Бүх амьтан сэрж, ургамал ногоо өнгө засдаг хаврын улирлыг нялх, танхил бүхэнтэй зүйрлэмээр санагддаг. Өвөлжин цасанд дарагдаж, хагдарч гандсан хээр талд үл мэдэг ногоон өнгө нэмэгдэн, нэмэгдсээр зуныг урин дуудна. Бас халуун нар, хүйтэн салхи, цас, бороог зэрэгцүүлдэг дөрвөн улирлын толь нь хавар. Таашгүй нууцтай, таньж барамгүй энэ улиралд мэндэлсэн танхилхан нэгэн “сарнай”-д баярын мэнд хүргэхээр утас цохилоо. Түүнийг тайзан дээрээс 16 настай япон охин Чио Чио сан, хайр дурлалынхаа төлөө цогтой тэмцдэг Хоролмаагийн дүрээр олонтаа харж байсан.
Бас Аида, Тоска, Мими, Микаела, Розалиндад хувирдаг гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг эхний удаад дуудлагыг маань авсангүй. Харин удсан ч үгүй “Хичээлтэй байна” хэмээн хариу өгөв. Дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид бямба, ням гариг бүрт тоглолттой байдаг учраас даваа, мягмар гаригт амардаг. Харин ойрын үед театрт итали хэлний сургалт явуулж эхэлсэн учраас дуучид амралтын өдрөөрөө сурдаг болжээ. Өнөөдөр ДБЭТ-т “Учиртай гурван толгой” дуурь тоглох учраас Мөнгөө маань төрсөн өдрөөрөө бас л завгүй байх нь. Завгүй энэ амьдралаа тэрбээр хөгжилтэйгээр тайлбарлаж, “Төрсөн өдрөөрөө хороо найруулна даа” хэмээн хошигносон.
Өнөө орой тэрбээр Хоролмаад дуулна. Харин дараа нь гоцлол дууны ангийнхантайгаа баярлах болов уу. “Хорвоод хүн болж төрөх ховорхон хувь заяаны эзэн болоод, аав, ээжийнхээ ачлал энэрлийг хүртэж өдий зэрэгтэй яваадаа үнэхээр их баярладаг. Бас намайг өдий зэрэгтэй болгож мэдлэг боловсрол олгосон багш, сурган хүмүүжүүлэгч нартаа, элэг бүтэн энх тунх амьдрал бэлэглэсэн хань болон үр хүүхдэдээ би хязгааргүй их хайртай. Тэднийхээ хайрыг дааж, амьдралынхаа үнэ цэнийг ухамсартайгаар хүртэхийн тулд хичээж л явна. Нас нэмэгдэж туршлага хуримтлагдаж байгаа хэдий ч амьдрах хугацаа нэг хоногоор цөөрч байгаа гэдэг хөнгөн гунигтай ч юм уу.
Гэхдээ би өөрийгөө 20 насан дээрээ “гацаачихсан” байгаа. Нас бол тоо юм. Харин хэдэн настайгаараа амьдрах нь өөрийн тань л сонголт шүү дээ” гэж С.Мөнгөнцэцэг гавьяат ярилаа. Бага байхдаа аав, ээжээрээ дуртай хоолоо хийлгэж идээд бас тэр бүр олдоод байдаггүй ховор “виз” авч, кино үзэх эрхтэй болдог байсан болохоор төрсөн өдрийн баяраа хэзээд жаргалтай өнгөрүүлдэг байжээ. Төрсөн өдрөө мартагдашгүй өнгөрүүлэхийн тулд өөр өөр орчин сонгож, төрөл бүрээр тэмдэглэж үзсэн түүний хувьд нөхөртэйгөө анх тэмдэглэсэн төрсөн өдөр хамгийн дурсгалтай нь. Болгарт сурч байхдаа төрсөн өдрөөрөө Софийн дуурийн театрт “Трубадур” дуурь үзжээ.
Ирээдүйн амьдралаа хараахан төлөвлөж амжаагүй залуусын хувьд нэгнээ таньж, бас мэргэжлийнхээ онцлогийг нөхөртөө ойлгуулах ховор боломж энэ байсан гэлтэй. Энэ өдрөөс хойш түүний хань дуурийн урлагт дурлаж, эхнэрээ хэзээ “Трубадур” дуурьт дуулах вэ гэж шалах болсон гэсэн. 15 жилийн турш асууж, сурсан энэ дуурийнх нь Леонарогийн дүрд С.Мөнгөнцэцэг гавьяат ирэх сарын 30-нд анх удаа дуулах гэж байгаа. Мөнхийн 20 настай “Эрвээхэй хатагтай”, ханийнхаа мөрөөдлийг гүйцээсэн хонгорхон Леонарод төрсөн өдрийн баярын мэнд хүргэе.
Ж.СОЛОНГО