Үлэг гүрвэл байсныг батлах чулуужсан яснаас өөр барих барьцгүй үлдсэн хүн төрөлхтөн олдворуудыг “унших” том даалгавартай. Хэдэн сая жилийн тэртээх үлэмж биетнүүдийн ясыг нь хараад эрэгчин, эмэгчингээр нь ялгах амаргүй байдаг аж. Тэгвэл энэ тал дээр эрдэмтэд нэг алхам урагшилжээ. Юрийн галавын үеийн стегозаврын хүйсийг мэргэжилтнүүдийн тусламжгүйгээр хялбархан ялгах боломж нээгджээ.
“Plos one” сэтгүүлд нийтэлснээс үзвэл 150 сая жилийн өмнө амьдарч байсан эл үлэг гүрвэл дөрвөн хөлтэй, өвсөн тэжээлтэн бөгөөд сүүлнийхээ үзүүрт хоёр сэртэнтэй аж. Эмэгчин стегозаврын сэрвээ эрэгчингийнхээсээ арай том, дугуй хэлбэртэй, тод өнгөтэй байж. Сонирхуулахад, “хуягт гүрвэл” гэх утгатай стегозаврын ясыг анх 1877 онд Отниел Чарльз Марш Колорадогийн Моррисон хотын хойд хэсгээс олсон аж.
Одоогоор хуягт гүрвэлийн гурван төрөл, 80 гаруй зүйл байсныг тогтоогоод байгаа бөгөөд хамгийн сүүлд 2006 онд Португалаас стегозаврын нэг зүйлийн үлэг гүрвэлийн яс олсон нь тэд одоогийн Хойд Америк төдийгүй Европын зарим бүсэд ч нутаглаж байсныг батлах чухал баримт болсон юм. Бие гүйцсэн хуягт гүрвэл дөрвөн метр өндөр, есөн метр урт, жин нь 5000 кг хүрдэг байжээ.
У.ХҮСЛЭН