Өндөр гэгээн Занабазарын урласан Цагаан, Ногоон дарь эх, Язгуурын таван бурхан тэргүүтэй бүтээлүүдээс ур хийцээр шагшигдсан хамгийн гайхамшигтай нь Ногоон дахь эх хэмээн эрдэмтэн судлаачид санал нэгддэг. Тиймдээ ч анхдугаар Богд Жавзандамба хутагтын 380 жилийн ойд зориулсан “Богд хааны ногоо дара эх шүтээнүүд” өчигдөр Богд хааны ордонд музейд нээлтээ хийлээ. Ирэх сарын 12 хүртэл үргэлжлэх үзэсгэлэнд тус музейн сан хөмрөг дэх 70 гаруй ногоон дарь эхийн цутгамал болон зураг тавьжээ. Богд хааны ордон музей үзэсгэлэнд дэлгэсэн үзмэрүүдээ 5-10 жилийн хугацаанд дахин танхимд гаргаддаггүй тул ойрын арван жилд үзэгчдийн хүртээл болоогүй ховор бүтээлүүдийг үзэгчдэд танилцуулж байгаа юм.
Энэтхэг дэг жаягаар гэрэл сүүдрийн аргыг ашиглан өнгө уусган зурсан зураг, алтны үйрмэгээр чимэглэсэн хөрөг гээд үзэсгэлэнд дэлгэсэн ногоон дарь эхийн олон хөргүүдээс бурхан зурах дэг сургуулийн олон хувилбар, онцлогийг харьцуулан харах боломжтой аж. Үзэсгэлэнгийн онцлох үзмэр нь Өндөр гэгээний урласан цутгамал Ногоон дарь эх хэмээн Богд хааны ордон музейн эрдэм шинжилгээний ажилтан Ц.Гүнчин-Иш тайлбарласан. Уг цутгамал нь цаг хугацааны хувьд хамгийн эрхтнийх төдийгүй олон орны судлаачдын бахаддаг хосгүй үнэт өв юм. Ногоон дарь эх бурхан нь эх хүний намбалаг төрх, тайван амгалан байдлыг илэрхийлдэг бөгөөд хамаг амьтдын үйлсийг тэтгэж, хүслийг гүйцэлдүүлэгч бурхан аж.