Изабелл-Халиунаа гэдэг бяцхан охины нэр сүүлийн үед Германы хэвлэл мэдээллийн хэрэгслээр олонтаа гарах болжээ. Францын алдарт зохиолч Антуан де Сент-Экзюперийн “Бяцхан ханхүү” зохиолоор Германы авьяаслаг балетмейструудын нэг Грегор Зейфертийн тайзнаа амилуулсан балетын гол дүрийг Халиунаа бүтээж буй учраас тэр. Өөрөөр хэлбэл, тэр уг балетын гол дүр болох бяцхан ханхүүд бүжиж байгаа юм. Берлин хотын Балетын элит сургуулийн есдүгээр ангид сурдаг Халиунаа 13-хан насандаа анхныхаа том дүрийг ийнхүү сонгодог урлагийн тайзнаа амжилттай бүтээсэн нь чамгүй дуулиан тариад буй юм.
Германы нийслэлийн томоохон сонины нэг BZ-д “Бяцхан ханхүү бол үнэндээ жижигхэн гүнж” нэртэй нийтлэл саяхан гарсан бөгөөд тэнд “...Анхныхаа гол дүрд тоглох гэж байгаа энэ охин нэг метр 52 см өндөртэй, биеийн жин нь 36 кг. Охин бүтэн нэг цаг 45 минутын турш тайзнаа амьдарч, бүжгийн хэлээр Францын алдарт зохиолч Антуан де Сент-Экзюперийн “Бяцхан ханхүү”-г амилуулж буй юм” хэмээн бичжээ.