Хөдөлгүүр, эд анги, загвар хийц гээд автомашины технологи зогсолтгүйгээр хувьсан өөрчлөгдөж буй. Өөрчлөлтийн эл шуурганд өртсөн бас нэгэн зүйл бол автомашины будаг. Будаг нь халцарч, онгож гандсан, эсвэл кузов нь эвдэрч гэмтсэн үед л хийлгэдэг байсан бол өнөө цагт урлаг болтол хөгжсөн байна. Харамсалтай нь автомашин нь нэг насны хэрэглээ биш тул өөрийн хүссэнээр өөрчлөх хүсэл дараагийн эзэмшигчийн сонирхолтой зөрчилдөх эрсдэлээр хязгаарлагддаг байв. Эл хүслээс улбаатайгаар автомашин будах арга хэдийнэ резин будаг, хуулга хэмээх шинэ технологид халаагаа өгчээ.
Шинэ технологи гэхээр сонсохоос цаашгүй хэмээн эндүүрэв. Хорьхон жилийн түүхтэй хуулгаар бүрэх үйлчилгээ Монголд нэвтрээд хэдийнэ дөрвөн жил болж байгаа бол резин будгаар будах үйлчилгээг энэ сарын 18-наас хийж эхэллээ. Нас залуу ч хэрэглэгчдийн дунд хэдийнэ эрэлт үүсгээд буй автомашины өнгө өөрчлөх үйлчилгээнүүдээс аль нь танд тохирох бол? Эл асуултын хариуг эрж буй хэрэглэгчдэд тус болохоор www.montrealracing.com цахим хуудас хэрэглэгчдийнхээ дунд санал асуулга явуулжээ.
Монголд хромон хуулга наалгасан анхны машин
ХУУЛГА
Автомашин үйлдвэрлэгчид бүтээгдэхүүндээ цөөнгүй жилийн баталгаа өгдөг ч будаг нь хөдөлгүүртэй ижил урт настай байдаггүй. Зөвхөн автын осол ч биш, шороон шуурга, урд яваа машины дугуйнаас үсэрсэн чулуу, модны мөчир, тэр ч байтугай буруу угаалга цэвэрлэгээ ч машины үндсэн будгийг сэвтээж гэмтээдэг. Автомашинд зориулсан хуулга нь машины будгийг дээрх хүчин зүйлээс үүдэлтэй сэв зурааснаас хамгаалдгаараа будагнаас давуу талтай. Эдэлгээний хувьд үйлдвэрлэсэн технологи, чанараас шалтгаалж, 5-12 жилийн настай.
Будагтай харьцуулахад өнгө загварын олон төрлийн сонголттойгоос гадна хүссэн зургаа хэвлүүлэн нааж болдог тул эл технологийг тээврийн хэрэгсэл дээрх сурталчилгаанд өргөнөөр ашигладаг. Хэрэв та машинаа будуулаад удаагүй байгаа бол хуулга наалгахаас зайлсхийх нь зүйтэй. Машины будаг гүйцэд хаттал багагүй хугацаа шаардлагатай байдаг бөгөөд бүрэн бэхжээгүй үед нь нэмж хуулга наавал будаг, хуулганы аль аль нь ховхрох эрсдэлтэй байдаг аж. Үнийн хувьд резин будагнаас өндөр.
Резин будгаар будсан машин
РЕЗИН БУДАГ
Резин будаг таван жилийн өмнөөс л хэрэглээнд нэвтэрч эхэлсэн байдаг. Энгийн будаг шиг шүршиж хэрэглэх боловч, хүссэн үедээ буцаагаад хуулж авч болдгоороо хэрэглэгчдийн талархлыг хүлээгээд буй. Хуулгатай харьцуулахад жижиг хэсгүүдийг ч будаж, өнгийг хүссэнээрээ өөрчилж болдог нь хамгийн том давуу тал. Ихэнх резин будаг нь матт буюу бүрсгэр байгалийн өнгөний сонголттой байдаг. Хэрэглээнд нэвтрээд удаагүй байгаа тул бодит хэрэглээнд тулгуурлан насжилтыг тооцсон судалгаа хараахан гаргаагүй байгаа бөгөөд эрдэмтэд дунджаар 3-5 жил хэмээн тогтоож буй.
АЛЬ НЬ ВЭ
Одоо ч гэсэн сонголтоо хийж чадаагүй л байна уу? Тэгвэл мэргэжилтнүүд будгаар хийх боломжгүй өвөрмөц загварыг сонгохоор шийдсэн бол, эсвэл эдэлгээ сайтай, гялалзсан өнгө сонгохыг хүсэж байвал хуулга наалгах нь зүйтэй. Харин олон жилийн турш унасан машиныхаа өнгийг бага зардлаар эрсдэлгүй өөрчлөх хүсэлтэй бол резин будгийг сонгоорой гэж зөвлөж байна.
О.УНДАРМАА