Эх орны дайны ялалтын түүхт ойд зориулсан арга хэмжээ ар араасаа хөвөрч буй билээ. Тэгвэл ОХУ-ын Эрхүү хотод суугаа консулын газар, Улаанбаатар хотын музей болон гэрэл зургийн “Гамма” агентлагтай хамтран “Ялалтад монголчууд юугаар туслав” үзэсгэлэн гаргах аж.
Тавдугаар сарын 5-10-нд Эрхүү хотын “Диас” арт галлерейд болох үзэсгэлэнд Засгийн газраас зохион байгуулсан “Бүгдийг фронтод, бүхнийг ялалтын төлөө” үзэсгэлэнгийн үзмэрүүд болон “Зовох цагт нөхрийн чанар танигдана” баримтад киног Эрхүү хотынхонд үзүүлнэ.
Үзэсгэлэнгийн нээлтэд 73 жилийн өмнө фронтод бэлэг хүргэж өгсөн төлөөлөгчдийн нэг болох С.Цэгмэд гуай оролцох гэнэ. Түүнчлэн ялалтын баяраар Эрхүү хотноо болох баярын парадад тус хотод суралцаж буй монгол оюутнууд жагсахаар бэлтгэлээ базааж байна.