Тавдугаар сарын 1-нээс Төмөр замын дуу бүжгийн чуулгын тайзнаа тоглох “Алим” хөтөлбөр хүүхэд багачуудад циркийн урлагийн үндсэн таван төрлийг танилцуулахын зэрэгцээ эх дэлхийгээ аварч хамгаалах, хамтдаа нэгэн зорилгын төлөө тэмцэж, амжилтад хүрч болдгийг харуулах юм. “Бяцхан Моцарт” ТББ-ын санаачлагаар хүүхдийн урлагийн болон экологийн мэдлэгийг дээшлүүлэх зорилготой энэ хөтөлбөрийг ХБК-ийн Циркийн тэнхмийн эрхлэгч, найруулагч Ю.Гэрэлбаатар найруулж байгаа юм. Ингээд уншигчдадаа циркийн урлагийн үндсэн таван төрлийг танилцуулъя.
Акробат нь өлмий дээр явагч, дээш авирагч гэсэн утгатай грек үг юм. Циркийн энэ төрөл хүний биеийг өв тэгш хөгжүүлэхэд чухал үүрэгтэй. Дотроо 32 дэд төрлүүдтэй, үүнд үсрэлттэй, банзтай, хөлөөр наадагч, батуттай үсрэлт, морьтой, агаарын г.м. Акробат нь маш эртний түүхтэй бөгөөд сийлбэр, уран зурагт тэмдэглэгдэн үлдсэн байдаг.
Гимнастик гэдэг нь дасгал хийх гэсэн грек үгнээс гаралтай. Циркийн гимнастик нь зориулалтын хэрэгсэл, арга техник ашиглан хүний биеийн гоо сайхныг уран сайхны аргаар харуулахад оршино. Энэхүү төрөл нь хэрэгслэл, арга техникээсээ хамааран 20 гаруй дэд төрлүүдтэй.
Жонглёр нь овсгоотой хөдөлгөөнтэй, бусдыг баясгагч гэсэн утгатай франц үг. Циркийн үндсэн төрлүүдийн нэг. Жонглёрдох гэдэг нь тодорхой ритмээр циркийн тусгай хэрэгслэлүүдийг дээш шидэн эргүүлж барьж авахыг хэлнэ. Зургаан дэд төрөлтэй: ганцаарчилсан, хамтлагийн, морьтой, антипод, дээстэй, г.м.
Тэнцвэр буюу Эквилибр гэдэг нь тэнцвэрт байдал гэсэн утгатай латин үгнээс гаралтай. Энэ нь тогтоворгүй гадаргуу дээр, төрөл бүрийн хэрэгслээр тоглолт хийж тэнцвэрт байдлаа хадгалах чадварыг хэлнэ. Бидний мэддэгээр нугаралт бол тэнцвэрийн нэг төрөл бөгөөд Дорнын улсад ихээхэн түгсэн.
Чанга утас буюу Канат нь тэнцвэрийн нэг төрөл буюу хэрэгсэл. Чанга утас дээр акробат, жонглёр, гимнастикийн элементүүдийг хийж тоглолт хийдэг.
ТОГЛОЛТЫН ТАЛААРХ ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ 88054552, 86061133