүтээлчид сардаа 500 мянган төгрөг ч хүрэхгүй цалин авч байгаа хэрнээ энэ талаараа гомдоллодоггүй. Харин ажлаа хийж, үзэгчдэдээ үйлчлэх боломж олгооч, байртай болгож өгөөч л гэж байгаа. Ийм санал хэлээд олон жил болж буй ч үр дүн гарахгүй байгаа нь ямар шалтгаантай юм бол?
-Ёстой мэдэхгүй. Мөнгөтэй, эрх мэдэлтэй бизнесийн хүрээллийнхэн байсхийгээд л барилга барьж байна. Газар олдоод байна. Гэтэл төр нь газраа мэдэхгүй нийслэлээс шийднэ гэдэг. Харин нийслэл нь бидэнд тийм газар өгч байгаа юм. Уг нь театрын барилга барих газар зөндөө бий шүү дээ. Сэтгэл алга.
Муулаад байдаг социализмынх нь үед энэ бүх театр, чуулгыг байртай болгосон байна. Түүнээс хойш шинээр юу хийв ээ. Мэргэжлийн том театртай болбол гадаадын шилдэг уран бүтээлчид ч манайд ирж тоглож чадна. Хонконгийн театрт манайх шиг мэргэжлийн олон уран бүтээлч байдаггүй хэрнээ тоглолтын хуваарь нь хэдийнэ дүүрчихсэн байдаг. Энэ нь гадаадын тоглолт авч байгаатай холбоотой.
Саяхан манайд ОХУ-ын уран бүтээлчид ирж тоглолоо. Тэд биднээс техникийн зүйл олныг шаардсан. Даанч бидэнд байхгүй. Манайх техникээ боломжоороо шинэчлээд л байгаа ч хоцрогдчихжээ. Тэгэхээр орчин үеийн тоног төхөөрөмжтэй театртай болох зайлшгүй хэрэгцээ байна. Байргүй байгаагаас болоод бид тоглолтоо урьдчилан төлөвлөж чаддаггүй, уран бүтээлчид нь хэзээ амрахаа мэддэггүй. Уг нь тусдаа байртай бол хөтөлбөрөө жилээр нь төлөвлөчихөөд тогтмол тоглолттой баймаар байна. Уран бүтээлчид ч гэсэн жирийн иргэн, аав, ээжийн хувиар хүүхдүүддээ амралтын өдрөө зориулах эрхтэй болмоор байна шүү дээ.
Ж.СОЛОНГО